sonin.mn

2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2.1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгийг бэхжүүлэхэд 750.0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг өнөөдөр хүлээн авлаа.

Нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг судалгаанд үндэслэн Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар нэн түрүүнд шаардлагатай Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс гэсэн 13 аймгийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Уг автомашин нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Түүнчлэн хүлээн авагч байгууллагын эмч, инженер, жолооч нар хоёр өдрийн сургалтад хамарч, зохих мэдлэг ур чадварыг эзэмшин, автомашинаа авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтдээ 1101 автомашин ашиглаж байна. Түргэн тусламжийн автомашин гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Япон улсын Жикс /JICS/ болон Иточу /ITOCHU/ корпорацийн төлөөлөгчид, ЭМСЯ-ны холбогдох албаны хүмүүс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Ж.Болор

Эх сурвалж: