sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. “Calvin Klein”-ий цуглуулгад багтсан, загвар зохион бүтээгч Франциско Костагийн бүтээл болох 150 мянган долларын үнэтэй даашинз хулгайд алдагджээ. Уг даашинзыг кени гаралтай Мексикийн жүжигчин Люпита Нионго Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр өмсч байсан юм.
 
Тэрбээр 6 000 ширхэг цагаан сувдан шигтгээтэй даашинзаа Баруун Холливуд дахь “London” зочид буудлаас энэ долоо хоногийн лхагва гарагийн орой алджээ. Даашинзыг хулгайлах үед жүжигчин зочид буудалд байгаагүй аж.
 
Кени жүжигчин 2014 онд “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн туслах дүрээрээ Оскарын шагнал авч байсан бөгөөд өнгөрсөн ням гарагт болсон нэгэн ёслолын арга хэмжээг хөтөлжээ. “People” сэтгүүл түүнийг 2014 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэж байсан юм.
 
Ням гарагт болсон улаан хивсний ёслолын үеэр өдгөө 31 настай Нионго “би өөрийн очир эрдэнэ болон сувдаа өмслөө” гэж “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө хэлж байжээ. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татан баривчлаагүй байна.  “Calvin Klein” ч ямар нэг мэдэгдэл хийсэнгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг