sonin.mn



МОСКВА. /Sputnik/. ОХУ-д гарган авсан ХДХВ-ийн вакцин клиник туршилтын хоёр дахь үе шатыг давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Салагай өчигдөр мэдэгджээ. 2014 оны тавдугаар сард болсон Зүүн Европ болон Төв Ази дахь ХДХВ/ДОХ-ын талаарх Дөрөвдүгээр бага хурлын үеэр ХДХВ-д зориулан гаргасан гурван вакциныг танилцуулсан болохыг Салагай дурдсан байна.

Одоогийн байдлаар уг гурван вакцин клиникийн туршилтын эхний үе шатаа давсан бөгөөд тэдгээрээс нэг нь клиник туршилтын хоёр дахь үе шатыг давлаа гэж тэрбээр мэдэгдэв. Клиник туршилтын үр дүнг судлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээ дуусмагц ХДХВ-ийн үр дүнтэй вакциныг боловсруулах төслийг үргэлжлүүлэх ажээ.

Хүний дархлал хомсдолын вирус нь "Дархлалын олдмол хомсдол" /ДОХ/ өвчнийг үүсгэдэг бөгөөд цус болон биеийн шингэнээр дамжин халддаг байна. 2013 оны 12 дугаар сарын байдлаар дэлхий дээр 35 сая хүн ХДХВ-тэй, 1,5 сая хүн ХДХВ-тэй холбоотой өвчнөөр нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Одоогоор ХДХВ-ын вакцин хараахан гараагүй байна.

Д.Нямтулга