sonin.mn

ВАШИНГТОН. /AP/.  Хиймэл оюун ухааны технологи хөгжиж байгаа нь хүн төрөлхтний санааг зовоох асуудал мөн гэж “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс үзэж байна. Ингэж үзэж байгаагаа тэрбээр “Reddit” сүлжээ хэрэглэгчидтэй онлайнаар харилцахдаа илэрхийлжээ.

“Супер оюун ухааны ирээдүйн хөгжилд би түгшиж байна. Машинууд эхэндээ бидний ажлыг ихээхэн хөнгөвчлөх боловч супер-оюун ухааныг эзэмшиж чадахгүй. Хэрэв бид зөв удирдаж чадвал бүх зүйл хэвийн байх болно. Харин хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан нь сэтгэл түгшээх гол асуудал болтлоо хөгжинө” гэж Гейтс ярьсан байна.

Тэрбээр энэ асуудал дээр “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск, Британийн онолын физикч Стивен Хокинг нартай санал нэг байгаа бөгөөд энэ асуудалд зарим хүн яагаад анхаарлаа хандуулахгүй байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хиймэл оюун ухаан системтэйгээр хөгжиж байгаа нь хүн төрөлхтөнд аюул учруулж байна гэж Хокинг урьд нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр хүнийг давж гарах чадвартай машинуудыг бүтээхэд тун ойрхон байгаад түгшиж байна гэдгээ илэрхийлжээ.

Харин Маск MIT их сургуульд 10 дугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр хүн төрөлхтний өмнө тулгарч буй “бодит аюул”-аар хиймэл оюун ухааныг нэрлэсэн бол энэ сард тэрбээр хиймэл оюун ухааны “нөхөрсөг” зан чанарыг дэмжин хөгжүүлэхэд 10 сая долларын хөрөнгө оруулахыг санал болгосон байна.

Дашрамд дурдахад “Microsoft”-ийг үндэслэгч Гейтс өөрөө хиймэл оюун ухааныг хөгжүүлэх технологийг хөгжүүлдэг аж. Ийм технологид ашигладаг бүтээгдэхүүнүүдийн дотор “Kinect” мэдрэгч тоглоом, “Cortana” дуу хоолойгоор команд биелүүлэгч болон боловсруулах шатандаа байгаа бусад төслүүд багтана.

Д.Жаргал

Эх сурвалж: