sonin.mn
Цогт Цагийн Хүрдэн соёлын төвөөс хаврын тэргүүн сарын шинийн 8-ны морин цагт "Ганжуурын 84000" нэртэй номын өргөө, www.84000.mn сайт, Жамбалцанжод номын нээлтийн ажиллагааг зохион байгуулна.
 
Тус номын өргөөнд бясалгал бүтээл, эрдэм шинжилгээний хурал, зан үйлийн ёслол, номын хурим, Ганжуур Данжуур клубын гишүүдийн уулзалт, сэтгэл оюуныг хөгжүүлэх цогц сургалт зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Харин www.84000.mn сайт нь бурхны шашны болон гэгээлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй цогц болгон хүргэх юм.
 
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдварт... "Ганжуур, Данжуур"-ын Тэргүүн ботийн эхний ном Жамбалцанжод судрыг төрөлх монгол хэлээрээ олон дахин нийтээрээ уншваас Их Монгол орноо эртний ерөөлт Богд Жавзандамба хутагт эргэн мэндлэхийн шалтгаан ерөөл бүрэлдэж Монгол түмний буян заяа ашид дэлгэрэх болно ... хэмээсний дагуу тус төвөөс Монголын нийт ард иргэддээ Монгол Жамбалцанжод номоо бум унших, буянаа хураах, бүх нийтийн гэгээрлийн үйлсэд уриалж байна.
 
Дашрамд дурдахад, тус төвөөс Ганжуур Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэл бичигт хөрвүүлж байна. Энэ их хөлгөн судрыг одоогоор дэлхийд хоёрхон газар буюу Монголоос Цогт Цагийн Хүрдэн соёлын төв, АНУ-аас Англи, АНУ-ын эрдэмтдийн хамтарсан баг өөрийн эх хэлээрээ орчуулж хөрвүүлэх ажиллагааг өрнүүлж байгаа юм.
 
Их хөлгөн судраа кирилл бичигт буулгах нь хүн төрөлхтний оюуны их өв болсон дорнын их нэвтэрхий толь Ганжуур, Данжуур судрыг нийт монголчуудын хүртээл болгох, орчин цагийн монгол хэлний үгийн санг баяжуулах, Монголын судлаач, сонирхогчдын судалгааны хэрэглэгдэхүүн болох, уламжлалт өв соёлыг сэргээн хадгалах, уламжлах, өвлүүлэх, дэлхийн олон улсын “Монголч эрдэмтэд”-ийн том судлагдахуун болох, монголын бурхан шашныг дэлхийд монгол онцлогоор таниулах ач холбогдолтой юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг