sonin.mn

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит “Алтан бийр’ үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр уран дарханы бүтзэл тодорсон цаг саяхан. Энэ бол алдарт Дарьганга хийцээр урласан ташуур байсан бөгөөд түүнийг дархан Л.Мянганцэцэг урласан аж. Энэ удаагийн дугаарыг өөрийн “Од Хан” брэндийн гоёл чимэглэлээ гаргахаар ч шамдаж байгаа Монголын цөөхөн эмэгтэй дархчуудын нэг Л.Мянганцэцэгтэй ярилцлаа.

-Монголд эмэгтэй уран дархан их цөөхөн байх. Яагаад заавал энэ мэргэжлийг сонгочихов оо?

-Мэдэхгүй юмаа /инээв/. Би зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай “Ирээдүй” цогцолборын монгол зургийн ангийг Сүхбаатар багшийнхаа удирдлаган дор төгссөн. Тэндээсээ Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн орж Энхдаваа багшийнхаа шавь болж байлаа. Ингэж л уран дархан мэргэжлийгэзэмшсэн. Хүний сэтгэлийн дуудлага гэж байдаг байх.

Түүнээс биш манай удамд тийм айхтар үе дамжсан уран дархан байхгүй. Харин миний өвөө гарын ур дүйтэй, дээр үед урчуудын артельд туслах ажил хийдэг хүн байсан. Өвөөгийн урласан нэг мөнгөн аяга бий. Өвөөгийн минь авьяаснаас надад жаахан юм өвлөж ирсэн юм байлгүй. Дээр нь сайхан багш нартай учирсан нь миний аз, хувь тавилан байх. Ер нь хүүхэд байхаасаа л мод, чулуу, төмрөнд дуртай, гудамжнаас тахийчихсан хадаас олж түүгээд л, тэрийгээ тэгшлээд сууж байдаг хүүхэд байлаа.

-Эмэгтэй уран дархан гэхээр хүмүүс гайхаж хүлээж авдаг байх. Тийм хандлага мэдрэгдэнэ биз?

-Гайхдаг шүү. Зарим хүмүүс бараг “Энэ юу хийж чаддаг юм” гэсэн янзтай, бассан маягтайгаар ханддаг л юм. Үг хэлнээс гадна хүний биеийн хэл гэж байдаг шүү дээ. Тэр нь мэдрэгддэг л юм. Зарим нь ч “Айхтар том биетэй хүүхэн юм болов уу гэж бодсон чинь жижигхэн, годойсон охин зогсч байна" гээд л инээдэг юм. Зарим нь юмаа хийлгээд авсныхаа дараа ч итгэдэггүй. Зарим нь “Хажууд чинь сууж харъя" ч гэдэг. Иймэрхүү тохиолдлууд зөндөө шүү.

-Уран дархнаасаа гадна зурдаг, бас ч үгүй баримал хийдэг юм байна?

-Сургуульд заалгасан мэдлэгээ л ашиглаж байгаа юм. Ер нь дүрслэх урлагийн салбарт байгаа хүн заавал нэг юмаа дагнаж хийгээд байх албагүй л дээ. Дүрслэх урлагийн бусад чиглэлүүдэд хөрвөх чадвартай л байх ёстой. Би дан ганц монгол уран дархан хийгээд явна гэхэд хэцүү л дээ. Тийм учраас давхар орчин үеийн урлагтай хөл нийлүүлж явах нь зүйтэй болов уу. Тэгэхээр аль алийг нь л хөгжүүлэх ёстой.

-Зурах зурахдаа модерн тал руугаа түлхүү зурдаг юм шиг?

-Тийм ээ. Модерн, суралист байж магадгүй. Би өөрөө суралист нөхөр юм шиг байгаа юм. Уг нь бол бүх урлагийн үндэс суурь нь реализм. Гэхдээ зарим уран бүтээлчид “Реализм бол хоносон хоол” гэх мэтээр маш аймшигтай хэлдэг. Харин би бол үүнийг эсрэг. Яахав тухайн хүний сонирхол л мэдэх хэрэг. Би бол янз бүрийн зүйл бодож, түүнийгээ бичиж, бичсэнээ бүтээл болгохсон гэж боддог. Хүн чаддаг зүйлээ л хийх хэрэгтэй байх. Хүний сэтгэл зүрх, мэдрэмжийн асуудлыг уран бүтээлдээ илүү их тавьдаг учраас модерн, суралист нь надад зохидог юм.

-Бас шаггүй шүлэгч бүсгүй шүү дээ?

-Оролдоод л, бичээд л байдаг юм. Түүнээс биш мэргэжлийн хүмүүстэй харьцуулшгүй шүү дээ.

-Шүлгийн түүвэр эмхэтгэж байгаа гэсэн. Түүнтэйгээ зэрэгцээд үзэсгэлэнгээ гаргах сураг дуулдана лээ?

-Бичээд л яваад байсан нь ганц нэг хүний анхааралд өртсөн юм шиг байна. Нэлээд хэдэн хүмүүс одоо ном боох болчихжээ гэсэн санал, зөвлөгөөг өглөө. Тэр бүгдээс урам, зориг авч эмхэтгээд үзэхээр шийдсэн нь энэ. 400-гаад шүлэгнээсээ 200-гаадыг нь сонгосон. Ер нь бодоод байхад бид бодит байдалдаа дэндүү дуртай хүмүүс юм. Хүний биеэр үйлдсэн үйлдлийг хуулиас гадуур л бол гэмт хэрэг гэж үздэг шүү дээ. Тэрэнд ямар нэгэн ял өгч ялладаг. Тэгвэл сэтгэл ч гэсэн маш олон төрлийн гэмт хэргийг үйлддэг шүү дээ. Муу муухай сэтгэл өвөртлөх замаар. Би саяхан “Хэрвээ сэтгэлийн үйлдсэн гэмт хэрэгт ял оноодог байсан бол би аль хэдийнээ цаазын ял авах байж” гэж бодсон юм. Энэ ном бол миний зүрх гэдэг эрхтний үйлдсэн гэмт хэргүүд, тэрний үр дүн байна.

-Тэгвэл үзэсгэлэнгийн тухайд?

-Нэлээд эртнээс бодож явсан болохоос биш шийдээгүй байсан юм. Саяхан “Blue moon" галарейгаас уламжлал болгон зохион байгуулдаг “Модернизм ба инстелаци” үзэсгэлэнд оролцож, тэндээсээ тэргүүн байрын шагналыг авсан юм. Шагналын бай нь энэ галарейд арав хоног үзэсгэлэнгээ гаргах эрх байлаа. Энэ нь уран бүтээлч хүний хувьд маш том шагнал. Залуу уран бүтээлч бидэнд санхүүгийн асуудал байнга тулгарч байдаг. Үзэсгэлэнгийн танхимаа үнэгүй олчихно гэдэг маш том боломж. Тийм болохоор номоо ч гаргаж, үзэсгэлэнгээ ч дэлгэе гэж бодсон юм. Миний ном, номын орчин тэнд байг. Би номондоо, шүлгэндээ зориулсан бүтээлүүдээ тэнд тавья гэсэн бодолтойгоор л төлөвлөөд байна. Ямар ч байсан ирэх дөрөвдүгээр сарын эхээр байх болов уу даа.

-Үзэсгэлэнгийн нэр их сонин байна?

-“Зүрхний хэргүүд”. Нэг ёсондоо үзэсгэлэн дэлгэгдэх арав хоногт Мянганцэцэг гэдэг хүний дотоод ертөнц рүү өнгийх боломжийг олгож байгаа юм. Миний тархи руу, миний зүрх рүү өнгий. Би ичих нүүргүйгээр өөрийнхөө сэтгэл дотроо үйлдсэн бүх гэмт үйлдлүүдээ дэлгэн харуулж байгаа юм даа.

-Таны шүлгүүдэд “Улаан буйдан” гэсэн үгс их байдаг?

-Сонин л доо. Би урлангийнхаа булангийн буйданд их хайртай. Үүнийгээ би улаан гэж төсөөлдөг юм. Би өөрөө ч улаан өнгөнд их дуртай. Нэгэн бодлын тэр шүлгүүдэд гардаг улаан буйдан нь би өөрөө. Би юу ч бодож болно, би юу ч сэтгэж болно. Хэн ч намайг хорихгүй. Энэ биеэ амьдарч байх хугацаандаа би өөрөө ашиглана. Урлан доторх улаан буйдан гэдэг чинь би өөрөө л байгаа биз дээ.

-Тэгэхээр уран бүтээлд нь улаан өнгө бас давамгайлдаг байх нь?

-Өнгөнд баригдахыг хүсдэггүй ч би өөрөө их хүнд өнгөнд дуртай. Магадгүй миний ааш ч нөлөөлдөг байх. Улаан, цагаан, хар гэсэн өнгөнүүд миний уран бүтээлд давамгайлдаг байх. Үзэсгэлэн гарахаар мэдрэгдэх байх. Хүн гэдэг эцэг эхийн улаан цагаан дуслаас бүрэлддэг шүү дээ. Харин хар өнгө бол эцэг өнгө. Тийм ч болохоор энэ гурван өнгөнд дуртай.

-Таныг зарим уншигчид телевизийн салбарт ажиллаж байснаар нь санаж байгаа байх. Ямар тохиоллоор тэс өөр энэ салбарт хөл тавьчихав аа?

-Ёстой “Тэнэг хүнийг тэнгэр ивээдэг" гэдэг шиг л. Би уг нь их дуу цөөтэй, дотогшоо хүн. Сүүлд “Неrо” энтертайнментийн хөтлөгчийн курст сурсан юм. Төгсөөд л ТВ-9 телевизэд ажилд орсон. Нэвтрүүлэг ч хийж эхэлсэн. Сэтгүүл зүй гэж том салбар руу нэг мэргэжлийн бус нөхөр давхиад орсон. Юу ч мэдэхгүйдээ л орсон байх Түүнээс биш дотроо ямар гэдгийг нь мэдэж байсан бол айдас төрсөн байсан. Дурандаа дийлэгдээд л орсон нь тэр. Сүүлдээ үнэхээр дурласан. Энэ салбар маш хүчтэй, том салбар дээ. Тиймдээ ч сэтгүүл зүйг дөрөв дэх засаглал гэдэг байх. Бид энэ том зүйлзээс нийгмийг хаашаа л бол хаашаа эргүүлэх чадалтай. Энэ боломжийг атгасан дээрээ монгоын соёл урлаг, соёлын өв гэж зүйлийн талаар хүмүүст хүргэх юмсан гэсэн зорилготойгоор нэвтрүүлгэс хийж байлаа. Монголчуудын гэдэг нь биш тархи нь илүү өлсжээ гэдгийг нэвтрүүлгээ хийж байхдаа анзаарсан байсан. Тэр тустаа соёл урлагийн салбарт. Одоо бол телевизийн ажлаа завсарлачихаад байна. Үзэсгэлэнгээ гаргасны дараа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ.

-Залуу уран бүтээлчдийн нөхцөл бололцоо ямархуу байна вэ. Урлагийн байр, үзэсгэлэнгийн танхим гээд асуудал зөндөө гардаг байх?

-Зовлон тоочоод л байвал дуусахгүй л дээ. Асуудалгүй зүйл гэж хаа байх вэ. Нэг үеэ бодвол сайхан л болж байна. Гадны янз янзын хөтөлбөрүүдэд оролцох боломж нээгдэж байна. Гадны зураачид манай уран бүтээлчдийн сэтгэлгээ рүү их өнгийдөг боллоо. Яагаад ч юм манай уран бүтээлчдэд монгол үнэр байгаад байдаг. Монголчуудын ноён зан бүтээл дээр нь илэрч, ихэмсэг зүйл харагдаад байдаг. Энэ бүхэн тэдний сонирхлыг татдаг. Юм л бол төр, төрийн шийдвэрийг харж суух биш, дор дороо хөдөлмөрлөөд явбал боломж бий.

-Шинэ, залуу уран бүтээлчдийг хувийн үзэл бодлоор дарах явдал гардаг болов уу?

-Аль ч салбарт тийм зүйл байдаг байх. Манайд ч тэр. Жаахан үзэл бодол зөрчилдөх, эсвэл үнэнийг нь хэлчихээр дургүй нь хүрдэг зүйл бий. Багш нар шавь нараа булаацалдах, нэр төрийн төлөө явдөг өрсөлдөөн аль ч салбарт байсаар л байна шүү дээ. Гэхдээ би нэг зүйлээс л айдаг. Миний хүүхдийг миний насан дээр ирэхэд урлагийг яг л ингэж өнөөгийнх шиг ойлгодог өлсгөлөн нийгэм байхаас айдаг.

-Ингэхэд багшийнхаа тухай яриач?

-Миний багш Д.Энхдаваа гэж хүн байдаг. Их мундаг уран дархан хүн төрийн соёрхолт Төртогтох сийлбэрчтэй хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг хийсэн. Тэр доторх Монголын нууц товчоо, Үндсэн хуулийн хайрцгуудыг хийсэн. Төрийн их ган тамгыг хийсэн. Миний багшийн бүтээлүүдийн ихэнхи нь Төрийн түүхийн музейд хадгалагддаг. Тэр мундаг хүн намайг эмэгтэй гэж гололгүй шавиа болгож авсанд нь би баярладаг. Тийм ч болохоор багшийнхаа итгэлийг алдахгүй уран бүтээлээ хийх юмсан гэж боддог доо.

А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"