sonin.mn

Монгол цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд “Эгэл баатруудын эрэлд” хөтөлбөрийн хүрээнд Халхын голын дайнд агаарын хөлгөөр анхлан тараан хийсэн монгол нисэгч З.Бор, салааны дарга Б.Пунцаг, тогооч цэрэг Ж.Барс, холбооны сумангийн эх зохиогч Д.Лхагва, цэрэг Соёо Дорж, салааны дарга С.Лувсандамба зэрэг олон дайчдын гавьяа зүтгэлийг тодруулж сурталчилгаанд гаргасны дотор сонирхол татахуйц нь 1912 оны Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцогч Ө.Санжаажавын тухай юм.

Өлзийн Санжаажав гэх энэ эгэл баатар 1895 онд Засагт хан аймгийн Эрдэнэ бэйс хошууны нутагт төрсөн. 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан Хаант Монгол Улс нутаг орондоо эзэн суусан Манжийг хөөн гаргахын төлөө тэмцлийн хамгийн хүнд нь Ховдыг чөлөөлөхийн төлөө 1912 оны 08 дугаар сарын тулалдаан байсан билээ.

Чөлөөлөгч цэргүүд халх, барга, цахар, урианхай, дөрвөд, торгууд зэрэг монгол овогтны төлөөллөөс бүрдэл болж, тэднийг Магсаржав, Дамдинсүрэн, Сумъяа, Тогтох, Хайсан, Дамдинбазар, Дамбийжанцан нарын жанжин, сайд, санваартны төлөөлөгчид удирдаж, монголын өөр өөр угсааны хүмүүс нэгэн сэтгэлээр соёмбот тугийн дор нэгдэн ялалт байгуулсан.

Монгол туургатнууд олон зууны тэртээгээс үндэс, угсаа, газар шорооныхоо төлөө нэгдэж чаддаг, ялж чаддаг дайчин уламжлалыг түүхийн шинэ үед дэлхийн олон нийтэд үзүүлснээрээ улс төр, цэргийн дайчин уламжлалын ач холбогдолтой юм. Энэхүү баатарлаг үйлсийн эзэн 5000 гаруй эрсийн нэг нь эгэл баатар Ө.Санжаажав байжээ.

Баруун нутгаас дайчлагдсан цэргүүдийн дундаас адуучин эр, цэргээ таньдаг жанжны хараанаас гараагүй нь тодорхой. Алаг адуут овгийн Ө.Санжаажав Хатанбаатар С.Магсаржавын цэргийн агтчаар томилогдож дорнод, төв монголын адууг алтайн нурууны бэлчээрт дасгах, нутгийн адууны шилдгийг сонгон адгуулах зэрэг шаардлагыг хангасан өвөрмөц албанд сонгосон нь нэг талаас жанжны хүнээ таних мэлмий, нөгөө талаас тухайн эрийн чадвар байжээ.

Энэ сонголтыг үйл явдлын цаашдын өрнөлт баталгаажуулсан байдаг. Апиваа тэмцэл, тулалдааны дараа тонон дээрэмдэх үзэгдэл байдаг. Ийм асуудал ч Ховдыг чөлөөлсөн тулалдааны дараа гарч Хатанбаатар Магсаржав цэрэгтээ үзлэг хийтэл Сангийн хэрэмд байсан олон пүүс, мухлагаас дайчид янз бүрийн хэмжээтэй соруулуудыг олноор авч мориныхоо дэлэнд нуусныг илрүүлж хураажээ.

Гэтэл агтч Ө.Санжаажаваас нэг хуруу хиртэй жижиг соруул гарахад, Хатанбаатар “Чи үүнийг ав!” гээд хоёр төө хэртэй урт цагаан соруулыг бэлэглэжээ. Баатарлаг үйлс бүтээлцэж явсны баталгаа, жанжинд шударга, үнэнчээрээ үнэлэгдэж байсны баримт 2 төө соруулаа нандигнан хайрладаг байсан ч Ө.Санжаажав амьдралын эрхээр хожим нутгийн Бадаагийн Намжилдаа гэдэг хүнд есөн адуугаар солин наймаалцжээ.

1957 онд Б.Намжилдаа уг соруулаа орон нутаггаа ойрхон газар гээчихээд “Олсон хүнд өндөр шан өгнө” гэж амлан олны тусламжтайгаар ихээхэн эрэл зохион байгуулсан ч олдоогүй аж. Сэтгэл шингэсэн бэлэг гэж ийм л байдаг байх гээд хувилгаанаас авсан бэлэг эзнээ дагаад оджээ хэмээн сүсэглэн үлдсэн гэдэг.

Ө.Санжаажав цэргүүдтэй хамт явсан Жалханз хутагт Ж.Дамдинбазарыг тэмээнд мордуулан Ховд голыг гатлуулах хувь тохиож, түүний дараа Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт нар Мянгадын “Хөх хөтөл" гэдэг газар хүрч, цэргүүддээ адис хүртээж байжээ.

Хатанбаатар Магсаржав 1921 оны Ардын хувьсгалын үед баруун аймгуудыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тулалдаануудыг удирдаж явахад агтч Ө.Санжаажав дахин тааралдаж, цэрэг даргын ёсоор уулзан баяр хөөр болсон сонин түүх түүний монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэдгийг батална.

Монгол Улсын сэргэн мандлын хоёр хувьсгалд оролцогч эгэл баатар маань ардын хувьсгалын партизан гэдгээ батлахаар Ховд аймгийн партизан Найдангийн Дашзэвэг, Говь-Алтай аймгийн партизан Жавзангийн Дамрин, Яндагийн Дэндэв нарын тодорхойлолтыг өвөртлөн 65 насандаа 1957 онд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нартай уулзахаар зорьсон ч, уулзаж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

“Ардын хувьсгалын партизан” хэмээх эрхэм алдрыг төр засгаас албан ёсоор хүртээгүй ч нутаг ус, олон түмэндээ дуурсагдах алдар хүнд домог түүх нь түүнийг мөнхөлжээ.

Ө.Санжаажав Дэлгэрийн Гэнцэнтэй гэр бүл болж ханилсан. 5 хүүхдийн аав, ээж болсноос үүдсэн 60 гаруй хүн Алаг адуут Өлзийн Санжаажавынхан гэх овгийг бүрдүүлж байгаа гэнэ. Тэдний дотор сум нэгдлийн дарга, инженер, соёлын тэргүүний ажилтан, офицер, багш, барилгачин, малчин зэрэг нийгмийн бүх салбарт, улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хүмүүс байна.

1988 оны “Үнэн" сонины №4-т “Инженер С.Хаянгарав” гарчигтай найруулал нийтлэгдсэн нь Ө.Санжаажавын том хүүгийн ажил үйлсийг өгүүлсэн байлаа. С.Хаянгарав Зөвлөлтөд боловсрол эзэмшиж барилгын байгууллагад ажиллаж байхдаа вагон-цистернээр ирдэг олиф(маажин)-ийг цаг хүч хэмнэн өөр саванд юүлж авах нарийн төхөөрөмж санаачлан хийсэн тухай өгүүлжээ.

Тэрээр Зөвлөлтийн Шенкурск хотод мэргэжил эзэмшихээр очсон хүүхдүүдийн орчуулагч багш байхдаа ямар их зүтгэл, санаачилгатай, хүүхдүүддээ анхаарал хандуулдаг багш байсныг хамт ажиллаж байсан орос нөхөд нь хотын хэвлэлд бичиж байжээ. Бага хүү С.Дамба багшийг мэдэх шавь, эрдэмтэн мэргэд олон. Тэр олон жил орон нутагт багшилж байхдаа эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж тодорхой үр дүнд хүрч чадсан, орон нутгаас эрдмийн зэрэг цол горилсон цөөхөн багш нарын нэг.

1996 онд “Монгол Улсын түүхийн заах арга зүй” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 1997 онд Чингис хааны нэрэмжит ОУИЗИС-ийн профессор цол хүртсэн, мэргэжил нэгт олон нөхөд, шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм.

Ө.Санжаажавын гурав дахь үеийн эх оронч Дамбын Жаргалсайхан 1980-аад онд ЗХУ-д Цэргийн ар талын дээд сургуулийг онц дүүргэж, Зэвсэгт хүчний 126,120 зэрэг нэгтгэл, ангиудад нэр төртэй ажиллаж байгаад, хувийн хэвшилд шилжин монгол офицер хүний хүч, чадвараа үзүүлж, алс холын америк оронд чамгүй амжилттай, улс орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа бизнесмен юм.

М.Бямбарагчаа
Эх сурвалж: "Соёмбо"