sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсноосоо хойш 327 хоног болж буй онгоцыг “осолдсон” гэж Малайзын Засгийн газар албан ёсоор зарлан, дотор нь сууж явсан 239 хүн бүгд амиа алдсан гэж үзлээ. 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд явж байхдаа алга болсон энэ онгоцноос ямар ч ул мөр олдоогүй юм.

Эрлийн ажиллагааг явуулсаар байгаа ч онгоцонд сууж явсан 239 хүн одоо амьд байх магадлал бараг байхгүй гэж холбогдох албаны хүмүүс хэллээ. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт олон улс, тухайлбал Малайз болон Хятад томоохон эрлийн ажиллагаа өрнүүлсээр байгаа ч энэ онгоц хаана байгаа нь өнөө хэр тодорхойгүй байна.

Үүнийг осолдсон гэж албан ёсоор зарласан учир хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгох ажил удахгүй эхлэх бололтой. Уг онгоцны зорчигчдын олонх нь хятад хүн байсан юм. Хятад улсын дарга Си Зиньпин шинэ он гарахад телевизээр үг хэлэхдээ ”Гэртээ дахиж хэзээ ч буцаж ирэхгүй 154 иргэнээ БНХАУ үүрд мартахгүй. Бид тэднийг хэзээ ч мартахгүй. Тэднийг олохын тулд байж болох бүх аргаа бид хэрэглэх болно” гэсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: