sonin.mn

ВАРШАВ. /NHK/. Польшийн өмнөд нутагт байрлаж байсан Освенцимын хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ойг дэлхийн удирдагч нар болон тэнд хоригдож байсан хүмүүс өнөөдөр тэмдэглэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр буюу 1940 онд нацист Герман уг хорих лагерийг барьсныхаа дараа түүндээ 1.3 сая хүнийг хүчээр аваачин хорьсон гэдэг.

Тэднээс бараг нэг сая хүнийг хорт хийн камерт оруулах болон бусад хэрцгий арга хэрэглэн хөнөөжээ. Амиа алдсан хүмүүсийн олонх нь еврейчүүд байв. Өнөөдөр тус хорих лагерийн буурин дээр байгуулагдсан Үндэсний музейд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол болох юм.

Освенцимын хорих лагериас амьд мэнд үлдсэн 300 орчим хүнээс гадна Герман, Франц болон Өрнөдийн хэд хэдэн улсын удирдагчид уг ёслолд оролцоно. Тэд ийм эмгэнэлт явдлыг дахин давтан гаргуулахгүй гэдгээ амлан батлах юм. Амьд үлдэгсдийн олонх нь 80 гаруй настай учраас энэ удаагийн ёслол тэдний хувьд хамгийн сүүлчийн удаа тохиож байж магадгүй билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: