sonin.mn

Наполеон торт хийж бяцхан охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэхээр хичээж байгаа Э.Золзаяатай цөөн хором ярилцлаа. Сүүлийн хэдэн хоног цахим ертөнцөөр хүмүүс түүнийг дэмжиж тортны захилга өгсөөр байгаа аж.

-Охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэхээр торт хийн худалдаж байгаа талаарх мэдээлэл уншсан. Таны охин ямар өвчин туссан юм бэ?

 -Миний охин энэ жил дөрвөн нас хүрсэн. Яг одоо Америкт байгаа. Төрөлхийн шөрмөс таталт буюу arthro- gryposis өвчин туссан гэж эмч нар оношилсон. Төрснөөсөө хойш эмнэлгээр явсаар олон улсын Children’s circle mission буюу CCM гэсэн байгууллага руу хүсэлт илгээсний эцэст АНУ руу явсан.

Тэнд очоод шинжилгээ өгсөн чинь хариу нь муу гараад шат дараалсан зургаан хагалгаанд орох шаардлагатай болсон. Хагалгаан гэтэл эмнэлгийнх нь ор хоногийн мөнгө өдрийн 700 ам.доллар гэсэн.

Түүнээс гадна хагалгааны дараах физик эмчилгээ хийлгэнэ. Тиймээс бидэнд охиноо аврахын тулд 150 мянган ам.доллар хэрэгтэй байгаа юм. Эмчилгээний зардлыг нь багасгах талаар охиныг минь авч явсан олон улсын байгууллагынхан эмнэлэгт хандаж өргөдөл бичсэн гэсэн. Одоохондоо хариу нь ирээгүй байна.

-Та яагаад хүүхэдтэйгээ АНУ руу яваагүй юм бэ?

 -Байгууллагынх нь дүрмээр аав, ээжийг нь авч явахгүй гэсэн юм. Гэхдээ хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс нь хамт явж болохоор л байсан юм билээ. Тэр үед нөхөр бид хоёр хүүхдээ явуулахын тулд хамаг мөнгөө шавхаад өөрсдөө явах боломжгүй болсон.

-Одоо охиныг АНУ-д хэн асран хамгаалж байгаа вэ?

 -Америкт нэгэн гэр бүл асран хамгаалж байгаа гэсэн.

 -Хагалгаанд хэзээ орохоор товлосон бэ?

-Эхний хагалгаа нь арваннэгдүгээр сарын 3-нд байсан. Төлбөрөө төлөөгүй гээд тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

-Та нэг тортыг 20 мянган төгрөгөөр хийж байгаа ч энэ нь охинд тань хэрэгтэй 150 мянган ам.долларын хаана ч хүрэхгүй юм байна даа?

-Тийм л дээ. Гэхдээ зүгээр сууж чадахгүй юм байна шүү дээ. Надад тортны захиалга олон ирсэн. Одоо бараг 200-аад хүнээс захиалга авчихаад байна. Бие давхар болохоор үүнээс өөр ажил хийх боломжгүй юм. Аав нь АПУ ХХК-д ажилладаг, одоо ажлаа хийж байгаа.

 -Хандивын сан нээсэн үү?

-Голомт банкны 1815007441,
ХААН банкны 5100124153 гэсэн дугаартай данс бий.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: