sonin.mn

“Хэл бичгийн Их мэргэдийн баяр”-ын хүрээнд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъян гүнгийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Үндэсний номын санд боллоо.

Тус хурлыг Монгол Улсын ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ССАЖЯ, БШУЯ, Монголын Үндэсний номын сан, Монгол Судлалыг дэмжих сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлын үеэр БШУЯ болон ССАЖ-ын яамнаас мэндчилгээ дэвшүүлсэн юм.

О.Жамъян гүн Сангийн яамны сайд, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд, ШУА-ийн эх үүсвэр болсон Судар бичгийн хүрээлэнгийн дарга зэрэг төр, нийгмийн өндөр алба хашиж байжээ. Ингэхдээ Монгол Улсад номын сан, музей, архивын хэргийг үүсгэн байгуулж, бичиг үсэгт ард олныг тайлах үйл хэргийг манлайлж, Монгол Улсад Европ ёсны шинжлэх ухааныг хөгжүүлж, гэгээрэл, боловсролыг өргөтгөхөд онцгой хувь нэмэр оруулжээ.

Энэ үеэр эрдэмтэн судлаачид “Монгол Улсад  орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжихөд О.Жамъянгийн оруулсан хувь нэмэр”, “Монголын түүх соёлын судалгаа ба О.Жамъян”, “Монгол хэл шинжлэлийн хөгжилд О.Жамъян гүнгийн гүйцэтгэсэн үүрэг”,  “Уламжлалт монгол хэлзүйн бичгийн хөгжилд О.Жамъян гүнгийн оруулсан хувь нэмэр” сэдвээр тус тус илтгэл тавив.

Монголын Үндэсний номын сангийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор Ш.Чоймаа “О.Жамъян гүн Үндэсний номын сангийн үйл хэрэгт” сэдвээр илтгэл тавив. Тэрээр, “1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр гүн Жамъянг Судар бичгийн хүрээлэнгийн даргаар тохоон томилжээ.

Тусгаар тогтносон Монгол улсын соёл гэгээрэл, эрдэм шинжилгээний анхны суурь болох энэ байгууллагыг тэргүүлэх болсон Жамъян гуай тэр даруйдаа өөрийнхөө сууж байсан орос маягийн жижигхэн байшингаа суллан Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулж, хэрэг шийтгэн эхэлснээ арваннэгдүгээр сарын 21-нд нийтэд зарлан мэдэгдсэн аж.

Хүрээлэнг байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн, манжич Бат-Очир, хятадач Дандаа, Шагж зэрэг сэхээтнийг татан оруулжээ. Мөн Зөвлөлт Орос улсын нэрт эрдэмтэн Козлов, Владимирцов, Франц улсын монголч эрдэмтэн Пеллио, Польш улсын монголч эрдэмтэн Котвич зэрэг хүмүүсийг хүрээлэнгийнхээ хүндэт болон жинхэнэ гишүүнээр сонгон, тэдэнтэй харилцаа холбоо тогтоож байжээ.

Жамъян гуайг 1925 онд Буриад Монгол Улсын Эрдмийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгосон байна. Тэрбээр Судар бичгийн хүрээлэнг байгуулмагц ховор чухал ном судрыг эрэн сурвалжилж, цуглуулан, манж, хятад хэлээр буй ховор чухаг сурвалж бичгүүдийг орчуулах ажил хийлгэж байв.

Жамъян гуай өөрийн улсад байхгүй ховор ном судрыг олж ирэхийг мөн чухал хэмээн үзэж Бээжин, Шанхай хот болон Өвөр монголын нутгаар явж хятад, манж, төвд бас англи хэлээр хэвлэсэн ховор ном судрыг худалдан авч цуглуулан ирэхээр Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт нарыг дагуулан 1924 онд явж, бүгд 6973 төгрөг 15 мөнгийг зарцуулан, ном судрыг авчирч байв.

Ийнхүү явахдаа Монгол оронд урьд залаагүй байсан, хосгүй ховор сурвалж болох Монгол Данжуурын 226 ботийг Наянт вантай есөн зүйлт гэрээ хэлэлцээ байгуулж, үнэ өртөггүйгээр залж ирсэн юм. Жамъян гуай ийнхүү хүчлэн чармайж цуглуулсан ном судраараа Улсын номын санг үндэслэн байгуулсан гавьяат хүн билээ” гэлээ.

Эрдэмтэд түүний хойч үедээ үлдээсэн түүх, соёлын үнэт өв зэргээр санал солилцон, шинэ баримт, эх хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэд оруулах замаар шинжлэх ухааны шинэ мэдлэгээр Жамъян судлал, ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёлын судалгааг баяжуулахыг зорьжээ.

Хурлын үеэр “Жамъян гүн ба дэлхийд данстай өв соёл” үзэсгэлэнг толилуулсан юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг