sonin.mn
Францын нэрт найруулагч Жан Жак Аннойдын найруулсан “Чонон сүлд” уран сайхны кино албан ёсны эрхтэйгээр Монголд энэ сарын 27-нд нээлтээ хийнэ.
Энэ талаар “Гэгээ паблишинг” ХХК-иас болон орчуулагч Д.Болдбаатар, жүжигчин Р.Анхням нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Жүжигчин Р.Анхнямын гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино Азидаа нэлээн өндөр үнэлгээтэй байгаа төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэх бүтээл хэмээн яригдаад байгаа юм. Тиймээс “Гэгээ паблишинг” компанийн зүгээс энэхүү киног Монголд нээх эрхийг нь авчээ.  
 
Тус киног Хятад, Франц, Монгол, Австрали, Канад, Америкийн уран бүтээлч 7 жилийн хугацаанд 100 гаруй сая ам.доллар буюу 700 гаруй сая юанийн өртгөөр бүтээжээ. Тус кино Тэнгис, Соёмбо, Өргөө кинотеатрт 17.00 цагаас зэрэг нээлтээ хийх юм. Монголын үзэгчид энэхүү киног Цахар Монгол буюу Өвөрмонгол аялгуугаар хүлээн авч үзэх аж.
 
 
Энэ үеэр жүжигчин Р.Анхнямаас дараах асуултад хариулт авав.
 
 -Энэхүү кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?
 
-Энэ кинонд өөрийн бор зүрхээр явж байгаад тоглосон. Миний хамтарч ажилладаг Хятадын компанийхан намайг найруулагчид танилцуулсан. Хятад, Өвөрмонгол, Монгол, Хонгконгийн эмэгтэй жүжигчид дөрвөн шат дамжиж өрсөлдсөн. Найруулагч бол өөрийн хүссэн жүжигчнээ сонгон авч, уран бүтээлээ хийдэг.
 
Харин Хятадын карьер хөөж буй залуу жүжигчид мөнгө төлж кинонд тоглодог. Маш их хөрөнгө оруулалт хийж энэ кинонд чинь тоглоё гэсэн хятадын нэртэй жүжигчид байсан ч найруулагч иймэрхүү зүйлд хөдөлдөггүй юм байна билээ. Миний хувьд маш олон шалгуур давж байж сонгогдсон.
 
-Кинонд тоглоход бэрхшээлтэй тал юу байв?
 
-Биеийн хүчээр хийх зүйл учраас даарч хөрөх, нойргүй хонох тохиолдол бишгүй. Энэ бол бүхий л уран бүтээлчдэд тохиолддог. Хамгийн хүндрэлтэй нь буруу тоглочих вий, үндэстнийхээ тухай сөрөг зүйл уран бүтээлдээ гаргачих вий, дараа нь монголын үзэгчид үзэхэд сэтгэлийг нь өвтгөчихгүй байгаа даа гэдэг талаасаа санаа зовж, толгойгоо их ажиллуулж байсан болохоор нэлээд ядарсан. 
 
-Гадаад найруулагчийн кинонд Монгол дүр бүтээж байна шүү дээ. Соёл, ёс заншилтай холбоотой зөвлөгөө өгч байв уу?
 
-Монголын талаас зөвлөх хүн байгаагүй. Өвөрмонголчууд үндэсний зөвлөхөөр ажилласан. Монголчууд гэрээ хэрхэн барьдаг вэ гэдгээс эхлээд найруулагчид  бүх талын зөвлөгөө өгөхөөр томилогдсон хоёр хүн ажилласан. 
 
 -Нийт хичнээн кинонд дүрээ мөнхлөв?
 
-Одоогийн байдлаар гучаад кинонд тоглоод байна. Өмнө нь жагсааж байхад 20 гаруй уран бүтээл байсан.
 
-“Чонон сүлд” зохиолыг монголчууд их уншсан. Кино нь зохиолоосоо хэр өөр болсон бэ?
 
-Зохиолыг нь бүтэн уншсан хүнд бол ялгаатай гэдэг нь харагдана. Ямарваа зохиол угаасаа кино болохоороо уран сайхны талаасаа ч өөрчлөгддөг шүү дээ.
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг