sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри байшингийнхаа ойролцоох гудамжны цасыг цэвэрлээгүй учир Массачусетс муж улсын Бостон хотын эрх баригчид 50 доллароор торгосон гэж тус хотын тохижилт үйлчилгээний алба мэдэгджээ.

Өнгөрсөн өдрүүдэд Бостон хотод хүчтэй цасан шуурга болж, 500 мм гаруй хур тунадас унасан байна. Гэрийнхээ гаднах цасыг цэвэрлэхгүй бол торгоно гэж хотын дарга Мартин Уолш анхааруулсаар атал түүний энэ шийдвэрийг Керри зөрчсөн нь илэрчээ. Тэрбээр хотын төвийн ойролцоох 1899 онд баригдсан таван давхар тоосгон байшинд оршин суудаг аж. Уг харш 11.5 сая доллароор үнэлэгддэг гэнэ.

Цас орох үеэр Керри Саудын Аравийн ван Абдалла бен Абдель Азиз Аль Саудыг оршуулах ёслолд оролцож байжээ. Төрийн нарийн бичгийн дарга удахгүй торгуулиа төлнө гэдгийг Керригийн төлөөлөгч Глен Жонсон мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: