sonin.mn
Шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийн талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоол гарч их дээд сургуулийн болон ШУА-ийн хүрээлэн төвүүдийн бүтцийг шинэчлэн батласан билээ. Энэ бүтцээр ШУА-ын харъяанд байсан 20 гаруй хүрээлэн, төвийн давхардсан бүтэц, ойролцоо чиг үүргийг нэгтгэн арваад хүрээлэн болгож өөрчилжээ.
 
Ажиллах орон тооны хувьд нийт 1000 гаруй ажилтнаас 90 орчмыг хасан баталсан байна. Хүрээлэн, төвүүд нэгдэж буйтай холбогдон дарга, захирал болон аж ахуйн олон орон тоо цөөрөх ба эрдэм шинжилгээний ажилтнуудыг хасахгүй байх бодлого барин ажиллаж байгаа сурагтай. Харин бүтцийн өөрчлөлтөөр эрх ямба, албан тушаалаа алдахаас айсан хурган дарга нар энэхүү бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж олон үйлдэл хийж байгаа сурагтай. 
 
Салбарын яам болон удирдах байгууллагаас барьж буй бодлогыг мушгин гуйвуулж эрдэмтэн судлаачдад сурталчилж сөрөн тэмцэхийг уриалж байгаа аж. Эдгээр хүрээлэнгүүд дотроос хамгийн ихээр улс төржиж байгаа газар бол Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгүүд гэнэ. ШУА-ын удирдлагаас өнгөрсөн сарын эхэнд гаргасан шийдвэрээр тус хүрээлэнгүүдийн хуучин захирлуудыг ажлаас чөлөөлжээ. 
 
Гэтэл Геоэкологийн хүрээлэнгийн захирал асан нь тушаал гараад 20 орчим хоночихоод байхад өдий хүртэл тамга тэмдэг, гэрчилгээгээ өгөхгүй байгаа ба өрөөгөө цоожлон зугтааж байна гэнэ. Уг нь тэрбээр тус хүрээлэнгийн захиралаар 18 жил орчим ажилласан боловч хангалтгүй байгаа бололтой. Бүх ажилтнуудын хурал хийн элдэв худал суртал ухуулага хийж шинэ томилогдсон захирлыг эсэргүүцэж байгаа ба цаашлаад Засгийн газрын тогтоол, шинэ бүтцийг эсэргүүцэхийг уриалж байгаа ба хуучин захирлаа дахин томилуулах хүсэлтийг ч дээш нь илгээжээ.
 
Эсэргүүцлийг манлайлагчид нь голдуу тэтгэвэрийн насныхан ба эдгээр хүмүүсийн ихэнх нь салбар, лабораторийн эрхлэгч дарга нар гэнэ. Өөсрдийн эрх мэдэлээ алдахаас олон жил бэхжсэн санхүүгийн далд сүлжээ нь илэрхээс эмээн бодит мэдээлэл, шийдвэрийг хутган гуйвуулж, “ажилтнуудыг хоморголон халах гэж байна, улс төрийн томилгоо хийх гэж байна, хүрээлэнгийн байрыг булаан авах гэж байна, хооронд нь хутган замбараагүй өөрчлөл хийх гэж байна’’ гэсэн мэдээлэлээр ажилтнуудаа цэнэглэж, айдаст автуулж, үйл ажиллагаанд нь оролцохгүй байгаа заримыгаа гадуурхан, адлаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 
 
Оны өмнөхөн ШУА-ийг Их сургуульд нэгтгэх гэж байна хэмээн эсэргүүцэж жагсаал цуглаан хийж, үүний хүчинд гарахаар төлөвлөж байсан шийдвэрийг өөрчлүүлж чадсан билээ. Эсэргүүцэл хөдөлгөөн хийвэл ямарч шийдвэрийг өөрчлүүлж чадна гэсэн арга ухааныг тэд өөрсдийн жижиг эрх мэдэл, хувийн сонирхолдоо ашиглаж байгаа бололтой. Тиймээс л шинжлэх ухааны академи шинэчлэгдэхийг хүсэхгүй байна гэсэн яриа үнэний ортой болж таарч байгаа юм. 
 
Р.Төгс
Эх сурвалж: