sonin.mn

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор (РН.D) С.Мөнхсайхантай манай сурвалжлагч уулзаж, доорх яриаг өрнүүлжээ

-Эрдмийн их уурхайд хэрхэн хөл тавьснаас тань ярилцлагаа эхлэе?

-“Улаанбаатар” их сургуулийг 1997 онд Хэл утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн. Намайг эрдэм шинжилгээний ажилд хөтөлж оруулсан хүн гэвэл манай хүрээлэнгийн захирал, академич Л.Болд багш маань юм. Ер нь 3 дугаар дамжаанд сурч байхад л “Цаашид судлаач болох ирээдүйтэй” гэсэн дүгнэлт өгсөн байсан. Багш янз бүрийн асуулт тавина. Түүнд нь би л голдуу хариулдаг байв. Эндээс л тийм дүгнэлтэд хүрсэн байх.

-Мэдээж оюутны эрдэм шинжилгээний ажилд оролцдог л байсан байх даа?

-Тийм юм байгаагүй ээ. Гэхдээ судлаач, эрдэм шинжилгээний ажил хийх хөрс суурь бол байсан. Учир нь миний аав Ж.Сэржээ мөн монгол хэлний мэргэжилтэй, доктор хүн бий. Монгол хүний нэр судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, одоо МУИС-д багшилж байгаа. Бас нэлээдгүй хугацаанд Үндэсний номын сангийн захирлаар ажилласан.

-Эрдэмтний хүүхэд эрдэмтэн байхаас аргагүй. Харин ажилласан сэдэв тань сонин байна?

-Миний судалгааны ажлын үндсэн чиглэл нь эх бичиг судлалтай холбоотой. Бүр нарийвчилбал “Монголын нууц товчоо”-ны чиглэлээр ажилладаг. “Банзрагчийн төгсгөлийн үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр 2004 онд доктор (РН.D)-ын зэрэг хамгаалсан. Монголчууд '“Банзрагч”-ийг хүүхдэд ээлтэй судар гэдгээр нь андахгүй. Миний хувьд шашины зан үйл талаас нь судлаагүй л дээ.

-Өөрөө хэд хэдэн ботид ажиллажээ. Энэ тухайгаа?

-Бидний судалгааны ажлын нөгөө чиглэл нь монгол хэлний үгийн сан, толь бичиг судлал байдаг. Өөрөөр хэлбэл, хос морьтой гэсэн үг. Миний хувьд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийн IV ботийн зохиогч, V ботийн редактороор ажилласан. 2008 онд хэвлэгдсэн 5 боть ном нь монгол хэлний дэвсгэр суурь төдийгүй ямар нэг үгийн зөв бичгийг журамласан толь юм. Ганц жишээ дурдахад, “Тавих” гэдэг үг монгол хэлэнд 33 утга агуулсан байдаг. Мөн “Монголын үндэсний нэвтэрхий толь"-д ажилласан. Одоо ч жилласаар байгаа.

-Таны докторын ажлын нийгмийн ач холбогдол юунд орших вэ?

-Хуучны сурвалж бичиг судлал, дундад эртний монгол хэлний үгийн сангийн онцлогийг дэлгэрүүлэн судлахад хэрэгтэй. Ер нь орчин цагийн монгол хэлний зүй тогтлыг зөвөөр танин мэдэхэд эртний монгол хэлний судалгаа чухал. Гол нь эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулийн оюутнуудад зайлшгүй шаардлагатай.

-“Банзрагч" судрын орчуулга саяхныг хүртэл маргаантай байжээ. Харин таны эрдмийн ажлын судалгаа нэг мөр болгосон гэсэн?

-“Банзрагч” судрыг ХIV зууны үед Шаравсэнгэ гэдэг хүн дуун хөрвүүлснийг хэлний баримтаар нотолсон. Зарим эрдэмтэд Чойжи-Одсэр гэдэг хүн дуун хөрвүүлсэн гэж үздэг байсан.

-Таны цаашдын зорилго...?

-“Монголын нууц товчоо” судлалаар гурван томоохон цуврал бүтээл гаргахаар төлөвлөсөн. Эхний хоёр нь “Монголын нууц товчоо”-ны тайлбар толь, гурав дахь нь мөн “Монголын нууц товчоо’’-ны үгийн сан, утга зүйн судалгаа байх юм.

-Танай хүрээлэн БХИС-ийн БХЭШХ-тэй хамтран ажиллах боломжтой юу?

-Боломж байлгүй яахав. Ялангуяа, саяхан нээлтээ хийсэн “Цэргийн нэр томъёоны тайлбар толь'-ийг улам боловсронгуй болгоход цаашид хамтран ажиллаж болно шүү дээ.

-Залуу эрдэмтэн судлаач таны ирээдүйн их үйлсэд тань өндөр амжилт хүсье!

Дэд хурандаа Г.Баатарнум

Эх сурвалж: "Соёмбо" сонин