sonin.mn

“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар шинэчлэн УДБЭТ-т энэ сарын 24-28-нд тавих гэж байгаа билээ. Жүжгийн гол дүрд тоглох гэж буй авьяаслаг охин Г.Үлэмжтанантай ярилцсанаа хүргэе.

-Өөрийгөө уншигчдад танилцуулна уу?

-Намайг Ганбатын Үлэмжтанан гэдэг. Би 11 настай. “Орчлон” сургуулийн 6С ангид сурдаг. Би “Цөмөөхэй" балетын шалгаруулалтад орж, Клара охины дүрд тэнцсэндээ үнэхээр их баяртай байгаа.

-Шалгаруулалтад орж байхдаа сандарсан уу?

-Бусад тэмцээнд оролцож байсан үе шигээ сандарсан. Бүртгэлд нь хамрагдахдаа тэнцэнэ гэсэн итгэл байсан ч гол дүр бүтээнэ гэж төсөөлөөгүй. Бүртгэлийн танилцуулга дээрээс заавал балет бүжиглэдэг биш ер нь бүжиглэх эв дүйтэй бол шалгаруулалтад орж болно гэсэн байсан.

Тэгээд Хүүхдийн ордонд очоод анкетаа бөглөөд шалгаруулалтад нь дүүтэйгээ орсон. Ах, эгч нар суучихсан, бидний хувцсыг солиулаад тав таваар нь тайзан дээр гаргаж, багш өмнө гарч хөдөлгөөнөө дууриалгаж хийлгээд дараа нь өөрсдөөр нь хийлгэсэн.

Гурав хоногийн дараа аав маань дүү бид хоёрыг тэнцсэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг гол дүрийн шалгаруулалтад ир гэсэн гэхээр нь хязгааргүй их баярласан. Аав надаар тоглоод байгаа юм шиг санагдаад “Нээрэн юм уу” гэж асуусан шүү.

Ээж маань бас маш их баярласан. Бид нар урьд орой нь зуслан руугаа оччихоод амралтын өдөр эргэж ирж шалгаруулалтад орсон. Аав ээж хоёр маань цаг зав гаргасан нь талаар болоогүй, үр дүн гарсан гэж бодож байна.

-”Цөмөөхэй”-н гол дүрд тоглохын тулд хэчнээн охинтой өрсөлдсөн бэ?

-Хүүхдийн ордонд болсон нэгдүгээр шатанд 230 хүүхэд оролцсон. Хоёрдугаар шат Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон. Гол дүрийн шалгаруулалтад оролцохоор 13 охин ирснээс тав нь шалгарсан юм.

-Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бэлтгэл хийлгэж, зааж сургаж байгаа шүү дээ. Хэр ойлгомжтой зааж байна?

-“Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Японы “К-Балет” компанийн бүжигчин Б.Батболд багш нар бидэнд бүжиг зааж бэлтгэл хийлгэж байгаад маш их баяртай байгаа. Мундаг хүмүүсээр бүжгээ заалгаж байгаа болохоор сайн бүжиглэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Би гол дүрийнхээ бүх хөдөлгөөнийг сурчихсан, бүжигчин ах эгч нарын дунд, мөн хүүхдүүдийн дунд, хичээл сургуулиа завсардуулахгүйгээр амралтын өдрүүд болон оройн цагаар бэлтгэлээ хийж байгаа. Энэ балет анх удаагаа хүүхдүүдийн оролцоотойгоор тоглогдох гэж байгаа гэсэн. Нийт 180 хүүхэд гурван хэсэгт хуваагдаад бэлтгэл хийж байгаа.

-Клара охин маш гоё даашинз өмсдөг шүү дээ. Даашинзаа ээж ааваараа авахуулсан уу, эсвэл цаанаас нь өгөх үү?

-Бид нарын өмсөх хувцас, хэрэгсэл, тайз, чимэглэлийн 11 зүйлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирсан. Энэ дашрамд сонинг уншиж байгаа аав ээж, эмээ өвөө нарыгаа энэ сарын 24-28-нд нийт таван өдер, долоон удаа тоглох жүжгийг ирж үзээрэй гэж хэлье.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Хичээлийнхээ хажуугаар өөрийгөө хөгжүүлэх зорилгоор бүжгээр хичээллэдэг. Би бүжиглэх их дуртай л даа. Анх хоёрдугаар ангид байхдаа Xүүхдийн ордны бүжгийн  дугуйланд Ч.Жаргалсайхан багшийн удирдлагад хичээллэж эхэлсэн. Бүх төрлийн бүжгээр дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Бүжгийн, тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарч байсан.

-Ямар амжилтууд гаргаж байсан бэ?

-”Өвлөн бүжицгээе 2014” Улсын XI уралдаанд бага насны гоцлолоор тэргүүн байр, “Алтан гадас 2014” олон улсын хүүхдийн наадамд үндэстний гоцлол бүжгээр дэд байр, Хонконгод болсон Азийн бүжгийн спортын зургадугаар наадамд тусгай байр, Солонгосын Инчён хотноо зохион байгуулсан Солонгос-Монголын хамтарсан бүжгийн спортын тэмцээнд дунд насны “Ча ча ча”, “Румба”, “Самба”, “Жайв" төрөлд хоёр жил оролцож, хоёр алт, гурван мөнгөн медаль авсан гээд олон амжилт гаргасан.

Ц.Заяа

Эх сурвалж: