sonin.mn
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Хөгжим бүжгийн коллежийн багш, төгөлдөр хуурч Б.Солонготой ярилцлаа. Энэ эрхмийг уншигчид УДБЭТ-ын концертмейстр гэдгээр нь андахгүй билээ.
 
-Хөгжим бүжгийн дунд сургуулийн босгоор анх алхаж, хөгжимчин гэх эрхэм алдрыг зүүх эхлэлийг тавьсан тэр өдрийн дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?
 
-Би Хөгжим бүжгийн дунд сургуульд 1973 онд элсэн суралцсан. Аавтайгаа хөтлөлцөөд энэ сургуулийн босгоор анх орж ирсэн. Аав минь намайг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Банди гуайн эхнэр М.Н.Григорьевад шавь оруулж билээ. Хөгжим бүжгийн дунд сургуульд 12 жил суралцахдаа цаг мөч бүрт хөгжмөө давтдаг байлаа. Хөгжимчинд хүүхэд нас байдаггүйтэй адил надад найз гэж бараг үгүй. Бусдын адил тоглож, наадаж явсан бага насны дурсамж цөөн шүү. Хэсэгхэн хором сатаарахад “Хичээлээ давт" гэх үг толгойд буудаг байв.
 
-“Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Бодлын цагаан хун”, “Есөн эрдэнийн орон” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон дууны аяыг бичсэн хөгжмийн зохиолч Д.Баттөмөр таны аав Урлагийн хүн болоход аавын тань нөлөө их байв уу? 
 
-Айлын ууган хүүхэд учраас аав минь намайг урлагийн хүн болгоно гэж ярьдаг байв. Намайг хөгжимчин болоход аав минь их нөлөөлсөн. Хөгжмийн зохиолч хүний хүүхэд учраас хөгжимтэй эрт танилцаж “Би хөгжимчин болно" гэсэн зорилгыг хүүхэд байхдаа тавьсан. Энэ мэргэжилдээ тууштай байхыг аав минь надад мэдрүүлсэн.
 
-Та Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг төгссөн бил үү?
 
-Тухайн үед хүн бүр гадаадад сурах сонирхолтой байсан. Би онц сурдаг байсан учраас надад гадаадын хуваарь өгөхөөр шийдсэн байсан. Хэдийгээр сургуулиас надад тэр хуваарийг өгөхөөр шийдсэн ч би Свердловскийн хөгжмийн дээд сургуульд шалгалт өгч тэнцсэн. Хөгжмийн соёл дэлгэрсэн Орос улсад суралцах миний мөрөөдөл байсан. Сургуулиа төгсч ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт хуваарилагдаж одоог хүртэл ажиллаж байна.
 
-Орост сургууль төгссөн шинэхэн концертмейстр байхдаа тухайн үеийн театрын дуучдад зэмлүүлж, тэднээс их эмээдэг байв уу?
 
-Сэтгэлдээ биширч харахыг хүссэн уран бүтээлчидтэй дуурийн театрт хамтран ажиллах болсон. Тэдгээр уран бүтээлчтэй өдөр бүр хамтран ажиллана гэхээр “Би сайн тоглож чадах болов уу” гэж айж, сүрдэж байв. Одоо ч гэсэн уралдаан тэмцээний тайзан дээр догдлол, айдастай гардаг. Харин зэмлүүлж, загнуулж байгаагүй шүү. Намайг “Сургуулиа төгссөн шинэ хүүхэд. Энэ дуурийн ноотыг давтаад ирээрэй" гэж эрхлүүлэхгүй. Төгөлдөр хуурын дэргэд зогсоод шууд дуулна. Би их сургуульд ганцаарчлан тоглож төгссөн учраас Дуурийн театрт ирээд богино хугацаанд мэргэшихийн тулд их хичээсэн. Алтан үеийн дуучдаас их зүйл сурсан. Одоо ч суралцаж байна. Ер нь хөгжимчин хүн цаг үөэсээ хоцролгүй, үргэлж суралцдаг.
 
-Дуурийн концертмейстр байна гэдэг амаргүй биз. Танд одоо ч тоглохоос эмээдэг хөгжмийн зохиолч бий юү?
 
-Дуурийн концертмейстр байна гэдэг хэцүү. Өөрийн болон бусад дуучдын ноотыг харж тоглодог хариуцлагатай ажил. Ж.Пуччини, П.Чайковскийн дуурийг хөгжимдөхөд хүнд байдаг. Ж.Пуччиний дуурьт хэмнэл хурдан солигддог бол П.Чайковскийн ноотыг уншихад тэмдэг, альтераци ихтэй учраас ганц ноот алдахад л эвгүйддэг. Хөгжимдөхөд амаргүй ч энэ хоёр хөгжмийн зохиолчийн бүтээлийг тоглох дуртай. Ялангуяа би П.Чайковскийн хөгжимд хамгийн дуртай. Москвад очих бүртээ хөшөөн дээр нь очдог юм.
 
-Он удаан жилийн түүхтэй сонгодог урлагийн ертөнцөд хөгжмийн зохиолчид хэдэн зуугаар нь тоолохоор төрөн гарсан байдаг. Тэдний бүтээлийг судалж, амьдруулахад нээрэн л насаараа суралцах хэрэгтэй болдог байх?
 
-Мэргэжлийн хөгжимчин “Хөгжмийг арван жил сурлаа, дээд сургуулийг нь төгслөө. Одоо боллоо" гэж өөртөө сэтгэл ханаж болдоггүй. Насан туршдаа суралцах хэрэгтэй. Үгүй бол зэвэрнэ.
 
-“Амжилтын 99 хувь нь хөдөлмөр” гэсэн үг бий. Гэхдээ урлагт авьяас зайлшгүй хэрэгтэй мэт санагддаг?
 
-Урлагийн хүнд авьяас заавал хэрэгтэй. Уйгагүй хөдөлмөрлөөд амжилтад хүрсэн ч байгалиасаа авьяастай хүний энд хүрэхгүй. Хөгжимчин хүн байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж, шантралгүй хичээллэж чадвал амжилтад хүрнэ. Гэхдээ авьяастай ч хөдөлмөрлөж чадалгүй урлагийн замаас гарсан хүн олон бий.
 
-Сонгодог урлаг өндөр хөгжсөн улс оронд иргэдийнхээ урлагийн боловсролд багаас нь анхаардаг. Тухайлбал,“Том Жерри хоёр” хүүхэлдэйн кинон дээр дандаа сонгодог ая эгшиглэдэг шүү дээ? 
 
-Хөгжмийн боловсролд цэцэрлэгт байх үеэс нь анхаарах хэрэгтэй. “Кармен" дуурийн талаар ямар ч мэдлэггүй хүн дуурийн театрт ирж үзээд бүрэн ойлгоно гэдэг амаргүй. Дунд сургуульдаа дуурийн түүх, үйл явдалтай бага ч гэсэн танилцсан хүн тухайн дуурийг үзэж байж ойлгож, сонгодог урлагт дурладаг. Мэдээлэл авсан арван сурагчийн хоёр нь дуурь дахин үзэх хүсэл, тэмүүлэлтэй болоод гардаг. Бид ирээдүйн үзэгчдээ одоо л бэлтгэх хэрэгтэй. Сонгодог урлаг хөгжсөн оронд тоглоход үнэхээр урамтай. Танхим дүүрэн суух үзэгчид чин сэтгэлээсээ мэдэрч сонсохыг харах сайхан байдаг.
 
-Хөгжмийг мэдэрч, ойлгоход сонсголоос гадна анхаарал хэрэгтэй байх. Тэр дундаа шавь нарынхаа ганц ноотын алдааг хүртэл анзаардаг багш хүнд хариуцлага чухал биз?
 
-Тоглож буй хөгжимдөө бүрэн уусах хэрэгтэй. Ялангуяа олон улсын уралдаан тэмцээний үеэр анхааралтай тоглох нь хөгжимчин хүний үүрэг, хариуцлага. Ганцхан ноот алдахад дуучны анхаарал сарнидаг учраас бидэнд алдах эрх байхгүй.
 
-Олон улсын уралдаан тэмцээнд оролцдог концертмейстр, гоцлол төгөлдөр хуурч хоёрын дунд ялгаа бий юү? 
 
-Концертмейстр, гоцлол хөгжимчин хоёр хоорондоо ялгаатай. Концертмөйстр бол хамтран хөгжимдөгч учраас давхар хариуцлага хүлээдэг. Нэг үгээр хэлбэл, дуучинтайгаа хамт амьсгалах ёстой болдог. Харин гоцлол хөгжимчид зөвхөн төгөлдөр хуурын гоцлолоо л тоглодог.
 
-Урлагийн салбар орчин үеэ дагаад хувьсан хөгжиж байна. Хөгжмийн шинэ урсгал ч их гарах болж. Та аль чиглэлийг нь баримталж байна вэ?
 
-Би сонгодог чиглэлээ баримталдаг. Гэхдээ орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс ялгалгүй тоглохыг хичээдэг.
 
-Олон улсын уралдаанд манай сонгодог урлагийн төлөөлөл дээгүүр байр эзэлж, дэлхийд танигдсан. Өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжихөд юу нөлөөлсөн юм бол?
 
-Монголын хөгжимчдөөс илүү дуурийн дуучид дэлхийд танигдсан. Манай сонгодог хөгжимчид олон улсад хараахан гарч амжаагүй байна. П.Чайковскийн нэрэмжит болон бусад тэмцээнд манай хөгжимчид оролцдог ч дуучид шиг өндөр амжилт гаргаагүй байна. Жишээлбэл, дуурийн шилдэг хорин дуучны жагсаалтад багтсан Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинийг дэлхий таньж байна. Дуурийн дуучид өнөөдрийн амжилтад хүрсэн нь Монголын байгальтай холбоотой гэж боддог. Өндөр байшин, хана хэрмээр хүрээлүүлээгүй саруул талд өссөн дуучдын хоолой цээл байдаг биз. Мөн манай дуучид гадныхнаас хоолойны өнгөөрөө ялгарддаг.
 
-Сүүлийн үед төр, засгаас урлаг тэр дундаа сонгодог урлагт тавих анхаарал нь суларсан гэдэг. Та Монголын сонгодог урлагийн салбарт олон жил ажиллаж буй хүний хувьд юу хэлэх вэ?
 
-Социализмын үед манай улс сонгодог урлагийг бодлогоор хөгжүүлсэн. Тухайлсан яамтай, нарийн бодлого, төлөвлөгөөтэй ажилладаг байлаа. Гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулж, боловсон хүчиндээ анхаарал тавьдаг байжээ. Сүүлийн жилүүдэд манай театраас гадаадад мэргэжил дээшлүүлэхсургалтад хамрагдсан хүн байхгүй. Одоо тэр бодлого алдагдаж, соёлын салбар харьяалсан яам ч үгүй болж дээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: