sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденыг ноцтой хэрэгт буруутгаж байгаа учраас тус улсын эрх баригчид түүнийг эх оронд нь буцаан ирүүлэх хүсэлтэй байна гэж Төрийн Департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф мэдэгджээ. “Сноуден эх орондоо буцан ирж шүүхийн өмнө очвоос бид талархах болно” гэж Харф хэлээд АНУ-д “түүнийг маш ноцтой гэмт хэрэгт буруутгаж байгаа болохыг” сануулсан байна. Гэхдээ түүнийг шударгаар шүүх болно гэдгийг тэрбээр батлан хэлжээ.
 
Шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгсөн тохиолдолд Эдвард Сноуден АНУ-д буцан очиход бэлэн байна гэж түүний өмгөөлөгч Анатолий Кучерена урьд нь мэдэгдсэн билээ. “Хэрэв түүнийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгвөл Эдвард Сноуден АНУ руу буцахад бэлэн байна” гэж Кучерена ярьжээ.
 
Сноуденыг эх орондоо буцан ирвэл түүнд цаазаар авах ял оноохгүй гэдэг баталгаа өгсөн захидлыг АНУ-ын Ерөнхий прокуророос авсан гэдгээ өмгөөлөгч нэмж хэлсэн байна. “Сноуденыг цаазаар авахгүй гэж байгаа болохоос биш түүнийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгөөгүй” гэж өмгөөлөгч хэллээ.
 
Эдвард Сноуденд улсын нууц мэдээллийг задруулсан хэргээр АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын агентлагийн цахим мөрдөлтийн хөтөлбөрийн талаарх баримт бичгийг хэвлэлүүд өгснийхөө дараа 2013 оны зургадугаар сард АНУ-аас Хонконг руу зугтан гарсан юм. Хонконгоос тэрбээр ОХУ-ын нийслэл Москва хотод иржээ. Москвагаас тэрбээр Эквадорыг зорихоор төлөвлөж байжээ. Гэвч АНУ-ын эрх баригчид түүнийг бичиг баримтыг хүчингүй болгосны дараа тэрбээр Оросын нутаг дэвсгэрт үлдсэн юм. Сноуден Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд нэг сар гаруй хугацааг өнгөрүүлжээ.
 
ОХУ-ын эрх баригчид түүнд нэг жилийн хугацаатай түр орогнох эрх олгосон бөгөөд энэ хугацаа 2014 оны наймдугаар сарын 1-нд дууссаны дараа Сноуден Орост гурван жил оршин суух эрх авсан билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: