sonin.mn

Физикийн шинжлэх ухааны доктор Г.О Ариунболд Нобелийн шагналтан эрдэмтэн Дадли Хершбахтай ярилцсан тухай бичлэгийг түүний хөтөлдөг “Г.Ариунболд багшийн Фэйсбүүк хуудас”-наас авч толилуулж байна. Түүний хөтөлдөг ФБ хуудас руу орж үзэхийг хүсвэл энд дарна уу.
 
Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан үйл явдал боллоо. Юу гэвээс биширч хүндэлж явдаг анд Дадли маань умгар гэрт минь гэгээ татуулан зочилж оройн зоог хамдтаа барилцаж сайхан хууч хөөрлөө.

Сайхан байлгүй ч яахав. Ахмад хүнээс туулж өнгөрүүлсэн амьдралынх нь баялаг туршлагаас нь ч, эрдмийн оргилд хүрч оройлсон түүхийг нь ч тэр, ер нь л энэ хүний элдэв яриаг чих тавин дахин дахин сонсох бүр нэг л бүлээхэн эерэг энерги авдаг юм.

Эгэл жирийн бусдын адил хүн шиг сайхан амьдарсанд нь л зориулаад Нобелийн шагнал онцлоод өгчихсөн байх гэж эндүүрмээр энгийн энэ хүнийг харахаар дэндүү даруу биш гэдгээ мэдэрч хирэндээ л өөрийгөө басхүү хамжааргадах.

“Дадли, тэгвэл яахав ингэвэл яахав, та юу гэж бодож байна?” гэж би зөндөө л асуудаг тэр болгонд тэрээр бүр нэг бэлэн жишээтэйгээр товхийтэл хариулах нь чухам ухааны далай л гэсэн үг. Бас наргианч шооч, яг л хөдөө нутагтаа хаяа нь шуулттай гэрт малчин ахтайгаа хөөрөлдөж байгаа мэт амар. – “Дадли, би активист болсон, жирийн олон түмний сайн сайхны төлөө тэмцэж эхэлсэн” гэхээр “Cайн байна, болж” гээд “атомын цахилгаан станцад ашигласан түлш сая жилээр ч үргэлжлэх хорт цацрагийн аюултай плутони агуулсан байдаг.

Мянга мянган тонн ашигласан цөмийн түлшийг зүгээр л агуулахад хураагаад байна гэдэг үнэхээр утгагүй, эрдэмтэд нэн аюултай цөмийн хаягдлыг аюулгүй болгох ямар нэг арга яаж ийж байгаад заавал олох хэрэгтэй” гэнэ.  “Дадли, би оюутан залууст зориулсан багшийн фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа, таны тухай бичиж болох уу” гэвэл “бололгүй яахав, хуудсаараа дамжуулаад миний мэндийг уламжлаарай” гэх. Тиймээс энэ удаад Дадлитай хөөрөлдсөн оройг бас залуус дүү нартайгаа хуваалцъя гэж машид хичээж дор сийрүүлэв.

“Симпсоныхон” хүүхэлдэйн киноны баатар Дадли

“Симпсоныхон” гэдэг хүүхэлдэйн кино дэлхийн өнцөг булан бүрт, айл бүрийн хойморт зурагтаар сав л хийвэл гарч байдаг даа. Олны танил дүрүүд ч бий. Тэдний нэг паржигнасан бүдүүн дуутай хүүхэлдэйн баатар бол Дадли.

Аль эртний дуу оруулсан нэгэн жижигхэн дүр хэдий боловч өнөө хир үө үө шуудангаар Дадлид чек ирнэ. Заримдаа хэдэн зуун доллар заримдаа хэдэн цент ч байх жишээтэй.

Оюуны бүтээлийг хаа нэгтээ хэн нэг нь үзсэн эсвэл үзүүлсэн л бол наймаа ёсоор оролцсон бүтээлцсэн хүмүүс хэзээ хойно ч байсан хувь ноогдлоо автоматаар хүртсэээр л байдаг жишиг бол энэ. Эргэж бусгаад, эвдэж сүйтгээд байдаггүй, тогтвортой нийгэмд амьдрахын ач.

Тэр байтугай одоо хүртэл Дадлид үзэгчдийн санал сэтгэгдэл мэр сэр ирдэг гэнэ лээ. Мэдээж сайшааж магтсан нь ч бий бас үгүй нь ч бий. Дадлигийн тод санаж байгаа нь “Хүүхэлдэйн кинонд ч яахав дээ зайлуул, дажгүй сайн л химич болж харагдаж байна, харин жинхэнэ амьдрал дээр ямар л олигтой юм байв гэж” гэсэн басамжлал.

Нээрээ жинхэнэ амьдрал дээр Дадли хир химич юм бол оо?

Шведийн хааны хатныг уулга алдуулсан нь

Дадли ахлах сургуулиа төгсөх үед хаширт хоёр боломж гараад ирж. Нэг нь Харвард нөгөө нь Стэнфордын их сургуулийн тэтгэлэг авах боломж. Дадли янхигар том биетэй. Миний хундэлж явдаг бөх, том хэмээх Санжаа зааныг санагдуулам.

Яагаав том Санжаа заан ард түмэндээ хүндтэй тэр хирээрээ онигоонд бас оромтгой. (Дашрамд сонирхуулахад, Санжаа заан чөлөөт бөхөөр олон улсын томоохон тэмцээнд барилдаж байв гэнэ. Өрсөлдөгч нь толгойг нь сугандаа хавчуулчихаад хэцүүхэн байхад нь дасгалжуулагч нь “толгойгоо ажиллуул” гэсэн чинь, “хөдлөгөхгүй байхад яаж толгойгоо ажиллуулах юм” гэсэн гэдэг.

Санжаа гуай урт гартай хүн тул хоёр гараа холбоотой чигээр нь өрсөлдөгчийнхөө ар нуруугаар тэр чигт нь доошлуулж бүр тахиманд нь хүрчихдэг, тэгээд дор нь давхар хамдаг байсан гэдэг). Яг л ийм том биетэй Дадли сургуулийнхаа Америк хөл бөмбөгийн шигшээ багт тоглож байсан тул Стэнфордын их сургуулийн тэтгэлэг авахаар болов. Харин Харвардын их сургуулийн тэтгэлэг бол спорттой огт холбоогүй юм. Гол нь сайн сурах л үүрэгтэй.

Тэгээд шийдвэр гаргах болж дээ. Ширэн бөмбөг хөөх үү, номын мөр хөөх үү гэж. Тэгээд Харвардыг сонгов. Дадли их сургуульд элсэхээр боллоо гэж хөдөө ферм дээр байгаа аав ээж ах дүүстээ хэлбэл цаадуул нь гайхаж байна гэнэ. Учир нь тэдний удамд их сургуулиар явж эрдмийн мөр хөөсөн нь хараахан үгүйн дээр цагаан гартан болж ширээний ард зүгээр сууна гэхээр нэг л сонин оргиод, ерөөсөө санаанд нь буухгүйгээр барахгүй харин ч бүр дургүйцэх янзтай.

Дашрамд дурдахад, фермчин гэхээр л тэнэг бүдүүлэг гэсэн үг огт биш л дээ. Тэд бол харин ч гярхай жярхай ажилсаг хөдөлмөрч хэнээс ч гуйлгүй амьдралаа подхийтэл аваад явчихдаг, тэрбайтугай хүн амыг хүнсээр хангадаг тийм л гүйлгээ хар ухаантай хат суусан хүмүүс.

Үүнийг батлах гэсэн мэт яриан завсар Дадли фермер ахыгаа өөрөөсөө илүү химич гэв. Бодоод үз дээ, химийн салбарт Нобелийн шагнал авсан хүн хэн нэгнийг өөрөөсөө илүү химич гэлээ. Үнэхээр ах нь нэгэн бизнөсийн санаа олж амжилттай хэрэгжүүлж чаджээ. Тариа, ногооны талбайд хаа сайгүй л шарилж ургадаг даа. Шарилж бол иш бөхтэй химийн будганд тэсвэртэйг ах нь анзаарч өөрийн гаргасан эсэн бусын будгандаа оруулж амьд цэцэгтэй хамт иж бүрэн цэцгийн баглаа боож эхлээд замаар яваа дэл сул машинд дайж борлуулсаар сүүлдээ бие даасан хувийн бизнес болгон өргөжүүлсэн гэдэг.

Аав нь ч бас тэжээвэр туулайгаар нэвт “мэргэшсэн” нэгэн. Та гайхаж байна уу, юун туулай гэж. Гярхай хүмүүс тул туулай тэжээх нь нохойноосоо ч илүү ач холбогдолтой гэдгийг мэдээдэхэж л дээ. Том чихтэй, алаг өнгөтэй үүлдрийг, том чихийг нь хэвээр улдээгээд биеийг нь эгдүү хүрмээр бяцхан байхуйц шинэ үүлдэр гаргангуут гүйлгээ улам л сайжирна биз дээ.

Дан ялангуяа Европ гэдэг чинь туулай гэхээр хүүхэд томчуулгүй нугасгүй юм гэсэн. Нохойны тэмцээн гэж л дуулсан болохоос туулайн тэмцээн гэж дуулаагүй. Гэтэл байдаг гэнэ, байх байхдаа бүр зэгсэн том юм болдог юм байх. Дадлигийн аав үүнийг л олоод харчихаж. Аав нь бүр тэжээвэр туулайн үүлдрийн талаар ном бичээд хэвлүүлсэн гэж байгаа.

Нэг нартай өдөр Дадлид ааваас нь эх ноорог шуудангаар ирж ном болгоод аль гэжээ. Олон үүлдрийн туулайн зураг нэр ус тайлбар сэлт туулайн тухай байхгүй юм үгүй гэнэ. Дадли гэргийн хамт редакторлов. Хэдийгээр нэлээд хэсгийг бүр цоо шинээр эвлүүлэн бичихээс өөр аргагүйд хүрч байсан ч яг л Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир”роман дээр гардаг Итгэлт баяны малын данс шиг нямбай цэгцтэй үнэхээр л ном болбол ч болохоор ноорог байж.

Ингэж аавынх нь жижигхэн цагаан ном хэвлэгдэн гарав. Бүүр хойно, аав нь өөд болсны дараа амбаараас нь бараг мянга гаруй ном нь боодолтойгоо тэвхийтэл гарч ирснийг Дадли хотынх нь номын санд хандивлажээ.

Хэрэв та Нобелийн шагнал авбал сая ногоон авахаас илүүтэй Шведийн хаан болон хатантай нэг ширээнд зэрэгцэн сууж зоог барьдаг уламжлал бий. Дотны хүмүүсээ энэхүү хүндэтгэлийн зоогт урьж бас болно.

Дадли аав ах хоёроо урьж дээ. Хатантан бээр Дадлигийн аав, хаан хоёрын дунд сууж таарч. Хөөрөлдөх явцад яалт ч үгүй туулайн тухай яриа боллоо гэнэ. Хатантан толгойгоо эргүүлээд хаандаа аавыг нь туулайны хоббитой гэдгийг хэлж байгаа бололтой. Хаан нэг юм хатны чихэнд шивнэнэ. Хатан эргээд ааваас нь асууна. Аав нь гэдрэг хариулна. Хатан толгойгоо эргүүлээд хаантанд “тээр харж байна уу” гэж дуу алдана.

Хаан тонгойж дахиад нэг юм хэлнэ, хатан ааваас нь асууна, аав нь хариулна. Хатан дахиад л “тээр харж байна уу” гэнэ. Ийнхүү Шведийн хааны хатантаныг дөрөв, таван удаа уулга алдуулж хаантаны туулайн тухай мэдлэгээс давна уу л гэхээс дутахгүйгээ нэг мөр харуулж чадсан эгэл нэгэн фермчин аавыгаа Дадли ийнхүү надад бахархан хуучилж суулаа.

Хийлчин эжий болон чавхдаст хөгжмийн дөрвөл

Охин минь зүгээр л бичих их дуртай. Уг нь усан спортоор Аризона мужийг байлдан дагуулж, Техаст аман хүзүүдэж чамгүй амжилттайгаар шаргуу хичээллэж байгаа боловч яг хобби нь гэвэл зохион бичлэг.

Үүнийг дуулаад Дадли их л олзуурхаж ер нь хүн бичгийн хэл соёлыг сайн эзэмшвэл ажил олдохгүйн зовлон гэж даана ч үгүй гээд хоёр охиныхоо тухай ийн хүүрнэв. Англи хэлнийх нь багш нь охидыг нь чангалж өгдөг байж. Дахиад бичээд ир, дахиад хуулаад ир гээд л.

Охид нь тэр багшдаа дургүй бараг л үзэн ядна. Одоо гэтэл энэ цаг үеэс эргээд харахад чухам л тэр багшийн ачаар бичгийн эрдмийг сайтар сурч одоо хоёр охин нь хоёулаа Харвардад доктор хамгаалж сайн сайхан гялалзаж яваа. Нэг нь бүр онцгой. Харвардыг эмчийн мэргэжлээр төгсгөж доктор болоод удалгүй Харвардын хуулийг төгсгөөд патентын компани байгуулжээ.

Бараг энэ төрлийн компанийг анх удаа гардан авч хөл дээр нь босгосон болохоор ч тэр үү, Харвардын биологи, хими, физик, анагаах бүх чиглэлээр патент авдаг алдар цуут эрдэмтэд түүний олон жилийн итгэлтэй үйлчлүүлэгч, найз нөхөд байх нь элбэг. Дараа нь бид нар хөгжмийн тухай хөөрөлдлөө. Бага сургуульд хүүхэд бүрт аль нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурах боломж олгодог.

Охин маань төгөлдөр хуур (piano), хийл (violin), том хуур (cello) харин хүү маань эрдүү хийл (viola) бага сага тоглоно. (Манайд бас хоёр ч морин хуур бий. Нэг удаа сод авъяастан Шинэцог Гени анд маань манайд ирэхдээ морин хуурын тэнгэрлэг аялгуугаар гэрийн жавар үргээж өгөөд явсансан.). Харин Дадлигийн нэг охин нь том хуур нөгөө нь хийл хөгжим сонгож дээ.

Охиныхоо хийлийг давтуулсаар удалгүй ээж нь ч хийл дараад сурчихаж гэнэ. Чавхдаст хөгжмийн дөрвөл болоход эрдүү хийл л сох дутаад Дадли бас эрдүү хийл дарж сурчээ. Ингээд гэр бүлийн дөрвөл хамтлаг үүсэх нь тэр. Найз нөхдийн хүрээнд олон удаа уригдаж тоглосон гэж байгаа.

Ээж хүн гэдэг нээрээ үр хүүхдийнхээ төлөө шаардлагатай бол хийл дарна л гэнэ шүү. Дашрамд дурдахад, Дадлигийн гэргий Жеоржин нь Харвардын коллежийн оюутны эрдмийн хөтөлбөрийн салбарын дэд захиралаар он удаан жил ажиллаж байгаад саяханаас тэтгэвэртээ гарчээ.

Судлаачийн баяр цэнгэл

Манай хүүгийн нэг найз бидэнтэй хамт оройн зоог бас барилцсан юм. Тэр Дадлигаас “та яг юугаар Нобелийн шагнал авсан юм бэ” гэж асуулаа.

Хүмүүс үргэлж л энэ асуултыг тавьдаг байлгүй. Дадли гурван янзын бэлэн хариулт өглөө. Нэг дэх хариулт. Молекулууд харилцан үйлцлэлцэхээр түм буман эх захгүй урвал явагдана. Үр дүнг нь таахын аргагүй бүдүүн бараг тойм маягтай.

Харин молекулыг цацрал болгон зам татуулан цувуулан нисгэж өөр нэг молекулын цацралаар хооронд нь огтлолцуулбал тодорхой хэсэг бүлэг урвалыг ялган таних боломжтойг харуулсан болохоор л энэ нэр хүндтэй Нобелийн шагнал хүртсэн болой.

Одоо хоёр дахь хариулт. Хөл бөмбөгийн тоглолт явагдаж байна. Цэнгэлдэхэд зуун мянган хүн хашгиран шуугилдаж байна гэж бодъёо. Цэнгэлдэхийн дээгүүр нисдэг тэргээр нисэнгээ хоёр хүн юу гэж ярилцаж байгааг чагнавал юу ч ойлгохгүй дээ. Тэгвэл Дадли болон түүний хамтрагч нарын арга нь цэнгэлдэхэд үзэгчдийн дунд суугаа хоёр хүний яриаг нисдэг тэрэгнээс тодорхой ялган чагнахтай адил.

Гурав дахь хариулт. За ер нь товчхондоо бол хүнд нэг мэргэн санаа харван орж ирэх, тэр санаагаа батжуулах, амьдрал дээр хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөхийн таашаал, жаргал цэнгэл юм шүү гэж билээ.

Ахадсан хийгээд гологдсон шагнал

Дадлиг зочид буудал руу нь хүргэж өгөх замдаа бид шагнал, алдар хүндийн тухай бас ярилцлаа. Би хэллээ “Хүн ер нь энэ “муу” шагнал одоо надад илүү дээ гэж бодох яг тэр мөчид май ав гээд шагнахад бусдын хэлдгээр нүдээ олсон алдар хүнд байх болов уу.

Харин шагналын хойноос шил даран хөөж давхих ч дэмий дээ” гэхэд Дадли толгой дохин зөвшөөрч өнөөгийн зарим судлаач нар илүү мөнгөтэй төсөл, нэр хүндтэй шагнал авах гэж ухаангүй зүтгэж байгааг шүүмжилж билээ. Гэхдээ л Европын цагаар, ихэвчлэн таныг дуг нойрондоо дугжирч байхад утас амьдралд ганц л удаа тохиолдох нэгэн мэдээг хүргэхээр жингэнэн дуугарч хэн нэгэн хүн Швед аялгаар нойрноос тань сэрээсэндээ эелдэгээр хүлцэл өчөөд Нобелийн хорооны өмнөөс таньд баяр хүргэе гэхэд энэ муу балай шагналыг чинь одоо яая даа байз авдаг л байх даа гэж бодно гэхээр …

Харвардын профессор, физикийн химич, Дадли Хершбах 1986 онд химийн салбараар өөр хоёр эрдэмтний хамт Нобелийн шагнал хүртсэн билээ. Дадли хэдийгээр химич боловч тэрээр бас мундаг математикч, квантын физикч хүн.

Цөмийн физикт хэрэглэгддэг аргыг химийн шинжлэх ухаанд амжилттай нэвтрүүлснийг химичид “олон хэмжээсийн арга” гэж нэрлэдэг. Аливаа бодлогыг бодохдоо эхлээд нэг, дараа нь хоёр, гурван хэмжээст гэх мэтээр хүндрүүлдэг нь түгээмэл дэлгэрсэн хуучны арга л даа. Гэвч аливаа бодлого хязгааргүй хэмжээст огторгуйд Дадлигийн онолоор санаанд багтамгүй хялбархан бодогддог гэвэл та итгэх үү.

Тэгээд ч тэр үү Дадли надад “Яагаад Үзэсгэлэн гоо Үнэн байдаг вэ” гэдэг Иан Стюартын тооны тэгш хэмийн түүхийн тухай сонирхолтой ном бэлэглэж билээ. 1986 оноос хойш Дадли маань одоог хүртэл шинжлэх ухаан танин мэдэхүйн төлөө нөгөө ясны хөдөлмөрч тэр л зангаа тавихгүй ажилласаар мэдлэг түгээсээр л. Олон ч их сургуулиуд Дадлиг байнга урьж илтгэл тавиулдаг.

Уран илтгэнэ гэж харин ч үзүүлж өгнө дөө. Хэзээ нэг цагт Дадли Монголд ирж олон нийтэд лекц унших байх гэж би боддог. Чингисийн Монгол цэргийн тактикийг английн шумбагч усан флот дэлхийн 2-р дайнд амжилттай хэрэглэсэн түүхийг Дадли ярих дуртай. Шумбагч онгоц дуу цацаж дайсныхаа байршлыг тодорхойлдог. Англичууд зугтаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр эсрэг дууг цацсаар дайсны шумбагч сум тусах зайнд ойртоход гэнэдүүлэн буудаж устгадаг нь яах ч аргагүй Монгол цэргийн тактик билээ. Дадли бол хүүхэд багачуулд зөв мэдлэг түгээгч, соён гэгээрүүлэгч билээ.

Тэрээр “Олон нийт ба шинжлэх ухааны төлөө нийгэмлэг” ийн удирдах зөвлөлийн даргаар олон жил ажиллаж, “Америкийн шинжлэх ухаан ба инженерчлэл их наадам” ын зөвлөх, Массачуссетсын их сургууль дээр зохиогддог ахлах сургуулийн хүүхдүүдэд зориулсан эрдэм шинжилгээний зуны хөтөлбөрийн дагуу тавигддаг алдарт лекцүүдийн цувралд оролцож лекц уншиж байв.

Хүмүүнлэгийн тунхаг бичиг

Андаа уг нь гүүглэддэггүй гэх боловч энэ тэмдэглэлийг бичих явцад Дадли маань бас хүмүүнлэг үзэлтэн гэдгийг сая л мэдлээ. Тэрээр “Хүмүүнлэгийн тунхаг бичиг” (The Humanist Manifesto)-т гарын усэг зурсан 22 Нобелийн шагналтны нэг юм байна. Энэ тэмдэглэлээ тэрхүү тунхаглалын Монгол орчуулгаар төгсгөхөөр шийдлээ.
Хүмүүнлэгийн тунхаг бичиг

I. Ертөнцийн тухай мэдлэг бол ажиглалт, туршилт, болон цэгцтэй шинжилгээний үр дүнд бий болдог.
II. Хүмүүн төрөлхтөн бол байгаль эхийн салшгүй нэг хэсэг бөгөөд зөнгөөрөө хувьсах өөрчлөлтийн үр дүн юм.
III. Хүмүүнлэг ёсны үнэлэмж бол хүмүүний амьдралаар шалгагдсан хэрэгцээ, сонирхлоос нь урган гарна.
IV. Амьдралдаа хийж бүтээснээрээ сэтгэл хангалуун байх нь хүмүүн төрөлхтөний төгс төгөлдөржихүйн үйлст оруулсан хувь нэмрээс нь улбаатай.
V. Хүмүүний мөн чанар бол нийгэмшихүй бөгөөд хамтын харилцааг эрэлхийлдэг.
VI. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж амьдрах нь хүмүүний жаргалын дээд нь юм.
VII. Хүмүүнлэг үзэлтнүүд бол хүмүүн төрөлхтөний сайн сайхны төлөө, хүмүүс харилцан адилгүйг хүлээн зөвшөөрч, энэрэнгүйн бусад үзлийг бас хүндэтгэдэг.

Г.О.Ариунболд багшийн фэйсбүүк хуудаснаас авав.