sonin.mn
БЕЙРУТ. /RIA Novosti/. Алеппо хотод гал зогсоох төлөвлөгөөг НҮБ-ын тусгай төлөөлөгч Стефан де Мистуратай хамтран хэлэлцэхээс татгалзаж байгаагаа Сирийн сөрөг хүчин ням гарагт мэдэгджээ. Тусгай төлөөлөгч Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллемтай тус улсын нийслэл Дамаск хотод өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт уулзсан тухай урьд нь мэдээлсэн байна. Уулзалтын үеэр хоёр тал Алеппо хотын мөргөлдөөнийг зогсоох асуудлаар Италийн дипломатчийн санал болгосон төлөвлөгөөг хэлэлцжээ. Уулзалтын дүнд Сирийн нийслэлийн хойд хэсэгт НҮБ-ын энхийг сахиулагчдыг оруулах зөвшөөрлийг тус улсын эрх баригчдаас авсан байна.
 
Хэрэв Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний хамтран зүтгэгчдийг огцруулах асуудлыг хамруулан Сирийн хямралыг цогцоор нь шийдэх асуудлыг хэлэлцэхгүй бол “Алеппо хотын хувьсгалт хүчний хороо” Стефан де Мистуратай уулзахаас татгалзаж байна гэж зэвсэгт сөрөг хүчний мэдэгдэлд дурджээ.
 
Сирийн дотоодын болон гадаад дахь зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчид багтсан “Алеппо хотын хувьсгалт хүчний хороо”-г энэ оны хоёрдугаар сарын 28-нд Туркийн Килис хотод болсон сөрөг хүчнийхний хурлын үеэр байгуулсан байна. Уг хурлын үеэр мөн НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчтэй хэлэлцээ хийх долоон хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: