sonin.mn
 
Ямарваа нэг хүний цаг зохион байгуулах чадвар, хариуцлагатай эсэхийг нь өглөөг хэрхэн угтдагаар нь шинжиж болдог. Японы нэгэн нэр хүндтэй бизнесмэн “Ажилд авахаар ярилцлагад орж буй залуус их сайхан зүйл ярьдаг. Таалагдаад байж байтал ний нуугүй хэлэхэд өглөө босох л жаахан хэцүүхэн байдаг гээд инээмсэглэхэд нь үнэлгээ минь эрс өөр болдог юм даа” гэсэн байдаг. 
 
Эрдэмтдийн хийсэн олон арван судалгаанд эрт босдог хүмүүсийн амьдралын хэвшил зөв байдгыг тодорхойлсон нь бий. Түүнчлэн өглөө эрт босдог хүн ажлаа амжуулж гэртээ цагтаа харьдаг. Энэ нь юугаар ч сольшгүй эрхэм зүйл юм. Ажилдаа дарагдаад шөнө дөл хүртэл оройтдог хүмүүсийг зарим нэг нь ажилдаа сайн гэж ойлгодог. Гэвч энэ нь яавч хүндлээд байх зан суртахуун биш. 
 
Харин ажлаа бусдыг харахгүй хийгээд орой цагтаа харьдаг хүмүүс бол хүндэтгэл хүлээх эрхтэй. Хүний амьдралыг ажил дээрээ олон цаг өнгөрөөснөөр нь биш аль хэр бусдад цаг гаргаж, өвртөө баясалтай амьдарснаар нь дүгнэдэг. Зөвхөн ажилд анхаардаг хүнийг амьдраагүйд тооцож болно. Сар гарвал сарыг, нар гарвал нарыг харж баясах дорнын гоо сайхны таашаал бий. Түүн лугаа амьдралын сайхныг ажлаас бусад олон зүйлээс мэдэрдэг. Түүнд зарцуулах цаг гаргах хэрэгтэй биз дээ.
 
Мөн өглөөний цагийг дасгал хөдөлгөөн, эрдэм мэдлэгт ашиглаж болно. Их гүүш Ш.Лувсанвандан шавь нартаа “Өглөө эрт босч бай. Тэгээд ядаж 30 минут гадаад үг харах цаг гарга" гэж сургадаг байж. Өдөр нь ажиллаад, өглөө нь өөрийгөө боловсруулж бай гэсэн санаа. Өнөөдөр цайны цагаараа англи хэлний ямар нэг сургалтад суух гээд гүйж яваа хүн бол дээрх сургаалийг хожим харсандаа харамсах л байх.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"