sonin.mn

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.

-Худалдааны зах төвлөрсөн газруудын замд түгжрэл их үүсч байна гэдэг. Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллагаас хөдөлгөөнийг сийрүүлэхийн тулд арга хэмжээ авсан ч бодит үр дүнд хүрч чадахгүй байна. Шалтгаан нь юундаа байна вэ?

-Замын автомашины түгжрэл олон хүчин зүйлээс нөлөөлнө. Үүнд, жолооч нарын дүрэм зөрчсөн ажиллагаанаас 40- 50 хувь нь шалтгаалдаг. Мөн худалдааны төвлөрсөн захууд нийслэлд байрладаг. Энэ нь түгжрэлийг үүсгэх томоохон хүчин зүйл болж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Нарантуул, Сүхбаатар дүүрэгт Барилгын материалын, Баянзүрх дүүрэгт Техникийн зах тус үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр зах нь замын хөдөлгөөний түгжрэл, сааталд ихэд нөлөөлж байгааг судалгаагаар баталсан.

“Нарантуул” захынхан амарсан өдөр Нарны зам болон ойролцоох газраар хөдөлгөөнд оролцоход ямар ч түгжрэлгүй байдгийг жолоочид мэддэг. Тус зах л гэхэд 9500 түрээслэгчтэй. Тэнд 2000 машины зогсоолтой. Түрээслэгчид өглөөнөөс орой хүртэл зогсоол дээрээ машинаа тавьчихна.

Харин захаар үйлчлүүлж буй иргэд машинаа тавих ямар зогсоолгүй учраас хаа хамаагүй газар, зөвшөөрөлгүй талбайд дур мэдэн тавьдаг. Үүнээс шалтгаалаад замын түгжрэл болон зам тээврийн осол ихэсч байна. Тиймээс хөдөлгөөний зохион байгуулалт, зогсоолын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.

-Замын түгжрэлийг сийрүүлэхийн тулд олон ажил хийж байгаа ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа юм шиг санагддаг?

-Замын түгжрэл нэмэгдэж байгааг нийслэлийн удирдлагууд болон ард түмэн мэдэж байгаа. Бид судалгааныхаа дүнг НЗДТГ-т танилцуулна. Ер нь орон нутгаас хотод ирж энэ захаас ачаа ачдаг том оврын автомашинууд олон байдаг.

Гэтэл жолооч нар нь 4-5 хоног “Нарантуул”-ын хашаанд машинаа байрлуулж ачаагаа ачдаг. Хэзээ дүүрнэ тэр үед л зогсоолоос хөдөлдөг. Энэ мэтчилэн хууль бус ажиллагаа олон байна.

Эхний ээлжид энэ мэт хууль бус ажиллагааг таслан зогсоож, гольдиролд нь оруулах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэх ёстой. Мөн хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоомоор байна. 16 чиглэлд гэхэд ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ хууль бус тээвэрлэлт хийсээр байна.

-“Нарантуул” захын зогсоолын дийлэнх хэсэгт микро автобус зогссон харагддаг. Хүн дүүртэл зогсоолд зогсдог. Үүнд ямар зохицуулалт хийх вэ?

-Микро автобуснууд замын хөдөлгөөнд байнга явдаг. Хэсэг зогсоод буцаад замын хөдөлгөөнд оролцож байгаа. Гэхдээ тухайн микро автобуснуудад хөдөлгөөний зохицуулалт хийх шаардлагатай. Хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүсийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтнаар цалинжуулж, хяналт шалгалт хийлгэмээр байгаа юм.

-Нэг хэсэг “Нарантуул” зах дээр автын байцаагчид ажилладаг байсан. Одоо ажиллахгүй байгаа юм уу. Заримдаа захын хойд талын зам түгжрэлд орчихсон байдалтай байдаг?

-Хяналтын байцаагчид гэрээгээр ажилладаг байсан. Замын түгжрэл бол их байгаа. “Нарантуул” захын хойд талын замд заримдаа замын цагдаа очиж зохицуулалт хийдэг. Хүн ч гарах зайгүй, машинууд нь нааш цаашаа хөдлөх ч зайгүй болдог. Тиймээс л энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.

-Жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэсч саатуулах төвд очих нь нэмэгдэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын тоо ихэсч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд орсон жолооч нарын тоо нэмэгдсэн нь судалгаанаас харагдаж байгаа юм.

Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Баяр болоод л өнгөрнө. Харин та ямар нэгэн хохирол амсаагүй байх нь чухал.

Ганц баяр тэмдэглэх гэж согтуугаар жолоо барьснаар тахир дутуу болж, амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлддэг. Мөн эд материалын хохиролд орсон жишээ олон. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос эрс татгалзах хэрэгтэй.

-Саатуулах төвд өдөрт хэчнээн хүн очдог вэ?

-Өдөр бүр харилцан адилгүй байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчлан саатуулдаг. Дэнжийн мянгын саатуулах байранд байрлуудаг байсан. Харин одоо нөхцөл байдал улам хүндэрч хуучин Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулдаг болсон.

Саатуулагдахгүй байх боломж иргэдэд бий. Юу вэ гэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахихад л ямар нэгэн асуудал үүсэхгүй.

-Баяр наадмаар зам тээврийн осол ихэсдэг. Замын цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Урьдчилан сэргийлэх үүднээс нийтийн тээврийн удирдлагуудтай ярилцаад шөнийн цагаар автобусыг үйлчилгээнд явуулах төлөвлөгөөтэй байгаа. Нийтийн тээврээр үйлчлүүлэх төдийгүй архигүй шинэ жилийг тэмдэглэх хэрэгтэй. Иргэд согтуугаар бүү хэл эрүүлээр замын хөдөлгөөнд оролцоход эрсдэлтэй цагт амьдарч байна

С.Ичинхорлоо

Эх сурвалж: