sonin.mn

Удахгүй шинэ жилийн баяр болно. Охиндоо, хүүдээ, аав, ээждээ, амрагтаа, найз нөхдөдөө ямар бэлэг авахаа сонгохын тулд хямдрал зарласан дэлгүүр бүхнийг зорино.

Хүмүүсийн худалдан авах чадвар гэхээсээ илүүтэй бэлэг нь цаад хүндээ өгөөжтэй байгаасай гэдэг үүднээс ном худалдаалах дэлгүүрийг зорих хүн олширсон байна. Тухайлбал, “Интер ном” худалдааны дэлгүүр үйлчлэгч болгондоо хөнгөлөлтийн картыг 2000 төгрөгөөр өгч байлаа.

Гэтэл баярын үеэр уг хөнгөлөлтийн картаа ашиглах гээд очтол урдаас “Манай бүх бараа хямдарсан учир хөнгөлөлтийн картаар үйлчлэхгүй” гээд сууж байна.

Баяр дээр нь баяр нэмэх бус зүгээр л “Хөнгөлөлтийн картыг манайхаас өөр газраар битгий үйлчлүүлээрэй гэж зарсан юм аа” гэдгээс өөрцгүй сонсогдож байгаа биз. Жилдээ хэдхэн тохиох баяраар хөнгөлөлт эдлэх, урамшуулал авах гэж хөнгөлөлтийн карт авснаас бус өдөр бүхэн ороод ном аваад, хөнгөлөлт эдлээд байдаг нь ч, завтай нь ч хэд билээ дээ.

“Интер ном” хэрэглэгчдээ хулхиддаг, гашуухан хэлбэл “Иддэг ном” болж хувирч байгаа юм биш биз. Уг нь манайдаа монополь шахуу, иргэдэд үйлчилгээ нь ойртсон, сонголт сайтай, ном худалдаалах зах зээлд манлайлагч, үйлчилгээ сайтай гэдгийг хүн бүхэн мэднэ.

Үйлчлүүлэгчдээ татахын тулд олон ажил хийж байгаагийн нэг нь хөнгөлөлтийн карт гэж ойлгож байсан. Гэтэл хямдарсан үнээр үйлчилж байгаа гэдэг тайлбар хэлээд хөнгөлөлтийн картаа хэрэгсэхгүй байгаа нь энэхүү карт нь зүгээр л сурталчилгаа эсвэл ээлжит заль байсан ч юм шиг.

Давуу эрх эдлэх гэж, өдөр бүхэн биш юм гэхэд байнгын худалдан авалт хийдэг урамшууллаа хүртэх гэж хөнгөлөлтийн карт эзэмшинэ үү гэхээс “Баярын хямдралаар үйлчилдэггүй, та бусадтай адилхан бай” гэсэн шаардлага тавиулах гэж хөнгөлөлтийн карт эзэмшдэггүй.

Хөнгөлөлтийн карт хямдралд хамаарахгүй гэж картан дээрээ бичээгүйн төлөө “Интер ном”-ыг шүүхэд өгөх эрх иргэн танд нээлттэй гэдгийг дашрамд бас дуулгая.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: