sonin.mn
КАИР. /ITAR-TASS/. Египетийн нийслэл Каир хотын эрүүгийн шүүх тус улсад үйл ажиллагааг нь хориглосон “Лалын ахан дүүс”  хөдөлгөөний удирдагчдад "жагсагчдыг хүчээр дарсан" хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Тус хөдөлгөөний шашны удирдагч Мухаммед Бадиа, мөн эрх мэдлээрээ хоёрт ордог Хейрат аш-Шатер нар ийм ялаар шийтгүүлсэн байна.
 
2013 оны долдугаар сарын 1-ны шөнө Египетийн нийслэл Каир хотын Мукатта уулан дахь лалын шашинтнуудын төв байрны дэргэд болсон цус урсгасан үйл явдлын хэргийг шүүх хурлын үеэр хэлэлцжээ. Ерөнхийлөгчөөс огцорсон Мухаммед Мурсиг эсэргүүцэгчид лалын шашинтнуудын төв байр руу дайрч, чулуу болон шатах бодис бүхий лонх шиджээ. Үүний хариуд лалын шашинтнуудын бүлэглэлийн удирдагчид зэвсэг барин төв байраа хамгаалахаар шийдсэн аж. Үүний улмаас есөн хүн амиа алдаж, 90 орчим хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь толгойдоо буудуулж амиа алдсан болох нь задлан шинжилгээгээр тогтоогдсон байна.
 
Бадиа, аш-Шатера нараас гадна, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүр болох Эрх чөлөө, шударга ёсны намын дарга, тус улсын татан буугдсан парламентын доод танхимын спикер асан Саад аль-Катантни болон түүний туслахууд болох Мухаммед аль-Бельтаги, Исам аль-Арьян нар бүх насаараа хоригдох ял авчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: