sonin.mn
 
Үгийн хэрэглээ.
Янз бүрийн насны олон хүн цугласан их хөлийн газарт хэн нэгэн нь “Хатагтай ноёд оо!” гэж мрээд ихэд сүржин үгээр илтгэл айлтгал тавих нь элбэг боллоо. Монгол хэлний тайлбар толь бичигт тэмдэглэгдсэн хийгээд монголчуудын өдөр тутмын харилцааны үг хэллэгт “Ноён, хатан” гэсэн үгийг хамаагүй хэрэглэдэггүй байжээ. Өндөр зэрэглэлийн хүндэтгэлтэй хэлэгддэг үгсийг зөв зохистой эс хэрэглэхэд утга нь үл авцалдаж, үнэ цэн нь алдагдах тал байдаг бололтой. 
 
Харин улс нийгэм, олон түмний дунд нэр алдрыг олж, итгэл хүндэтгэл хүлээсэн, үнэлэгдэж танигдсан хүмүүс, эсвэл гадаад орны эрхэм хүмүүстэй харилцахдаа иймэрхүү үг хэллэг хэрэглэх ёс буй. Саяхан олон багачууд цугласан хүүхдийн чуулган дээр нэгэн эрхэм мөнөөх ‘‘Хатагтай, ноёд” гэдэг сүрхий хүндэт үгээрээ илтгэл тавихад гэрлээгүй хөвгүүд, хадамд гараагүй охидын зарим нь жиг жуг гээд явчихав.
 
Өгүүлэх нь: Одой бичээч би бээр “Хатан хатагтай” гэсэн үгийн утга тайлал дээр уншигч. таны анхаарлыг татъя гэж бодсон юм. Улс орны их үйл хэргийн манлайд явж, олон түмний хувь заяаг шийдэлцэж байгаа төр засгийн тэргүүн, сайд, төрийн түшээ, засаг дарга, үйлдвэр, компаний дарга захирал, олон нийтийн зүтгэлтнүүдийн гэргий болон мөн дээрх алба хашиж байгаа хүндэт эмэгтэйчүүдэд “хатан, хатагтай” гэдэг нэршлийг хэрэглэх нь зохимжтой.
 
Богд гэгээний хатан Дондогдуламаас хойш монгол төрийн томчуулын гэргий нар “хатан", “хатагтай” хэмээн дуудуулаагүй, зарим нь “авгай" гэж адлагдаж явсан тал ч бий. Гэтэл тэд өрх гэртээ гэрэл гэгээтэи гэргий, үр хүүхдэдээ сайхан ээж, эр нөхөртөө халамжит хань байхын зэрэгцээгээр улс нийгэмд тустай сайн үйлийн эзэд байсныг бид үнэлж, хүндэтгэлтэй хандах учиртай. 
 
Монгол Улсын 1000-аад жилийн түүхэнд Батмөнх (1470-1517 онд) 47 жил, Ю.Цэдэнбал (1940-1984онд) 44 жил, Тогоонтөмөр (1333-1370 онд) 37 жил, Хувилай (1260-1294 онд) 34 жил, Түмэнзасагт (1558-1592 онд) 34 жил төрийн толгойд хамгийн удаан сууж, тэдний хажуу дахь эмэгтэйчүүд ч хатан шиг хатад байжээ.
 
А.И.Цэдэнбал Филатова гэдэг орос эмэгтэй Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалтай ханилаад (1947-1991 онд) 44 жил болжээ. (Монгол төрийн томчуул өөрийн угсаа гарлаас гадна бусад улс үндэстний эмэгтэйг хатан болгож байсан нь ганцхан Цэдэнбал биш) Монгол төрийн хатны хүндтэй суудалд заларч байсан тэр эрхэм эмэгтэйн (1920.02.04-2001.10.24-д амьдарч 81 нас сүүдэр зооглосон) тухай өөрийн савны хэмжээгээр өгүүлэхэд над буруугүй мэт санагдана.
 
Их “Ээх”.
Манай нутагт бэргэнээ “Ээх" гэж авгайлна. "Ээх" гэдэг нь “Эх мэт”, “Ээж шиг" гэсэн утга агуулна. Нас сүүдэр өндөр бэргэнийг дүүмэд хүмүүс “Их ээх” гэж ихэд хүндэлнэ...
 
Миний бие 1973 оноос МХЗЭ-ийн Төв Хороонд дэвшин ажиллав. Тэр үед Хүүхдийн төлөө Фонд байгуулагдаад удаагүй, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова анх удаа албан контороо МХЗЭ-ийн Төв Хороон дээр нээж, байнга албашаан суудаг болсон байлаа. МХЗЭ-ийн Төв Хорооны зааварлагч, зохион байгуулагч, хэлтсийн эрхлэгчээс эхлээд нарийн бичгийн дарга нар хүртэл бас нэг “ноён”-той болов хэмээн түвэгшээж, Хүүхдийн төлөө фондын даргыг “Авгай” гэж адлах маягтайгаар дуудацгаана. 
 
Шинээр ирсэн над төрийн тэргүүний гэргийг “Авгай" гэж дуудах нь хэтэрхий хүндэтгэлгүй, доромж аястай сонсогдоно. Ер нь “гэргий, эхнэр, эзэгтэй" гэсэн зөөлөн үгс байхад яагаад “авгай" гэж монголчуудын өдөр тутмын харилцаанд тоомжир муутай хэлэгдэх үгийг сонгосон нь тодорхойгүй бөгөөд тааламжгүй байлаа. Харин хожим Олон улсын пионерийн “Найрамдал" лагерийн анхны захирал, сурган хүмүүжүүлэгч Ш.Содномпил 1978 онд ажил аваад л “Хатагтай дарга" гэж хэлэх нь чихэнд чимэгтэй, нзалдацтай сонсогдож байсныг дурсмуй.
 
Хүмүүс өдөр тутмын харилцаанд “Анастасия Ивановна” гэж сайхан орос нэрийг нь тэр бүр дууддаггүй, албан ёсны хурал дээр юм уу, дэргэд нь зөвхөн хэлдэг байв. Энэ байдал нь над таагүй санагдаад нэг өдөр хамт ажилладаг Увсын уугуул Б.Готовт:
 
-Манай дөрвөдөд том бэргэнийг “Их ээх” гэж авгайлдаг. Хүүхдийн төлөө фондын даргыг өдөр тутмын ярианд “Их ээх” гэж хэлж байвал ямар вэ? гэхэд тэрээр:
 
-Нийт монголчууд хийгээд төв халхад түүнийг ойлгохгүй. Цэдэнбал дарга хэчнээн дөрвөд байлаач эхнэрийг нь “Ээх” гэж дуудаад бидний амьдралд хоногшихгүй гэв. Би: .
 
-Манай эхнэр багаасаа ээжээ “Ажаа" гэж дуудаад сурчихсан. Одоо дүү Ё.Сэрээнэн нь өөр айлд үрчлэгдсэн ч төрүүлсэн эхээ “Ажаа” гэдэг. Манай хадам үеэл ах Д.Нармандах эхээ “Ажаа” гэж дууддаг, гэрийнхэн нь "Ээж" гэж хэл хэмээн албадахад нөгөө үг нь санаанд орж ирэхгүй “Аав” гэж дуудаж будилсан тухай яриа ч бий. Манай хадмууд Өвөрхангай аймгийн Бүрдийнхэн. Төв халхад өргөн хэрэглэдэг энэ үгээр Хүүхдийн төлөө Фондын даргыг дуудвал болохгүй юу гэж санал гаргавал хамт ажилладаг Б.Готов, Л.Дугарсүрэн, Ч.Даваажав, Г.Бадамбазар, Д.Тогтох нар ихэд зөвшөөрч бид тохиролцов. 
 
Түүнээс хойш “Авгай" гэж бид дуудаагүй, “Ажаа” гэж хэлэхэд тэр нь зарим дарга нарт этгээд сонсогдож, “Юун ажаасаг юм” гэж зэмлүүлдэг үе ч байв. Гэвч уг нэршил түгээмэл болж, хожим “Ажаа мамаа домой, Адъяа дарга Ханой" гэсэн шог үг ч гарсан билээ...
 
Би МПБ-ын Төв Зөвлөлд олон жил ажилласан ч Хүүхдийн төлөө фондын даргатай дотносож шадарласангүй, ихэвчлэн дарга нар болон орос хэл сайтай ховч нар ойртож, дээрээс олон үүрэг даалгавар дамжин ирэхэд нь биелүүлэхийн төлөө чармайн хөөцөлддөг ердийн гүйцэтгэх албатан байв.
 
Гэхдээ түүний ажилдаа үнэнч, хүүхдэд хайртай, аливаад чин шударга ханддаг, зарчимч хатуу шаардлага тавьдаг нь тод мэдрэгддэг байв. Тэр хүндэт хатан ээжийн ивээлд багтаж, ач тусыг эдэлж явсан хүмүүс түүний мэндэлсний ойд зориулж үгээ хэлэхийг өдөөж, цөөн дурсамжийг хачир чимэггүй өгүүлье!
 
Жаран сарнайн хүчээр.
1980.02.04. Хүүхдийн төлөө фондын даргын 60 насны ойг бид эртнээс бодлоготойгоор бэлтгэж, сайн зохион байгуулалттай тэмдэглэв. Монголын Пионерийн байгууллагын түүхэнд онцгой тэмдэглэгдсэн МАХН-ын Төв Хорооны алдарт 1980 оны 55 дугаар тогтоолын төслийг анх боловсруулаад гаргахыг чармайн хөөцөлдсөн боловч амжилт олоогүй учир бидэнд энэ ой чухал ач холбогдолтой байсан билээ.
 
Уг ойд бүх яам газрын сайд дарга нар ирж баяр хүргэн, салбарынхаа дээд шагналыг гардуулцгаав. Монголын Пионерийн байгууллага “Пионерийн тэргүүний удирдагч" тэмдгээрээ шагнав. (1984 онд энэ тэмдгээс бусад бүх шагналыг нь хурааж авсан билээ.) Харин Барилгын яамны сайд О.Тлейхан өөрийн агнасан чонын том арьсыг авчирсан нь хувь хүний бэлэг байв.
 
Болгарын Соёл мэдээллийн төвийн захирал Стойнко Гяуров нэг том сагсанд 60 ширхэг улаан сарнай бэлтгэсэн нь Монголд урьд өмнө нь огт үзэгдээгүй хамгийн онцгой бэлэг болов. Хатагтай даргын сэтгэлийг энэ бэлэг ихэд хөдөлгөв. Фондын дарга ойн дараа манай дарга нартай уулзаад МПБ-ын тухай тогтоол гаргахад туслахаар амлаж, тэр нь “ногоон гэрэл”-ээр гарын үсэг дээрээс доош чигтэйгээр зурагдаж, дарга нарын зөвшөөрөл авч амжилттай бүтэв.
 
Үнэт бэлэг.
Олон байгууллагын оролцоотойгоор бид хүүхдийн цэрэг-спортын “Дөл” тоглолтыг зохион байгуулав. Уг ажлыг дүгнэх үеэр гол ачааг үүрсэн МПБ-ын Төв Зөвлөлийн ажилтнууд хоосон хоцорч, бусад байгууллагын бэлгэдлийн шинжтэй оролцсон хүмүүс Хүүхдийн төлөө фондын том шагнал (зургийн аппарат, магнитофон г.м үнэт зүйл) хүртэв. 
 
МПБ-ын Төв Зөвлөлийн орлогч дарга, хэлтсийн эрхлэгчийн хувьд миний бие үүнд сэтсэл дундуур байгаагаа илэрхийлж, ажлын дүнгийн хурал дээр цөөн үг хэллээ. Миний үг гэрлийн хурдаар Хатагтай даргад хүрчээ. Хэдэн хоногийн дараа “Ажаа дарга".
 
-МПБ-ын Төв Зөвлөлийнхөн сэтгэл дундуур байгаа тухай үг би сонссон. Магнитфон, зургийн аппаратаар та нар юу хийх вэ? Би Улаанбаатар хотын намын хороо, захиргааны удирдлагатай ярьж, улсын орон сууц хуваарилдаг яам газрын жагсаалтад МПБ-ын Төв Зөвлөлийг оруулахаар болсон. Энэ бол та нарт насан туршийн бэлэг байх болно гэж билээ. Түүнээс хойш хүүхдийн байгууллагын олон ажилтан урьд огт олдоггүй байсан орон сууцанд орж, гялайсан билээ.
 
Эхийн сэтгэл.
Нэг удаа “Найрамдал" паркад хүүхэд залуучууд мод тарих, түүнд нь нам засгийн удирдагчид зочноор оролцох болов. Дарга нарыг хүлээх зуур халуун нар хүчтэй шарж, цэцэрлэгийн багачууд тохь алдав. Фондын дарга:
 
-Цэцэрлэгийн эрхлэгчийг дууд гэв. Нэг эмэгтэй дуудагдаад, яаран сандран ирэхэд нь:
 
-Энэ хүүхдүүд дунд чиний өөрийн хүүхэд бий юу гэж асуухад “байхгүй" гэж хариулав. Түүнийг сүрхий зэмлээд, хүүхдийн толгойг усаар шавших, эсвэл малгай өмсгөх, нарны халх хэрэглэх зэргээр наршихаас сэргийлж шуурхай арга хэмжээ авахыг шаардав.
 
Сүхбаатарын талбай “Зургийн дэвтэр" болов. 1983 оны хуучаар Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг 400-аад хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, аж амьдрал, санаа бодлоо “цардмал дэвтэр" ашиглан зурсныг хүмүүс сайн санаж байгаа байх аа!
 
“Ажаа" дарга нэг удаагийн уулзалт дээр “Хүүхдүүд энд тэндгүй, байшингийн хана туурган дээр, тэр ч байтугай айлын модон жорлон дээр хүртэл элдэв үг эрээчиж, зураг зурдаг болжээ. Хүүхдэд дотор санаагаа ил гаргах хэрэгцээ байна. Үүнийг зөв жолоодлоготой болгоё. Би “Найрамдал" лагерийн багш нартай санал солилцлоо. Цардмал зам дээрх зургийн уралдаан явуулахад өнгийн шохой олдоггүй гэнэ. 
 
Яагаад хүүхдийн хичээл сурлагад хэрэгцээтэй зүйлийг гадаад худалдааны захиалгад тусгахгүй байна вэ? Өнгө өнгийн будаг, шохой, хилэн цаас, хүүхдийн бяцхан хуруунд нь таарсан хайч, цаас зүсэгч, жижиг бийр, тэр ч байтугай оёдол хатгамал, сийлбэр, дархан, мужааны хүүхдэд тохирсон багаж хэрэгсэл хэрэгтэй байна" гэж хэлсэн билээ. Энэ зэмлэл, анхааруулгыг сонссон Гадаад худалдааны Яам, Боловсролын яамны материал хангамжийнхан тун их дурамжхан байсандаг.
 
Тэр нэгэн удаагийн цардмал зам дээрх зургийн уралдаанаас хойш иймэрхүү ажил түгээмэл болсон юм.
 
Жижиг “хүн”-хүүхэлдэй.
Хүүхэд залуучуудын баяр, хурал, чуулган, тэмдэглэлт ойн үеэр хүүхдийн урлагийн тоглолт болоход “Ажаа” ихэвчлэн очиж үзнэ. Нэг удаагийн концертын дараа "Та нар хүүхдийг доорд үздэгээ хэзээ болих хүмүүс вэ? Жижиг хүүхдэд том ноён, хатны хувцас өмсгөж, хүүхэлдэй шиг болгоно. Энэ чинь зөв юм уу? Монгол үндэсний аятайхан юмыг би дэмжинэ. Та нар ядахдаа хүүхдийн нас биед тохирсон, хөөрхөн монгол хувцасны загвар гаргаад хэрэглээч.
 
"Цэцэрлэгийн бяцхан охинд том хатны загвартай хувцас өмсгөж, олны өмнө гаргаад, урлагийн тоглолтод оруулсныг би хүүхдийг доромжилж, буруу зүйлд ашигласан, ёс суртахуунгүй гэмт хэрэг гэж үзэж байна" гэв. Хүүхдийн концерт, урлагийн тоглолт, багт наадам дээр хүүхдээр том хүний дуу дуулуулах, бүжиг бүжиглүүлэхийг “Ажаа” дарга таашаадаггүйсэн. 
 
Урлагийн тоглолтод ордог хүүхдийн хувцасны өнгө загварыг сонгоход хувцасны өнгө загварыг сонгоход үндсэн тод өнгө (ув улаан, шав шар, хөв хөх, цэв цэнхэр, цав цагаан, хав хар зэрэг тод өнгө) хосолбол хүүхдэд тохиромжтой, завсрын өнгө нь хүүхдийн царай зүсийг дарж, цог золбоогүй болгоно гэж зөвлөдөг байв.
 
Нэг хүний зан ааш бүх хүнд таалагдах албагүй. Цэдэнбал даргын бага дүү Ю.Жавзан гуайн өгүүлсэн нь: Нэг удаа ах маань “Чи бэргэн эгчийнхээ ааш занг сайн ойлгож харилцаж байгаарай. Бага залуудаа ангина өвчин нь хүндэрч, зүрхэнд нь нөлөөлсөн гэдэг юм. Цочмог уурлана, түргэн зантай. Нэг хүний зан ааш бусад хүнд таалагдах албагүй шүү дээ” гэж билээ. 
 
Саяхан манай Ц.Зоригийн охин сонинд ярилцлага өгчээ. Тэрээр "Манай өвөө эмээ хоёр гал ус шиг хоёр өөр зан ааштай. Тийм атал хэзээ ч хоорондоо хэрэлдэж муудалцдаггүй байв. Бүх зүйлийг өвөө сийрэг ухаанаар зохицуулж, ямар ч зөрчил хямрал үүсгэдэггүй байсан" гэж ярьсан байна билээ. А.И.Цэдэнбал-Филатова "Манай аав ээж чанга дуутай, түргэн ааштай, сэтгэлд таалагдаагүй юмыг удаан хадгалж чаддаггүй, шууд л хэлдэг. Би тэр зан чанарыг нь дуурайсан байх” гэж дурсжээ. 
 
Бид хүний зан аашийн өвөрмөц байдал, ялангуяа “өндөр суудалтай” орос эмэгтэйн онцлогт тохируулж, зөв зохистой харилцах, ухаарч ойлголцох ур дүй дутаж, харин бурууд сүрхий мэргэн ашиглан эвдэж байсан юм билээ.
 
Удвалыг гүйцэд таниагүй. 1984 оны намар МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга, МПБ-ын Төв Зөвлөлийн дарга Ч.Цэрэндулам бид хоёр Болгарын Пионерийн байгууллагын 40 жилийн ойд оролцоод буцаж ирэх замдаа Москвад түр саатаж, "Ажаа"-тай уулзаж билээ. Тэр үед буурал дарга, түүний гэргийтэй уулзсан Монголын дээд тушаалын болон дотносож байсан хүн нэн ховор байжээ. 
 
Бид хоёр цэцгийн баглаатай очив. Тэрээр маш их баярлаж, царай нь гэрэлтэй байлаа. Хоёр эмэгтэй цэцэрлэгт сандал дээр удаан сууж хөөрөлдөв. Ажаа "Саявтар С.Удвал надтай утсаар ярилаа. Тэрээр “Та монголын хүүхэд багачуудын төлөө их зүйл хийж бүтээсэн гавьяатай хүн. Та урлагийн хүмүүст ч их түшиг тулгуур болдог байсан. Таныг би их хүндэлдэг. Цаашид ч Тантай би энгийн харилцаатай байна" гэж урам өгөв. 
 
Би С.Удвалыг сайн таниагүй байсан юм билээ. Жинхэнэ Монгол эмэгтэйн сайхан чанарыг харуулсан шүү" гэж өгүүлж билээ. Сүүлчийн хүндэтгэл. 
 
2001.02.12. Хүүхдийн төлөө Үндэсний Хорооны дарга М.Тогтохнямын өрөөнд Ч.Цэрэндулам, Т.Түвшин, Х.Оюунчимэг, Б.Ишцог, Ж.Дүгэр, Ц.Түвшинтөгс, П.Дорж, Сувдаа зэрэг хүүхдийн байгууллагынхан цуглав.
 
Бид Хүүхдийн төлөө фондын дарга асан А.И.Цэдэнбал-Фила-товагийн бие чилээрхүү байгаа, нас өндөр болсон, тэр буурал ээжид хүндэтгэл үзүүлж, амьдралд нь бага ч болтугай дэм өгье гэж ярилцав. МПБ-ын Төв Зөвлөл, “Найрамдал" лагерь, Монголын Пионерийн ордон, "Найрамдал" парк, Хөгжим бүжгийн сургууль, Залуу техникчдийн ордон, Өнчин хүүхдийн асрамжийн газар, Залуу байгальчдын станц, Нийслэлийн 13 цэцэрлэг, Хуримын ордон, Яармагийн эмнэлэг, Тусгай 29 дүгээр сургууль зэрэг тэр үед ивээлд нь багтаж байсан байгууллагуудын ажил амьдралыг харуулсан захидал танилцуулга, фото зураг, дүрс бичлэг бэлтгэж үзүүлье, байгууллага бүр өөр өөрийн боломжоор мөнгө гаргаж хуримтлуулъя гэж тохиров. 
 
Тэгээд Олон улсын Хүүхдийн "Найрамдал" төвийн захирал Т.Түвшин, Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг нарыг төлөөлөгч болгон явуулж билээ.
 
Т.Түвшин: “Удахгүй "Найрамдал" төвийн ой болно. Бид таныг өөрийн зардлаар урьж аваачна гэхэд “Үгүй, би очихгүй. Миний хүндэлдэг сайхан хүмүүст, монголын ард түмэнд идэр цагийн цог золбоотой сайхан дүрээрээ хоногшиж үлдмээр байна. Одоо би хөгширч царай зүс жавхаагүй болсон. Урьсан явдалд баярлалаа" гэж хариулсан гэдэг. Аргагүй л амьдрал таньсан, ухаалаг хүний үг мөнөөс мөн.
 
“Найрамдал" бол хатан ээжийн нэг л бэлэг. 1975 онд МПБ-ын 50 жилийн ойг тэмдэглэсний дараахан нэг өдөр Хүүхдийн төлөө фондын дарга “Сэлбэ" зусланг анх удаа очиж үзнэ гэв. Уубулангаас нүүж ирснээс хойш олигтой нүүж ирснээс хойш олигтой тохижоогүй, бас 1960-аад оны эхнээс гадаадын пионер хүлээн авч амруулдаг, гаднаа модон жорлон, гоожуурын устай энэ зуслан яаж хатан ээжийн таалалд нийцэх билээ. 
 
Зуслан хүрэх зам шороо тоос, овон товон ихтэй, Зүүн Сэлбэ дагаж Гацууртын үнээний фермийн айлууд буучихсан, яг фондын даргыг явж байтал нэг айлаас эмэгтэй хүн гараад “Бүргэд маягаар сууж" (шингэн мөр харж) бөөн "гуниг" зарлав. Түүнээс хойш олон улсын пионөрийн зуслан байгуулах асуудал улам хүчтэй босож, олон орны уран барилгын мэргэжилтэн зураг гаргаж, барилгачин дайчид-шахуу хугацаатай ажиллаж, улмаар 1978 онд эхний ээлж ашиглалтад орсон билээ. 
 
1978.05.31. Монголын Пионерийн “Залгамжлагч" IV чуулганд түүний ирүүлсэн баярын захидал миний өмнө дэлгээтэй байна. Ер нь үүнээс өмнө тэрээр Монголын Пионерийн байгууллагад хандаж, албан бичиг баримт ирүүлсэн, дэлгэрэнгүй үг хэлж байсан эсэхийг би сонсоогүй, үзээгүй санагдана. Тэрээр баярын захидалдаа “Монголын "Найрамдал” лагерь үүд хаалгаа ганц сарын дараа хүндэтгэлтэйгээр нээх гэж байна. 
 
Энэ нь хүүхэд багачуудад зориулсан маш сонин уран барилгатай үнэхээр үлгэрийн хотхон юм. Тэндхийн байрыг орчин үеийн мебелиэр сайхан төхөөрөмжилсөн. Тэнд пионеруудийг аль болох тавтай сайхан амруулахаар бүхнийг бодолцсон. Үзэсгэлэнт сайхан Баянголын амыг та нарын мэдэлд өгч байна. Энэ бүгд нь пионер та нарын Бүгд найрамдах улс байх болно шүү дээ. Чөлөөт цагаа үр ашигтай, зүй зохистой ашиглаж, техникийн болон бусад дугуйлан, пионерийн ажилд идэвхтэй оролцож байгаарай" гэж бичсэн билээ.
 
Монголын хамгийн хүндтэй хатан ээж (тэргүүн хатагтай)-ийн санаа тавьж байгуулсан энэ сайхан хотхон монголын төдийгүй дэлхийн хүүхдүүдэд барьсан үнэтэй бэлэг юм.
 
Үргэлжлэл бий.
 
Монгол Улсын гавьяат багш, Яргай Цамбын Түвшинтөгс