sonin.mn

ОХУ-ын Ардын жүжигчин, төрийн гурван удаагийн шагналт жүжигчин, театрын найруулагч Олег Меньшиковтой сэтгүүлч Н.Николайчик ярилцсаныг хүргэж байна. Тайз, дэлгэцийн олон дүрээр үзэгчдийн танил болсон О.Меньшиков Театрын сургууль төгсөөд Москва хотын Бага театрт жүжигчнээр ажиллаж эхэлжээ.

-Уран бүтээлч хүнийг зөвхөн ажил, авьяасаа хөг­жүүлэхэд анхаарч хайр сэт­гэлээ хоёрдугаарт тавь­даг гэж хүмүүс ярьдаг...

-Тийм ээ, тэгж боддог үе надад байсан. Гэхдээ дараа нь амьдралын утга учрыг ойлгох ухаан суусан гэж боддог. Хүн дурлалыг аальгүйтэл, баяр хөөр, үүлэн дунд хөвөхтэй адил мө­рөөдөл, солонго мэт мэдрэмж гээд тайлбарлаж чад­на.

Харин хайр сэтгэл бол харьцангуй том ойлголт учраас хайртай хүнийхээ өмнө асар их хариуцлага хү­лээ­дэг. Тэр хүнгүйгээр амь­дарч чадахгүй учраас сэт­гэл санааг нь ч анхаарах ёстой.

-Гэрлэснийхээ дараа та өөрч­лөгдсөн үү?

-Тийм ээ, Настятай учирс­ныхаа дараа сахилга баттай болсон, олон зүйлийг сурч мэдсэн, одоо ч сурсаар бай­на. Хариуцлагыг мэдэрч, өөрийгөө номхотгож сурсан гэх үү дээ. Зөвхөн өөрийгөө гэх бодлоо орхисон. Урьд нь олон удаа дурлаж байсан ч хэний ч төлөө хариуцлага хүлээж байгаагүй. Хүн ер нь хүнтэй уулзаж, ярилцаж байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс хүмүүс миний амьдралд олон өөрчлөлт хий­сэн. Гэхдээ Настя бол ми­ний амьд­ралыг хамгийн ихээр өөрчилсөн хүн.

-Аав, ээж тань урлагийн хүмүүс биш. Та яагаад урлагийн хүн болсон бэ?

-Аав цэргийн хүн, ээж эмч. Гэхдээ тэд маань Зөв­лөлт засгийн үеийн сон­годог хүмүүс. Мэргэж­лийн хувьд урлагтай огт холбоогүй, ер нь манай гэр бүлд урлагийн хүн бай­гаагүй.

Өвөө маань үйлд­вэрийн дарга, эмээ маань тэр үйлдвэрт нь ажил­ладаг байсан. Аав, ээж хоёр минь надад хатуу үг хэлдэггүй, хайрлаж хүмүү­жүүлсэн. Мэр­гэжлийн ту­хайд жү­жигчин бо­лоход хэн ч нөлөөлөөгүй. Хувь заяа л байх.

-Та С.Есениний дүрийг Лондоны “Глобус” театрт тоглосноор дэлхий дахинд нэр хүндтэй Лоуренс Оливье­­гийн шагнал хүртсэн...

-Лондон хотын театрт тоглосон нь миний амьд­ралын гайхалтай үеийн нэг байсан. “Глобус” театрын тайзан дээр анх гарснаа санаж байна. “Түүнийг бүжиглэж байх үед” жүжиг алдартай жүжиг учраас Лондоны бүх театруудад тоглолт хийсэн.

Жүжгийг Аль Пачино, Питер Брук, Элтон Жон зэрэг одод үзсэнийг санаж байна. Мөн Жулия Ормонд үз­­сэнийг хожим “Сибирийн үсчин” кинонд хамт тог­лохдоо мэдсэн. Биднийг танил­цуу­лаад салаад явсны дараа буцаж гүйж ирээд “Чи мөн үү. Чи байна” гээд л “Хэн” гэсэн чинь “Есенинд тоглодог залуу” гэж билээ.

-Лондонд байхдаа олон найзтай болсон уу?

-Зөвхөн хамт ажилладаг хүмүүс­тэйгээ харилцдаг бай­­сан. Найруулагч Жейн Рэйний гэр бүлийнхэнтэй найз болсон. Дараа нь тэр “Тог­лоомчид” жүжгийн прод­юсерээр ажиллахдаа на­майг урьж, жүжигт анг­лиар ярьж тоглосон.

Лондонд найман сар амьд­рахдаа найз нөхөдтэй болох цаг байгаагүй. Өдөр бүр тоглолт­той. Лхагва, бямба гарагт хоёр жүжиг­тэй, ганц ням гарагт ам­рахаараа унтдаг. Зарим­даа жүж­гийн­хээ да­раа орой, шөнийн цагаар гу­дамжаар алхдаг байлаа. /Инээмсэглэв./

-Танд Их Британийн иргэншил санал болгоход татгалзсан. Харамсдаг уу?

-Зарим үед харамсах сэтгэл төрдөг ч эх орноосоо бүрмөсөн явж чадахгүйгээ мэдэрдэг. Би тэнд юу хийх вэ, хэнд хэрэгтэй вэ. Их Британи гадаад иргэдийнхээ асуудлыг яаж шийдэх вэ гээд яриад байдаг шүү дээ. Гэхдээ надаас хэрвээ Орост төрөөгүй бол хаана төрөхийг хүсэх вэ гэж асуувал Лондонд гэж хариулна. Лондон­чууд уламжлалаа хүндэт­гэдэг заншилтай хэр­­­­нээ технологийн өндөр хөг­­­жилтэй.

Жишээ нь, гудамжинд байдаг утасны бү­хээг хэдэн жилийн дараа очиход яг байрандаа л байна. Хэдийгээр хот компьютер, автомат систем­тэй болсон ч хотын гадаад төрх хэвээрээ л байгаа.

-Гэхдээ та Москвагийн нэр хүндтэй Ермоловскийн театрт ажиллаж байгаа...

-Энэ театрын уран сайх­ны удир­даачаар ирэхийн өмнө жүжигчин А.Сирин бид хоёрын хооронд сонир­холтой ч гэх үү хувь тави­лангийн ч гэх үү нэг яриа өрнөсөн. Бид Израильд аялан тоглолтоор явсан юм.

Тэр надад “Чи театр удирдаад явбал илүү байхсан” гэхээр нь “Надад тийм санал тавьж бай­сан. Би татгалзсан. Ер­мо­ловскийн театраас санал тавьбал хүлээж авна” гэсэн. Тоглолтоос ирээд удаагүй бай­тал театраас санал тавьсан.

-Жүжигчний хувьд бие­лээгүй мөрөөдөл бий юү?

-Байгаа. Инээдмийн ки­ноны дүрд тоглохыг хүсч байна. Театрын сур­гуульд инээдмийн жүжигчний ангид сурсан. Харин кинонд байнга л буурь суурьтай дүрд тоглодог. Харамссан үе байхгүй ч инээдмийн киноны дүр үгүйлэгддэг.

Ер нь манай кинонууд үзэгч­дийн сэтгэлийг хөдөлгөж, уйлуу­лахдаа сайн. Кино урлагийн сургуульд элс­сэн оюутнуудаас “Ямар най­­­руу­лагч болохыг хүсч байна” гэж асуухад “Тар­ковс­кий шиг” гэхээс “Гайдай шиг” хэмээх хүн олдохгүй. Инээдмийн кино найруулах үнэхээр хэцүү. Одоо инээд­мийн жинхэнэ киног бараг мартаж дээ.

-Хэрвээ театрын уран сайхны удирдаачаар ажил­лахгүй бол ямар ажил хийх вэ?

-Аялна. Надад маш их мөнгө байсан бол аж­лаа орхиод аялж эхэлнэ. Телевизийн зарим хөтлөгч­дөд би атаарх­даг. Ажлаа хийхдээ дэлхийгээр аялна. Дээр нь цалин авна. /Инээв./ Аялал гэдэг чинь жинхэнэ сэтгэл ханамж, кайф. Ми­ний бодлоор олон улс орноор аялах бүрт сайхан дур­самжууд нэмэгддэг.

-Та олон газраар аялсан шүү дээ. Аль улс хамгийн сайхан санагдсан бэ?

-Францад очих дуртай. Парист анх очоод Нотр-Дамыг хараад үнэ­хээр би­ширсэн. Мөн “Мона Лиза”. Би энэ гайхамшигт зургийн өмнө бараг 15 минут зогссон байх.

Мөн найзууд­тай­гаа хамт Түвдэд очоод хүнд үнэ­хээр их эрч хүч өгдөг газар байна гэж бодсон. Б.Гребен­щиков на­майг явахыг ятга­сан юм. “Тэнд очоод лам нартай ямар хэ­лээр ярих вэ” гэж асуухад “Ямар ч хэлний хэрэг­гүй. Очоод ойлгоно” гэсэн. Түүний зөв гэдгийг очоод мэдсэн.

-Таныг их өгөөмөр хүн гэж ярьдаг. Харин танд хүмүүс хэр өгөөмөр ханддаг вэ?

-Хүнд бэлэг өгөх нь авахаас илүү сайхан мэд­рэмж төрүүлдэг гэдгийг бүр эрт ойлгосон. Миний ойр дотны хүмүүс намайг өгөөмөр занд сургасан. Гэхдээ өгөөмөр зан нь бэл­гэнд бус дэмжлэгт байдаг. Сайн сайхан хү­мүүс­тэй учирч байсан нь хамгийн том аз завшаан гэж боддог.

Н.Тунгалаг

Эх сурвалж: