sonin.mn

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон билээ. Энэ жилийн энэ өдөр энэ сарын 23 буюу ирэх ням гаригт тохиож буй.

Эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Төрийн тэргүүн дээд шагнал Чингис хааны одонгоор нэг хүнийг шагнадаг. Тухайн жил Чингис хааны одонгоор шагнах хүнийг шагнал гардуулахаас 10 хоногийн өмнө олон нийтэд зарладаг.

Энэ жил дэлхийд нэрээ дуурсгасан Монголын XX зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг шагнахаар болсон билээ. Ингээд манай сонин Х.НАМСРАЙТАЙ уулзаж, ажил амьдралынх нь талаар хөөрөлдөж, ярилцсанаа хүргэж байна.

-Та их сониуч, туршилт хийх дуртай хүн байх, тийм үү?

-Сониуч, туршилт хийх дуртай гэхээсээ илүү аливаа юмны учир шалтгааныг олж, мэдэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилдаг зантай хүн гэх үү дээ.

-Физикч, химич, математикч мэргэжилтэй, ер нь эрдэмтэн хүн гэхээр л хамгийн түрүүнд туршилт хийх дуртай, сониуч байдаг юм шиг санагддаг. Ер нь та энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Юу таныг энэ мэргэжил рүү хөтөлснийг эргээд дурсан ярьж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Миний бие 1952 онд сургуульд орж 1962 онд арван жилийн сургуулиа дүүргэж байлаа. Ер нь 1960-аад онд шинжлэх ухааны маш олон нээлтүүд хийж байсан. Атомын энерги ашигласан цахилгаан станц байгуулж, агаар дээгүүр утаа гаргадаг онгоц нисч, сансар руу нохой нисгэж, дараагаар нь 1961 онд сансарт анх удаа хүн ниссэн гээд сонин шинжлэх ухааны нээлт, дэвшлүүд хийж байсан шүү дээ.

Дөнгөж сургуулиа төгсч байсан учраас тухайн үеийн үзэгдлүүд миний сонирхлыг ихээр татдаг байсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр шинжлэх ухааны нээлтүүд нь энэхүү мэргэжлийг сонгоход илүү түлхэц өгсөн. Ямар шинжлэх ухааны үндэстэй, яаж эдгээр нээлтийг хийсэн гээд цаад учрыг нь мэдэхийг их хүсч байсан.

Тухайн үед тоо физик, нарийн шинжлэх ухааныг сонирхож ирсэн нь ч нөлөөлсөн. Одоогийн залуус шинэ техник технологи руу хошуурч байгаа шиг 1960-аад онд шинжлэх ухааны шинэ онол, ертөнцийн үүслийн талаархи сонин содон нээлт, ном зохиол энэ мэргэжлээр хичээл зүтгэл гаргаж ажиллах эхлэлийг тавьж байсан даа.

-Та тэгээд учрыг нь олох гэж байсан шинжлэх ухааны нээлтүүдээ тайлж уншиж чадсан уу?

-Чадсан. Энэ мэргэжлийг эзэмшиж эхэлсэн цагаас л тайлж эхэлсэн. Тухайн үед эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрдэмтдийн бичсэн сурталчилгааны өгүүллэгүүд гардаг байлаа.

Цөмийн хүч гэж юу болох, яагаад цөмийн урвал явагддаг, наран дээр юу болдог, нарны аймаг гэж юу вэ гээд бүгдийг шинжлэх ухааны үүднээс нь тайлбарласан байдаг. Түүнийг уншаад тэр үеийн тодорхой ойлголтыг авдаг байсан. Тэгвэл орчин үед шинжлэх ухааны нээлт, мэдлэгийг өргөн дэлгэрүүлж нийгэмд мэдээлэл өгөх шаардлагатай байна.

-Энэ мэргэжлийг сонгочихоод хийсэн хамгийн анхны бүтээл тань юу байсан бэ. Тэр үеийн сэтгэгдлээ эргэн нэг дурсвал?

-Москвагийн их сургуулийн тавдугаар курсээ төгсөхдөө "Их энергитэй эгэл бөөмийн харилцан үйлчлэл" гэсэн дипломын сэдэв авсан. Амьдралд ойрхноор ярьвал байгалийн бактерыг үүсгэгч хамгийн жижиг хэсэг нь эгэл бөөм.

Тэдгээрийг хоорондох үзэгдэл, шинэ бөөм төрөх үзэгдлийг судалсан гэсэн үг л дээ. Энэ сэдвийнхээ дагуу Оросын физик, математикийн эрдэмтний удирдлага дор амжилттай хамгаалсан.

Миний дипломын ажил "Вестник Московского Университета"-ийн сэтгүүлд гарын авлага хэлбэрээр хэвлэгдэж байв. Эргээд бодоход тэр үе хамгийн бахархалтай эхлэл байсан юм даа. Түүнээс хойш олон судалгаа шинжилгээний ажил туурвисан.

-Таныг физик, математикийн чиглэлээр 30 орчим ном, сурах бичиг туурвисан гэж сонссон. Ер нь нэг судалгаа, ном сурах бичгийг гаргахад хэр хугацаа зарцуулдаг вэ. Таны физик, математикийн сурах бичгийн гол онцлог нь байдаг юм бэ?

-Одоогоор судалгаа шинжилгээний 40 гаруй бүтээл туурвисан. Нэгэнт л ном бичихээр сэтгэл шулуудаж оролдож эхэлсэн бол амархан. Эхний үед хэцүү байдаг ч гарт ороод ирчихвэл амархан болдог.

Анх ном бичиж байхад нэг хуудас материал бичихэд долоо хоногийн хугацаа шаарддаг байлаа. Харин гаршаад ирэхээр суугаад л биччихдэг болдог доо.

Сүүлийн үед миний гаргасан физик, математикийн сурах бичгийг хот хөдөөгүй өргөн хэрэглэж байгаад их урамшдаг. Миний гаргасан сурах бичгүүдийн гол ялгагдах онцлог нь нэмэлт мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн байдаг.

-Нэмэлт гэдэг нь практикт илүү суурилсан гэсэн үг үү?

-Тийм. Тухайн суралцагч илүү гүнзгийрүүлж сурахад зориулагдсан. Олимпиадад бэлдэхэд ашиглаж байна. Мөн зарим сурах бичгийг нь англи хэл дээр гаргасан. Энэ нь нэг талаараа хэлээ сайжруулахад дэм болдог. Гаднын улсуудад ч ашигладаг.

Миний бүтээлийн нэг хэсэг нь цэвэр судалгааны зориулалттай, мэргэжлийн хүмүүс уншдаг, дэлхийн томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, англи хэл дээр л байдаг. 50-иас илүү хувийг нь хүүхэд, залуучуудад зориулсан нийтлэг гарын авлага, ном эзэлж байна. Хамгийн өргөн хэрэглэж байгаа нь физикийн үндсэн сурах бичиг.

1400 гаруй хуудас  энэхүү сурах бичигт физикийн бүх нэр томъёо, бүх бодлогыг багтаасан учраас ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш нарын гарын авлага болж байна. Мөн математикийн үндсэн сурах бичгийг гаргасан. 

Ерөнхий боловсролын сургуульд математикийн бүх бодлого томъёог үзэж амждаггүй учраас тэр болгоныг нэлээд өргөн хүрээнд бичсэн ном болсон. Ер нь эрдэмтэн хүний үүрэг бол нарийн судалгаанаас гадна олон түмэнд зориулсан ном сурах бичиг гаргах явдал. Дэлхийд алдартай бүх л эрдэмтдийн зорьдог зүйл энэ юм.

ШАГНАЛ ӨӨРӨӨ ШАРГУУ АЖИЛЛАХ НЭГ ТҮЛХҮҮР БОЛДОГ

-Бид Ньютоны онол, Пифагорын теоромыг ашиглаж математик, физикийн бодлогыг боддог. Тэгвэл Намсрайн онол, Намсрайн аргачлалыг дэлхий нийт ашиглаж мэддэг болсон байна. Эдгээр онол аргачлалыг та энгийнээр тайлбарлаж өгнө үү?

-Физик математикийн нийлмэл томъёог олж нээсэн. Өөрөөр хэлбэл, миний зохиосон томъёог ашиглан бодлогынхоо эцсийн хариуг автоматаар гаргах боломжтой гэсэн үг. Пифагорын теоромыг ашиглаж тэгш өнцөг, талбайн хэмжээг олж болдог шиг Намсрайн онол, Намсрайн аргачлал томъёог ашиглаж гаргалгаа хийж, бодлого боддог гэсэн үг.

Мэргэжлийн хэллэгээр бол бүтцийг нарийн тооцох математик аргачлалыг олоход өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Энэхүү онол аргачлалын ном маань дэлхийн олон оронд хэвлэгдсэн байдаг.

-Одоогоос хоёр жилийн өмнө таны бүтээлийг үнэлж, Засгийн газар 100 сая төгрөгийн шагналыг олгож байсан. Таны ямар бүтээлийг үнэлж өгч байсан юм бэ.  Нууц биш бол шагналын 100 сая төгрөгөө юунд зарцуулж байв?

-Хүүхдэдээ нэг байр авч өгөөд л үлдсэнээр нь ном худалдаж авсан. Шинэ ном авах нь шинэ нээлт хийсэнтэй дүйцдэг. Тэндээс их мэдлэг мэдээлэл авдаг учраас тэр л дээ. 2012 онд Засгийн газраас миний өмнө нь хийсэн судалгааны ажил, ном сурах бичгийг төр үнэлж өгсөн шагнал.

Ер нь ямар ч хүн шагнал авчихлаа, одоо боллоо гээд суудаггүй. Улам ихийг хийх хариуцлага хамт ирдэг юм шүү дээ. Жишээ нь, өдөрт зургаан цаг сууж ажилладаг байсан бол найман цаг болгодог.

Шагнал өөрөө шаргуу ажиллах нэг түлхүүр болдог. Би 2012 оноос хойш дэлхий  цоо шинэ нээлтийн шинжтэй чиглэлийг математикт гаргасан. Тэр номоо  Америк, Сингапурт хэвлүүлсэн байгаа.

-Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр төрийн тэргүүн дээд шагнал Чингис хааны одонгоор таныг шагнана гэдгийг олон нийтэд мэдээлсэн. Та ч өөрөө мэдсэн байгаа. Чингис хааны одонгоор өмнө нь ихэвчлэн гарамгай улстөрчид шагнагдаж байсан. Тэгвэл энэ жилийн гарамгай хүнээр та шалгарсан байна. Анх энэ мэдээг сонсчихоод юу бодов?

-Төрийн тэргүүн дээд шагнал болох Чингис хааны одонгоор улс орноо удирдаж, зохион байгуулсан, улс орныхоо хөгжилд тодорхой хэмжээгээр гавьяа байгуулсан нэртэй улстөрчид л голдуу шагнуулсан нь үнэн.

Энэхүү нэр хүндтэй шагналтнаар намайг сонгосон нь шинжлэх ухааныхаа нэр хүнд ач холбогдлыг өндөрт өргөе гэж харсан болов уу гэж би бодсон. Гэхдээ жирийн нэг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтныг сонгосон нь учир холбогдолтой байгаа санагдсан. Тэгэхээр энэ шагнал нь бэлгэдлийн чанартай, улстөрчдийн шагнал биш, бүх ард түмэнд хүртээлтэй шагнал юм байна.

Гарамгай сайн ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэн бүхний өмнө энэхүү шагнал нээлттэй гэдгийг харуулж байна гэж ойлгосон доо. Мэдээж сонсоод баярлаж, өөрийнхөө хийсэн ажил, бүтээлийг эргэн харж нулимс унагасан шүү. Миний араас  мянга мянган залуус энэхүү шагналыг хүртэх эрмэлзэлтэй боллоо. Гэхдээ миний хийсэн бүтээсэн төвшнөөс дээш гарах эрмэлзэл, зоригтой байх хэрэгтэй.

ГЭР БҮЛИЙН ХООРОН ДАХЬ ХАРИЛЦАА АМЖИЛТ ОЛОХЫН АМИН СҮНС

-Танай гэр бүлийнхэн бүгд физик, математикийн чиглэлээр ажиллаж амьдардаг гэж сонссон. Гэр бүлээрээ шинжлэх ухааны салбарт ажиллахад сайхан байдаг байх. Ер нь хүүхдүүдэд тань таны нөлөөлөл их байсан байх?

-Миний гэргий МУИС-д математик, компьютерийн багшаар ажилладаг. Хоёр охин маань физикч. Хоёулаа Москвагийн их сургуулийг дүүргэсэн. Одоогоор гадаадад мастерын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Охидын маань мэргэжилд үе уламжлал, орчин нь их нөлөөлсөн байх.

Багаас нь эхлээд миний мэргэжил нөлөөлсөн. Удмаар, генээр ч дамжиж физикч болоход нь нөлөөлсөн байх. Өөрөөр хэлбэл, сайн бариач хүний хүүхэд бариач, бөх хүний хүүхэд бөх болсон байдаг шүү дээ.

Энэ нь генээр дамждаг тал байдаг гэсэн үг. Ер нь гэр бүлээрээ нэг мэргэжлийн, нэг төвшний, нэг мэдлэгтэй байх нь гоё байдаг шүү. Бүгд ямар ч нэр томъёо, хэлээр ярилцахад ойлголцдог, шинэ санаа ч тэр дундаас гардаг. Физик, тоо бол манай гэр бүлийнхний нэг хэл болсон гэхэд болно.

-Таныг энэ олон судалгаа шинжилгээний, ном туурвихад гэр бүлийн байдал чинь их дэм болсон байх?

-Яг үнэн. Судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг гаргахад гэр бүлийн нөлөө их шүү дээ. Гэр бүл нь баяр баясгалантай байгаа учраас ном, судалгаандаа анхаарна. Гэр бүл нь ямар нэгэн асуудалтай байхад юун ном бүтээх шүү дээ.

Өөрөөр хэлбэл, хоёрдмол сэтгэлгүй ажиллахад ийм хэмжээний бүтээл гарна. Гэр бүлийн хоорондох харилцаа бол амжилт олохын амин хүнс. Бие биеэ ойлгодог, биесээ дэмждэг, болохгүй байгаа зүйлээ хоорондоо ярилцдаг, уучлалт гуйдаг харилцаа их чухал.

Миний хань миний ажлыг сайн ойлгодог. Энэ хүн байгаагүй бол судалгаа шинжилгээ, сурах бичгийг бичиж чадахгүй. Гэр бүл, хамт олон, нутаг усныхаа буянд өдий зэрэгтэй явж байна гэж боддог.

-Та аль нутгийн хүн билээ?

-Завхан аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Нутаг усаа дурсан ярих их сайхан шүү дээ. Миний нутаг бол өндөр уултай, өргөн гол мөрөнтэй, хоржигносон гол горхи, тэнийгээд хэвтэх өргөн ногоон ширэгтэй, өвөл нь сайхан, манхан элстэй говь, хангай хосолсон сайхан нутаг.

Хүний төлөвших, аливаа зүйлийг судлах, оролдох сэтгэлгээнд байгаль дэлхий маш их нөлөөтэй байдаг. Хотод төрөөд, энэ хэдэн барилга дотроос гарч үзээгүй хүүхдийн сэтгэлгээнээс задгай газар малаа хариулж, чоно нохой харж, айж сандарч этгээд сонин зүйлтэй ойр амьдарсан хүүхдийн сэтгэлгээний хөгжил илүү сайн байдаг.

Илүү задгай сэтгэдэг. Тиймээс нутаг ус, байгаль дэлхийтэй танилцана гэдэг чухал зүйл шиг санагддаг. Ер нь цаг зав гарвал нутаг явж, хөдөө аялах дуртай. Тэр дундаас шинэ санаа, шинэ онол, томъёо гарна шүү дээ.

-Завхан нутгийнхныг оюуны потенциал өндөртэй хүмүүс гэж ярьдаг. Мөн танай нутгаас маш олон хутагт төрөн гарсан байдаг шүү дээ. Танд бас энэ сайхан нутгийн энерги нөлөөлдөг байх л даа?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн энерги гайхамшигтай нөлөөлдөг. Учир нь миний нутгийн ард түмний гол ялгарах шинж бол ажилсаг. Байгалийн хатуу ширүүнд өдөр шөнөгүй ажилладаг. Ажилсаг шаргуу шинж чанар нь үе дамжин илэрдэг. Маш тэвчээртэй, хатуужил сайтай хүмүүс байдаг. Энэ нь өөрөө амжилтад хүрэхэд нөлөөлдөг гэх үү дээ.

ШИНЭ БҮТЭЭЛ АМЬДРАЛ ДЭЭР БИШ, ЭРДЭМТДИЙН ШИРЭЭНИЙ ШҮҮГЭЭНД ДАРАГДДАГ БАЙСАН

-Ер нь манай шинжлэх ухааны салбар хэр хөгжиж байна гэж та харж байна вэ?

-Хөгжиж байна. Энэ салбарын боловсон хүчин их чадавхжиж байна. Бидний үетэй харьцуулахад залууст боломж илүү нээлттэй болж байна. Заавал гадаад руу явж ажиллах биш, дотооддоо судалгаа шинжилгээгээ хийх нөхцөл, цалин хангамж жил ирэх тусам нэмэгдэж байна.

Мөн хийсэн бүтээлийг нь улс үнэлдэг болж байгаа нь сайн хэрэг. Манайд эрдэмтдийнхээ бүтээлийг худалдан авч цааш нь урт хугацаанд үргэлжлүүлэх томоохон компани аж ахуйн нэгж байдаггүй. Эрдэм шинжилгээний бүтээлийг үнэлдэггүй байсан.

Одооноос энэ байдал өөрчлөгдөж байна. Гар утас үйлдвэрлэх шинэ нээлт хийсэн байхад түүнийг дэмжих компани, корпорац  алга. Тиймээс шинэ бүтээл нь амьдрал дээр биш эрдэмтдийн ширээний шүүгээнд дарагддаг. Үүнийг өөрчлөхөд төр анхаарч байгаа нь үнэхээр олзуурхууштай.

-Ингэхэд та дэлхийн нэр хүндтэй ямар шагналуудыг ямар бүтээлээрээ авч байв?

-Дэлхийн нэр хүндтэй олон шагнал авч байсан. Гэхдээ тэр бол миний бүтээлийг үнэлж олгосон шагнал. Харин энэ бүхнээс илүүтэй дэлхийн бусад эрдэмтний бүтээлийг үнэлдэг үнэлгээний комисст багтаасан нь хамгийн том шагнал гэж хэлж болно. Бас маш том хариуцлага.

Тэнд Монгол Улсын нэрийг гаргаж явах нь маш сайхан. Бусад эрдэмтний бүтээлийг шүүж хэлэлцэх нь эрдэмтэн хүний чансаа, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж өгдөг. Тэр утгаараа ямар ч шагналаас илүү.

Энэ хэрээр бусад орны эрдэмтэд шинэ судалгаа, ном сурах бичгээ над руу явуулдаг. Мөн Дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн учраас дэлхийд болж байгаа бүх шинэ нээлтийн үнэлгээг Монголдоо давхар хийж байх үүрэгтэй