sonin.mn

Нийслэлд ганц байдаг архи, мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүст эмчилгээ хийдэг Наркологийн төв эмнэлгийн байр 1963 онд 25 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн зориулалтаар баригдаж байж. Гэтэл өнөөдөр энэ байранд дунджаар 52 хүн харьяалал хамаарахгүйгээр хэвтэн эмчлүүлж байна.

Уг нь донтох эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний чанарт орчин их чухал баймаар. Учир нь давчуу орчинд тэдний сэтгэцийн байдалд өөрчлөлт илэрдэг. Энэ нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг аж. Наркологийн эмнэлэг архинд донтсон иргэдийг арав хоног хэвтүүлж эмчилдэг юм байна. Харин бусад оронд архинд донтсон иргэдийг эмчлэх зардал асар өндөр байдаг аж.

Их мөнгө зарцуулсны үр дүнд иргэд эмчилгээнд ач холбогдол өгч архинаас гардаг гэсэн судалгаа гарчээ. Тус төв нь 30 орчим ажилтантай. 1999 онд 648 хүн эмчлүүлж байсан бол өнгөрсөн 2013 оны байдлаар 2038 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Эм тариагаар эмчлэхээс гадна сэтгэл засал, физик эмчилгээ хийдэг. Архи амьдрал, бие эрхтэнд хор уршигтайг ойлгуулах нь чухал. Олон улсын жишгээс харахад сэтгэл заслын эмчилгээ маш их үр дүнтэй байдаг гэнэ.

2006 оны судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 51.2 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орноос ч даруй хоёр дахин өндөр байгаа юм. Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 70 орчим мянган хүн эрүүлжүүлэгддэг. Гэтэл тус эмнэлэгт тэдний гурван хувь нь л хэвтэн эмчлүүлсэн байна шүү дээ.

Мөн жилд 4000 гаруй хүн хэвтэхгүйгээр өдрөөр эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авч байгаа аж. Тус эмнэлгийн барилгын насжилт дууссан тул энэ онд шинэ эмнэлгийг концессийн гэрээгээр бариулах асуудал яригдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зүйл алга. Аль 2009 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Уг нь бол 150 ортой сэхээн амьдруулах тасаг, мансуурах бодис хэрэглэсэн иргэдийг хэвтүүлдэг болон өсвөр үеийнхэнд зориулсан тасагтай таван давхар эмнэлэг баригдах сураг гарч, 180 сая төгрөгөөр барилгын зураг төслөө гаргасан. Эмнэлгийн шинэ байр баригдтал эднийхэн ашиглалтаас гарсан байрандаа ачаалал ихтэйгээр ажиллах нь.

А.Намуун
Эх сурвалж: "Нийслэл таймс"