sonin.mn

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Өвлийн спортын II наадамд оролцох ахмад тамирчдаа өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус наадам Канад улсын Кюбек хотноо энэ сарын 31-нээс ирэх сарын 08-ны хооронд болно.

Энэ удаагийн наадамд манай ахмад тамирчид анх удаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эх орноосоо удахгүй мордох гэж байна. Тус наадамд Монгол Улсын цанын спортын 28 удаагийн аварга ОУХМ Д.Энхээ, Монгол Улсын тэшүүрийн 15 удаагийн аварга, Тэшүүрийн спортын мастер н.Эрдэнэтуяа, өсвөр үе насанд хүрэгчдийн улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Очирсүх нарын алдар цуутай ахмад тамирчид шорттерк, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр оролцох юм. Энэхүү наадамд төрийн далбаагаа барьж оролцох ОУХМ Д.Энхээд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар алтан соёмбот тугийг гардуулан өгч, нийт баг тамирчиддаа сайн явж, амжилт гаргаад ирэхийг хүссэн юм.

Мөн энэ үеэр наадамд оролцох нийт тамирчид, дамжуулагчид болон багийн хамт олонд ЭМСЯ-наас их наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд зориулсан жигд хувцас бэлэглэв. Уулзалтад тус яамны Нийтийн биеийн тамир, спорт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, Ахмад тамирчдын холбооны ерөнхийлөгч Ж.Наранбаатар нар болон манай улсын алдар гавьяатай ахмад тамирчид оролцов.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ"