sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ онгоц нь “Boeing 747-8” байх болно гэж тус улсын Агаарын цэргийн хүчний сайд Дебора Ли Жеймс мэдээлжээ.

“Ерөнхийлөгчийн онгоц бол АНУ-ын хамгийн содон бэлгэ тэмдгүүдийн нэг бөгөөд бас Ерөнхийлөгчийн ажлын өрөө болдог билээ. “Boeing 747-8” онгоц нь Америкт үйлдвэрлэсэн онгоцнуудаас төрийн тэргүүний ажлын шаардлагыг бүрэн хангасан цорын ганц онгоц юм” гэж Жеймс хэлжээ. Ерөнхийлөгчийн шинэ онгоц дөрвөн хөдөлгүүртэй, их биеийн хэсэг нь өргөн талбайтай аж.

Төрийн тэргүүнд онгоц нийлүүлэх өрсөлдөөнд мөн “Airbus” компани өрсөлджээ. Уг компани Францад угсарсан “А380” онгоцыг санал болгосон байна. Онгоцыг худалдан авах эцсийн үнийг хараахан тогтоогоогүй байна. Учир нь цэргийнхэн “Boeing”-той холбоотой техникийн нарийн ширийн зарим зүйлийг ярилцаж амжаагүй байгаа аж. Одоогоор Цагаан ордны тэргүүн “Boeing 747” онгоцыг ашиглаж байгаа юм. Энэ онгоц үүргээ маш сайн гүйцэтгэсэн боловч “шинэчлэх цаг нь болсон” гэж Жеймс хэлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: