sonin.mn



Нэгэн эр ууртай нь аргагүй бодож байна. “Эхнэр гэж царай муутай шулмас, найзууд ч гэж новшнууд, амьдрал гэж ёстой хэрэг алгаа”. Ард нь тэмдэглэлийн дэвтэр барин зогсоод бичиж авч байсан сахиусан тэнгэр бодож байна. “Ямар ч хачин юм хүсдэг юм дээ. Тэгээд өдөр бүр шүү. Нэгэнт захиалж байгаа юм чинь биелүүлэхээс л биш.

Итгэл үнэмшлээ өөрөө (бодол, санаа) бий болгож байгаа биз. Жишээ нь, нэг өгүүллэгийн гарчгийг уншаад “Хэрэг болох юм байна уу, ороод харъя. Онц гойд юм байхгүй л байх даа” гэх маягийн санаа төрж болох юм. Унших явцдаа энэ санаагаа баталж ч болох, эсвэл бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч бодлоо өөрчилж ч болно. Энэ бол таны хэрэг. Иймэрхүү маягаар бид алхам бүрдээ итгэл үнэмшлээ бүрдүүлж байдаг. Энэ нь:

1.Бидний амьдралдаа үзэж харсан зүйл дээр (эцэг эхийн үлгэр дуурайлал гэх мэт) үндэслэгдсэн байж болно.

2.Эсвэл нийгмийн нөлөөлөл дээр суурилсан байж болно. Энэ тохиолдолд нийгэм, удирдагчид, нөхцөл байдал таныг удирддаг, та зөвхөн биологийн хэрэгцээгээ хангаад л зогсдог, бусад хүсэл эрмэлзлэл тань гаднын нөлөөгөөр бий болдог гэсэн үг.

З.Эсвэл таны өөрийн олж авсан итгэл үнэмшил байж болно.

Итгэл үнэмшил бол таны ирээдүйн хувь заяанд чинь нөлөөлөх маш хүчтэй зүйл, таны амьдралын төлөвлөгөө гэж хэлсэн ч болно. Хэрвээ хүн “амьдрал сайхан” гэж бодвол алхам тутамд л үүнийг батлах жишээ тааралдаж, итгэл үнэмшлийг нь улам лавшруулж байдаг. Хэдийчинээ гүн итгэж байна, амьдрал нь төдийчинээ сайхан байх болно. Харин эсрэгээр бодвол амьдрал эсрэгээр л эргэнэ.

Иймээс хувь заяаг тань жолооддог итгэл үнэмшлээ (оюун санаагаа) зөв чиглүүлж сурах хэрэгтэй.

Өнгөрснийг бодох хэрэггүй, одооноос л өөрийнхөө тухай, ирээдүйн амьдралынхаа тухай зөв сайн төсөөлөлтэй бол! Гол нь эхлээд хандлагаа өөрчил! Бүх зүйлээс заавал сайн талыг нь олж хар. Хичнээн муу зүйл байлаа ч нааштай нэг юм байдаг гэДгийг бүү мартаарай. Нөхцөл байдлыг чи яаж дүгнэнэ, чиний бодсоноор л болно гэдгийг алхам тутамдаа сана.

Олж авсан эерэг итгэл үнэмшлээ алдаж болохгүй тогтоон барьж сурах хэрэгтэй. Үүний тулд цаасан дээр бичээд ханандаа хадаж, өдөр бүр харж, давтан хэлж болно. Эсвэл “Би ингэж, тэгж ажиллаад удахгүй саятан болно. Амьдрал сайхан байна. Эхнэр (нөхөр) маань маш сайн сайхан хүн” гэх мэтээр утсан дээрээ бичлэг хийгээд өдөр бүр харж уншиж байх хэрэгтэй. Ингэж итгэж чадвал амьдрал чинь ямар сайхан болохыг удахгүй мэдэрч эхэлнэ.

Гэхдээ дотоод ухамсар гэж байдаг. Дотоод ухамсар зарим үед аль нэг өнгөрсөн үеийн явдалтай холбоотойгоор өөр итгэл үнэмшлийг гаргаж ирдэг тал бий. Энэ үед л өөрөө өөрийнхөө эзэн гэдгийг санаж, аль зүг рүү амьдралаа чиглүүлмээр байна гэдэг сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Та дүрслэлийн хүчний тухай мэдэх байх. Сэтгэл санаа өндөр байгаа үед ганц өөртөө биш, ойр дотны хүмүүстээ ч гэсэн дүрслэлийн аргыг ашиглан аз жаргал, эд баялаг хүсэж гуйвал маш үр дүнтэй болдог байна. Гэхдээ дүрслэлийг гүйцэтгэхэд ихээхэн уран сэтгэмж хэрэгтэй болдог аж. Хялбархан уулзалдаж байхын тулд өөртөө болон ах дүүдээ машин, найз нөхдийгөө цуглуулж байхын тулд том байр, хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгчдээ аз жаргалтай байлгахын тулд бизнесийн амжилт, буяны үйл хэрэгт хандивлах мөнгө гэх мэт...

Хувь заяагаа хэрхэн удирдах ерөнхий зарчим ердөө л энэ.

Эх сурвалж: "Соёмбо"