sonin.mn

УИХ Монгол хэлний тухай хууль хэлэлцэх нь. Хэл цэвэр тунгалаг байвал улс үндэстний маань дархлаа бөх бат байх болно. Техник, технологийн хөгжлийг дагаад хүмүүсийн ялангуяа хүүхэд залуусын хэл ярианд төдийгүй бичиж найруулахад ихээхэн өөрчлөлт гарч буй нь ажиглагдах боллоо. Хүмүүс мессежээр харилцахдаа үг товчлон хэдхэн үсгээр санаа бодлоо илэрхийлэх болсон нь цаг хэмнэх, хурдан шуурхай байх талаасаа сайн ч алив хүний уран яруу, цэгцтэй, зөв сайхан найруулан бичиж сурахад сөргөөр нөлөөлж байх шиг.

Интернэт орчин дэлгэрэхээс өмнөх үеийн ахмадууд аав, ээж, ахан дүүс, хайртай хүндээ зориулсан чин сэтгэлийн үгтэй захиагаар харилцдаг байлаа. Санаагаа илэрхийлэхдээ үг, утгын яруу тансгийг эрхэмлэн шүлэглэн бичих зэргээр нягт нямбай ханддаг байсан. Гэтэл одоо үзэг цаас нийлүүлэн гараар бичихгүй болсон нь хүмүүсийн тархи оюунд муугаар нөлөөлөх болсныг хэвлэлд мэдээлсэн. Алив зүйлийг гараараа бичиж тэмдэглэж буй хүний оюун бодол илүү цэгцтэй ажиллаж, тархи толгой нь хөгжиж байдаг гэнэ.

Манайх монгол хэлний зохих төвшний боловсролыг дунд сургуулиас олгодог атал бичиг соёлын ажил эрхэлдэг, тэр бүү хэл сонин хэвлэлийнхэн хүртэл найруулгын болон үг үсгийн алдаа нэлээд гаргах юм. Тэр бүхнийг хэн ч анзаарахгүй бүр хэвшил болох нь. Тухайлбал, үг буруу сонгох, тодотгол гишүүнийг буруу байрлуулсан, үг хувиргаагүй зэрэг алдаа түгээмэл байна. Доорх жишээнээс та ч алдаа олохгүй байж мэдэх.

“...Хөтөлбөр сонгуулах журам батлагдсан. Энэ дагуу хичээлийн шинэ жилийн сүүлчээр оюутнууд хөтөлбөрөө сонгоно". “...Ардчилсан нам байгуулагдах хүртэл энэ намын гишүүн байсан. Тэрнээс хойш төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж...” Дээрх хоёр өгүүлбэрт орсон “энэ тэр” гэсэн үгс хувирдгийг анзаарсангүй. Зүй нь “үүний дагуу, түүнээс хойш” гэж найруулах байв.

“Тэгээд анхны улсын аварга шалгаруулах тэмцээндээ...”, “Бидэнд партнер бага болохоор эрчүүдтэйгээ бэлтгэл хийнэ”. Энэ ярьж буй хүн “улсын аварга шалгаруулах анхны тэмцээндээ...” оролцсоныг ийн найруулжээ. Алив юмны их багыг заадаг үгийг хүнд хамаатуулан хэрэглэсэн нь инээдтэй. “Партнер цөөн болохоор...” гэж найруулах байж. Партнер гэхийг орчуулаад хэрэглэх монгол үг олдоогүй юм байх. Эндээс үзэхэд хэвлэл мэдээллийнхэн ч эх хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, бичиж найруулахдаа илүү анхаарал болгоомжтой хандмаар санагдана.

Н.Бөхдамбий
Эх сурвалж: