sonin.mn

Францын алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч Жан Коктогийн “Хүний дуу хоолой" моно драмыг “Black box" театрын уран бүтээлчид Монголд анх удаагаа тайзны бүтээл болголоо. Тус моно драмыг жүжигчин Б.Оюунзул амилуулсан бөгөөд түүнтэй уран бүтээлийн нь талаар ярилцлаа.

-Содон бүтээлээр үзэгчдийнхээ мэлмийг баясгадаг “Black box" театрынхан энэ удаад Францын жүжгийн зохиолчийн монодрамыг сонгон авч тайзнаа толилууллаа. Чухам яагаад энэ бүтээлийг сонгосон юм бэ?

-Би “Black box"  театрт ажиллаад жил гаруй болж байна. Энэхүү театрт ороод л пост модернист, абсурд бүтээлүүдтэй танилцсан. Түүнээс өмнө эдгээр бүтээлийн талаар төдийлөн мэддэггүй байлаа. “Хүний дуу хоолой" жүжгийг сонгон авахаас өмнө би Францын алдарт жүжгийн зохиолч Жан Коктогийн бүтээлийг ч мэддэггүй байв.

Энэ зохиолыг өнгөрсөн жил бидэнтэй хамтран ажиллаж байсан Буриадын найруулагч Олег Юмов надад санал болгосон юм. Тэрбээр “Чамайг энэ бүтээлд тоглоосой гэж хүсч байна" гээд зохиолыг нь өгсөн.

-Моно драм жүжигчнээс маш их уран чадвар шаарддаг. Ер нь бүтээлийнхээ санааг хэрхэн илэрхийлэх гэж оролдсон бэ?

-Би өмнө нь моно драмд бие даан ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ бүтээл миний хувьд өөрийгөө сорих нэг боломж болсон. Анхандаа энэ бүтээлийг амилуулж чадах юм шиг санагдсан. Гэтэл яг бүтээлтэйгээ ажиллаад ирэхээр маш их хүнд юм гэдгийг мэдэрсэн.

Моно драмаас өөр бүтээлд тоглоход миний жүжиглэлт тааруу байвал хамтран дүр бүтээж байгаа жүжигчин миний алдааг засаад аваад явчих давуу талтай. Гэтэл моно драмд жүжигчнээс бүх зүйл шалтгаалдаг.

Ер нь моно жүжгийг найруулахад их хүнд байдаг. Учир нь, хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргаж байгаа учраас ажиллахад амаргүй байдгийг ойлголоо.

Тиймээс жүжигчинд асар их хариуцлага, өөрийгөө ямар төвшинд байгааг мэдрэх боломж олгодог юм байна. Энэ утгаараа “Хүний дуу хоолой"-г өөрийнхөө мэдрэмжээр илэрхийлэхийг хичээсэн,

-"Хүний дуу хоолой” моно драм ямар агуулгатай бүтээл вэ?

-Уг бүтээл надад орос хөрвүүлэгтэйгээр ирсэн. Зохиолчийнх нь илэрхийлэхийг зорьсон утга санааг өрөөс алдагдуулж, гуйвуулаагүй. Ерөнхийдөө ганцаардсан эмэгтэйн тухай үйл явдал өрнөдөг. Өнөө цагт хүн хүнээрээ дутдаг, амьд харилцаа ховордож ихэвчлэн гар утас, фэйсбүүкээр харилцдаг болсон.

Энэ үед нэг нэгийгээ гэх хүний дуу хоолой, чин үнэн сэтгэл дутагдаад байгааг хөнддөг. Энэ бол ганц хүний жүжгээр дамжуулан үзэгчдэд хэлэх гэсэн мессеж. Гэхдээ энэ талаар жүжигт нуршаад, тайлбарласан зүйл байхгүй. Сонирхолтой нь, зохиол нь орчин үеийнх биш ч гэсэн өнөөгийн бидний нэг нэгэнтэйгээ харилцах хандлагын талаар өгүүлчихсэн байгаа юм.

-Энэхүү ганц хүний жүжгийг үзэгчдэд илүү ойлгомжтой хүргэхийн тулд техник технологийн дэвшлийг ашигласан гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?

-Жүжигт орчин үеийн техник технологи хэрэглээгүй. Техникийн дэвшлийг харуулсан гэдэг нь жүжгийг дэлгэцтэй хослуулсныг хэлсэн байх. Өөрөөр хэлбэл, жүжигчин тайзан дээр тоглож байхад ард нь давхар жүжиг гарч байна гэсэн үг юм.

-Ганц хүний жүжгийг илэхийлэхэд хөгжим их чухал байдаг. Та "Хүний дуу хоолой"-г толилуулахдаа хэний бүтээлийг ашигласан бэ?

-Нэрд гараагүй хөгжмийн зохиолчийн бүтээлийг сонгосон. Хэдийгээр жүжигтээ тааруулан хөгжмөө сонгож байгаа ч хүний чихэнд дасал болсон, мэдрэмж төрүүлсэн бүтээлийг сонгоогүй. Ер нь миний жүжиглэлтээс хол давсан хөгжмийг сонгохгүйг хичээсэн. Гэхдээ сонгосон бүтээл маань надад маш их таалагдаж байгаа.

-“Black box" театрын тайзаа зассан онцлогоос шалтгаалж жүжигчин үзэгчид дунд тоглох шаардлагатай болдог. Энэ удаад ч гэсэн та үээгчдийн дунд жүжиглэж байна уу?

-Тийм онцлогтой учраас жүжигчинд алдах эрх байдаггүй. Гэхдээ том тайзан дээр алдаа гаргадаг гэж ойлговол өрөөсгөл зүйл болно шүү. Үзэгчтэйгээ ойрхон байдаг учраас нулимс гаргаагүй байж худлаа уйлах эрхгүй байдаг.

Энэ удаагийн бүтээлийн хувьд надад үзэгчдийнхээ дунд орж тоглосон хэсэг байхгүй. Үзэгчидтэй ойрхон байдаг болохоор илүү бодит мэдрэмж өгөх байх. Бас жүжигчин үзэгчдийн дунд амьд харилцаа үүсгэх боломжтой болдог.

-Бүтээсэн дүрийн хувьд тантай төстэй шинж чанар бий юү?

-Олон эмэгтэй хүн миний бүтээсэн дүрээс өөрийгөө олж харах байх. Учир нь, дурлалаас болж их багаар шархалж үзээгүй хүн үгүй байх. Тэр тусмаа эмэгтэй хүн хайртай хүндээ ямар хүлцэнгүй ханддагийг мэдэх хүн олон болов уу.

Энэ утгаараа ч, эарим нэг талаараа ч хүмүүст их ойр санагдана. Гэхдээ миний бүтээсэн дүр амьдралаас хэтийдсэн гутранги үзэлтэй байж магадгүй. Дурлалдаа хэт их автчихсан эмэгтэй юм даа. Түүнээс болоод өөрийгөө тусгаарлаж ганцаардуулсан.

Ийм байдалд орсон хүмүүс амьдралд олон байдаг шиг санагдсан. Саяхныг хүртэл энэ бүтээлийг миний амьдралаар бичсэн юм шиг санагдаж байлаа. Гэтэл яг дүрийг нь бүтээсэн чинь надаас өөр байсан.

-Зохиолын хувьд ажиллахад хэцүү хэсэг байв уу?

-Жүжгийн эхлэл хэсгийг тоглоход хэцүү байсан. Дунд хэсгээс нь дүр маань өөрийнхөө талаар ярьдаг болохоор арай хялбар болдог. Олон өдөр гэрээсээ гаралгүй ганцаардалд автсан эмэгтэйн сэтгэл зүйг илэрхийлэх амаргүй юм билээ. Энэ жүжгээс би маш их зүйл сурч байна.

-Та өмнө нь “Хатагтайн айлчлал” жүжигт тоглож байсан. Ер нь энэ таны бүтээж буй хэд дэх гол дүр вэ?

-Би анх “X ТҮЦ" продакшны "Сэрүүн хасын нууц" жүжигт бага хатны дүрийг бүтээж байсан, “Black box" театрт ирээд дэлхийн сонгомол дөрвөн том жүжигт тогложээ.

Монголд өмнө нь тоглож байгаагүй тэр жүжгүүдийн гол дүрийг бүтээхдээ ихээхэн туршлага хуримтлуулсан. Гэхдээ одоо ч гэсэн надад сурах зүйл их байна. Жан Коктогийн “Хүний дуу хоолой" ганц хүний жүжиг миний хувьд тав дахь уран бүтээл минь болж байна даа.

-Та өмнө нь хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан билүү?

-Долдугаар ангиасаа МҮОНРТ-ийн хүүхдийн рөдакцад орж оюутан болтлоо хөтлөгчөөр ажилласан. Хүүхэд байхдаа Саранхүү багштай жүжгийн дугуйлангийн “Цоглог" студид сурдаг байв. Аравдугаар ангиа төгсөөд СУИС-д элсч Л.Лхасүрэн багшийн шавь болсон.

Л.Чаминчулуун, Б.Даваа миний тайзны ярианы багш байсан. Биднийг хоёрдугаар курсэд байхад Л.Дэмидбаатар асисент багшаар орж ирсэн. Л.Дэмидбаатар багшаасаа их эрч авдаг байсан даа.

Жүжигчин хүний мэдрэмж их хөгждөг. Тийм болоод ч тэрүү аливаа зүйлийг хуурна, аргалчихна гэсэн бодол байдаггүй. СУИС-д анх ороход л Л.Лхасүрэн багш “Эхлээд хүн бай. Дараа нь жүжигчин бол” гэж захидаг байлаа. Энэ маш их учиртай үг байсныг одоо л илүү ойлгож байна.

-Аливаа дүрийг амилуулахын тулд жүжигчин судалгаа хийдэг. Тухайлбал, наймаачны дүрийг бүтээхийн тулд тэр хүний зан ааш, нүүрний хувирал гээд бүгдийг ажиглах шаардлагатай болдог байх. Үүнтэй адил танд амьдрал дээр судалгаа хийж байсан тохиолдол бий юү?

-Мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарна. Тэр болгонд сурч, судалдаг, Хамгийн анх хог түүдэг хүнийг дагаж, хэрвээ тийм дүр бүтээх болбол ингэнэ гэж судалж байсан. Багш нар маань ч гэсэн дүрийнхээ нүдний хөдөлгөөнөөс эхлээд нүүрний хувирал, алхаа гишгээ гээд бүгдийг нь судлахыг зөвлөдөг.

Сүүлд “Хатагтайн айлчлал" жүжигт тоглохдоо өөрөөсөө өөр дүр бүтээсэн учраас судалгаа хийх шаардлагатай болсон юм байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: