sonin.mn

“Хөвсгөлийн цэнхэр уулс” хэмээх нэг уран бүтээлчтэй хоёр бүтээл уншигч, уран зураг сонирхогчдын өмнө танилцуулагдах гэж байна. Энэхүү бүтээлийг “Бийрийн хүчний дутууг үгээр нөхсөн, үгийн хүчний дутууг өнгө бийрээр нөхсөн цогц бүтээл” гэж хэлж болно.

Монгол орон хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай. Харин гаднын зарим хүмүүс Монгол орныг зөвхөн говь, тэмээ хоёроор төсөөлдөг. Монголд үлэмж тансаг хангай нутаг байдгийн гэрч нь Хөвсгөлийн хойд хязгаар.

Цаатан ардын нутаг хойд хязгаарын байгалийн гайхамшгийг дэлгэн харуулахыг зохиогч гол зорилгоо болгожээ. Швейцар улсыг үзсэн хүний нас уртасгахаар үзэсгэлэнт байгальтай гэж дэлхий даяар шуугидаг.

Хөвсгөлийн хязгаарт ирсэн Швейцар иргэн “Энэ нутгийн дэргэд манай нутаг юу ч биш юм” гэж дуу алдсан гэдэг. Номын зохиогч ч энэ жуулчнаас дутахгүйгээр хойд хязгаарын байгалийн сайханд биширсэн учир энэ нутагт уяатай ботго шиг 5 жил өнжжээ. (1984-1990) Энэ хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан Цаатан, Дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа болон судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн номоо бүтээжээ.

Зохиолч хойд хязгаарын жилийн 4 улирлын амьдралыг мандан жаргах нартай нь, урсаж ургах гол мөрөн, ой шугуйтай нь, өсч үржих мал сүрэг, хүн зонтой нь, аж амьдрал, ёс заншлын нь хамтаар нүдээр үзэж, чихээр сонссон чигээр нь номондоо тэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Улаан Тайга”, “Дархадын Цэнхэр Хотгор”, “Мэнгэ Булгын Цаатан”, “Цагаан Нуурын Загасчид” тэр үед ямар байсан түүгээрээ л тэмдэглэгдэн үлдсэн. Мөн зохиогч бүтээлээ хар цагаан, өнгөт болон гар зургуудаар баяжуулсан нь “Хөвсгөлийн Цэнхэр Уулс”-ыг улам уншууртай, сонирхолтой болгожээ.

Монголчууд “Олзыг олуулаа” гэдэг. Зохиогч оломгүй далай шиг тэр их олзноос өөрт оногдсон өчүүхэн хувиа олон түмэн уншигчидтай хуваалцах үүднээс номоо туурвихаар зориг шулуудсан байна.

Ажиглалт, баримтан дээр тулгуурласан, фото болон гар зургууд (нийт 345 зураг чимэглэлтэй) агуулсантул “Хөвсгөлийн Цэнхэр Уулс” урлагийн гурван төрлийг багтаасан бүтээл болжээ. “Хөвсгөлийн Цэнхэр Уулс” ном шиг Цаатнуудын аж амьдрал, Хөвсгөлийн тайгын тухай ийм бүрэн хэмжээний цогц бүтээл өнөөг хүртэл Монгол хэл дээр хэвлэгдэн гараагүй байсныг 20 жилийн дараа Соёл, спорт аялал жуулчлын сайд Ц.Оюунгэрлийн дэмжлэгтэйгээр унших боломжтой болж байна.

Иймээс зураачийн энэхүү цогц бүтээлийн нэгээхэн хэсэг хөвсгөлийн тухай гайхалтай уран зургуудаас бүрдсэн үзэсгэлэнBlue moon art gallery-д  энэ сарын 28-30 ны өдрүүдэд 3 хоногийн хугацаатай гарах гэж байна.

Зураач Б.Нацагдорж нь 1944 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрж өссөн.

Тэрээр 1964 оноос Монголын Урчуудын эвлэлийн хороонд зураачаар ажиллаж 1967 оноос эхлэн өөрийн бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдээ монгол оронд төдийгүй Герман, Финланд, Япон, Америк, Франц, Испани зэрэг уран зураг өндөр хөгжсөн орнуудад гаргаж байсан.

Усан будгаар голлон зургаа зурдаг байсан түүнийг зураач нөхөд нь байгалийн зураач хэмээн дүгнэдэг байсан. Зураач Б.Нацагдорж нь дан ганц зураг зурахаас гадна өөрийн хайрлаж хүндэлдэг байсан зураач “Бан Гонгийн амьдрал уран бүтээл”, “Уран зургийн материал” зэрэг уран зураг сонирхогч залууст зориулан хэд хэдэн ном гаргасан.

Түүний уран бүтээлийг монголын төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2009 онд шагнаж байжээ.