sonin.mn

СИДНЕЙ. /ITAR-TASS/. Австралийн Сидней хотын “Lindt” кафед хүн барьцаалсан хэргийг шүүхээс мөрдөн шалгаж эхэллээ. Хэт давруу үзэлтэй лалын шашинтан Харон Монис гэгч тус хотын төв талбай болох “Martin Place”-д оршдог кафед үйлчлүүлэгчид болон ажилчид нийлсэн 17 хүнийг барьцаалсан хэрэг 2014 оны 12 дугаар сарын 15-нд гарсан билээ. Цагдаа нар болон гэмт хэрэгтнүүдийн хооронд 17 цаг гаруйн турш сөргөлдөөн болсон юм. Шөнө дундын үед хэв журам сахиулагчид шууд дайран орох ажиллагаа явуулснаар гэмт хэрэгтнийг устгажээ. Энэ үеэр барьцааны хоёр хүн амиа алдсан юм. Барьцаалагдсан эмэгтэй Катрин Доусон цагдаа нарын нэгийнх нь бууны суманд оногдож амиа алдсан нь тогтоогджээ.

Энэ мөрдөн шалгалтын гол зорилго нь цагдаа нар ажиллагаагаа хэтрүүлсэн үү, хүний амь эрсдэхээс зайлсхийж болохгүй байсан уу гэдэг асуултын хариуг олох явдал аж. Австраличууд мөн Харон Монис яагаад сул чөлөөтэй явж байсны шалтгааныг мэдэхийг хүсч байна. “Шейх Харон” нэрээрээ зартай Харон Монис Иранаас цагаачилж иржээ. 2013 онд тэрбээр эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэргээр мөрдөн шалгагдаж байсан боловч дараа нь барьцаагаар суллагдсан байна. Онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан хүн яагаад сул чөлөөтэй явж байсан бэ гэдэг асуултад одоогоор хэн ч хариу өгөөгүй байна. Одоо байгаа мэдээллээс үзвэл, гэмт хэрэгтэн ямар нэгэн хэт давруу үзэлтнүүдийн эсвэл террорист бүлэглэлтэй холбоогүй байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: