sonin.mn

ЖЕНЕВ. /Xinhua/. Украины зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны улмаас 1000 орчим хүүхэд Донецк хотын бөмбөгдөлтөөс хамгаалах нуувчид орохоос өөр аргагүйд хүрээд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан өчигдөр мэдэгдлээ.

Украины зүүн  нутгийн хямралаас болж, хүүхдүүд асар их дарамтад байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Украин дахь төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. Ариун цэврийн шаардлага хангаагүй, зай багатай, хүйтэн зоорь, бөмбөгдөлтөөс хамгаалах байранд орогнохоос өөр аргагүй болсон гудамжны, гэр орон нь сүйрсэн болон ядуу айлын хүүхдүүдийн байдал маш эмзэг байна гэж тэрбээр мэдэгдэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр, 2014 оны гуравдугаар сараас хойш хямралд өртсөн газар нутгийн 1,5 сая хүн орон гэргүй болж, эдгээр хүмүүсийн 500 мянга орчим нь Зүүн Европын орнууд руу дүрвэж, нэг сая орчим нь Украинд байгаагаас 130 мянга орчим нь хүүхэд байна. Хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг НҮБ-ын уг байгууллага Хүүхдүүдийг аюулд оруулахгүй байхыг Украины хямралд холбогдох талуудаас шаардаж, хямралд өртсөн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: