sonin.mn

МүОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой сөрөг мэдээлэлүүд өнгөрсөн хугацаанд маш их гарч байсан. Тодруулбал, МүОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2013 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгүүлэх шийдвэр гарч байсан.

Ингээд энэхүү шүүхийн шийдвэр 2009 оны өршөөлийн хуульд хамрагдаж тэрбээр өршөөгдөж ялаас чөлөөлөгдөж байсан юм. Энэ бүхний дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар 24-ны өдөр МүОХ-ны бүх гишүүдийн хурал болж түүнд дахин итгэл хүлээлгэн 97.8 хувийн саналаар 2016 оны хүртэл дахин тус хороонщг удирдуулах шийдвэр гарч байсан юм.

Харин түүнийг энэхүү албан тушаалыг хашиж болохгүй хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Их аварга, Д.Дагвадорж тэргүүтэй бусад холбоодын албаны хүмүүс Д.Загдсүрэнгийн хууль бус үйл ажиллагааны талаар олон ч удаа мэдээлэл хийж байсан билээ. Д.Дагвадорж хэлэхдээ “МүОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө завшсан, төрийн өмч шамшигдуулсан хэргээр энэ оны нэгдүгээр сард шүүхээс ял сонсч байсан. Гэсэн ч Өршөөлийн хуульд хамрагдан хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

Тэрбээр тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан хуулийн зөвлөх Б.Наранцэцэгтэй нийлж МүОХ-ны өмчийн гурван тэрбум 800 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэдэг нь илэрч шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч, эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил ял ногдуулсан. Өнөөдөр спортын шударга өрсөлдөөн гэж алга.

Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа тамирчдын дээр энэ мэт хог шаар шиг хүмүүс байгаад зэвүү хүрээд байна. Түүнээс биш би албан тушаалын амбиц хөөж ийм зүйл яриагүй. Олон улсад монголын нэр хүндийг сэвтүүлж байгаа хүн МүОХ-г тэргүүлэх ёсгүй. Д.Загдсүрэнг энэ суудлаас буусан цагт санаа амарна” гэх мэдээллийг хийж байсан юм. Юутай ч энэ бүхний эцэст МүОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм.

-Өнгөрсөн хугацаанд таны талаар нийгэм бараг хоёр хуваагдчихаад байсан асуудлын гол нь яг юу юм бэ. Та яагаад өнөөдрийг хүртэл дуугуй явсан юм бэ?

-Хүмүүс энэ асуудлаас болж хоёр хуваагдаад байх хэрэггүй гэж бодсон учраас би өнөөдрийг хүртэл нэг ч удаа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсангүй. Бүр тодруулж хэлбэл, хэвлэл мэдээллээр гарахыг ч бодсонгүй анх удаа та нартаа уг мэдээллийг хийж байгаа нь энэ. Миний гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн үндэслэл нь “Нийслэл өргөө” ХХК 30х100 метрийн хэмжээтэй газрыг тамирчдын зочид буудал цогцолбор барихаар зураг төслөө хийгээд эхлүүлэх гэж байсан.

Энэ ажлын гүйцэтгэлийг дээрх компани хийх байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэрээр МүОХ-нд 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр намайг гурван жилийн хорих ялаар шийтгэж 2009 оны өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Ингээд дээрх газраа ч буцааж МүОХ-ны нэр дээр шилжүүлсэн. Түүнээс миний эсрэг байгаа хүмүүсийн ярьж буйгаар би нэг ч төгрөг хувьдаа зашсан зүйл огт байхгүй.

-Олон улсын олимпийн хороонд таны тухай бичиг явуулж хариу нь ирсэн гэсэн. Ямархуу утга агуулагтай хариу ирсэн юм бэ?

- Дээрх хүмүүс ОУОХ-нд Д.Загдсүрэн ял авсан тул МүОХ-г удирдаж болохгүй, Олимпийн Харти болон дүрмээ зөрчиж байна гэсэн утгатай захидал илгээсэн юм билээ. Саяхан тус хорооноос манайд ирүүлсэн мэдээлэл болон холбогдох бичиг баримтуудыг ОУОХ-ны ёс зүйн хороотой хамтран нарийвчлан судалсан гэдгийг тэмдэглэсэн байна билээ. үүнд “ОУОХ нь энэхүү асуудал нь МүОХ-ны гишүүдийн хурал, тухайн улсын холбогдох байгууллагуудын мэдэж байгаачлан дотоодын асуудал мөн гэсэн дүгнэлтэд хүрлээ. ОУОХ-ны Олимпийн Хартийг зөрчсөн асуудал байхгүй тул дотоодын асуудалд оролцох шаардлага байхгүй байна гэж үзэж байна” гэсэн хариу ирсэн.

-Таны эсрэг хэвлэлийн бага хурал хийлгэсэн хүмүүс Д.Загдсүрэнгийн гар хөл болсон хүмүүс түүнийг хэлмэгдсэн мэтээр ОУОХ-нд ойлгуулж байна. Тус хорооноос үнэнийг мэдвэл МүОХ-ны гишүүнчлэлийг цуцална гэж ярьж байсан?

-Олон улсын олимпийн хорооныхон нарын шалгаж үзнэ шүү дээ. Манайхаас оролцох асуудал байна уу, дотоодын асуудал байна уу гэж үзээд л шийдвэрээ гаргаж байгаа байх.

-Тэгвэл таныг шүүхээс ял сонсч байсан хүн энэ ажлыг хийж болохгүй гээд байгаа. үүн дээр та ямар байр суурьтай байна?

-Манай дүрмэнд шүүхээс ял авсан хүн ажлаа хийж болохгүй гэж байхгүй. ОУОХ-ноос хариу ирсэн. Тэдний зүгээс надтай холбоотой энэ асуудал ОУОХ-ны Хартийг зөрчөөгүй байна гэсэн.

-Ер нь танай хороо Олон улсын олимпийн хорооноос хэдий хэрийн хэмжээний санхүүжилт авдаг юм бэ. Ер нь энэ бүх асуудлын ард хэн нэгний ашиг сонирхол яваад байна уу?

-Манай олимпийн хороонд жилд дунджаар 300 мянган ам. долларын санхүүжилт орж ирдэг. Дээрх ам.доллараас 130 мянга нь захиргаа, аж ахуйн зардалд, үлдсэн нь хөтөлбөр, төсөлд зориулагдсан байдаг. Тухайлбал, дасгал­жуулагч­дын сургалт, тамирчдын тэтгэлэг, олимпийн хөдөл­гөөнд, спортын холбоодод дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тодорхой хөтөлбөрүүдэд зарцууулагддаг. Бид хөтөлбөр бүрийн тайланг тухай бүрт нь гаргаж ОУОХ-нд явуулдаг.

Дээрх санхүүжилт олон төсөл хөтөлбөр хэрэг­­жүүлэхэд хан­­галттай хүрэлцдэггүй гэдгийг манай спорт холбоодынхон сайн мэднэ шүү дээ. Манай ажилтнуудын дундаж цалин 450-600 мянган төгрөг. Ажилласан жил, эрхлэж буй ажлаас шалтгааан хэлбэлзэлтэй байдаг. Харин ашиг сонирхолын тухайд гэвэл надад мэдэх юм алга. Ер нь ардчилсан нийгэмд спортын холбоодыг толгойлж байгаа хэн ч юу ч ярьж болно. Эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Тиймээс дэмий хүн хардаад хэрэггүй байх.

Эх сурвалж: