sonin.mn

Нартай, найртай намрын сарууд хуртай, дуутайхан үргэлжилсээр байна. Залуу хосууд хуримаа хийж, ахмад буурлууд ерөөлийн үгээ айлдан, айл хотлоор найрын дуунд цалгих нь “намар” гэх улирлын содон өнгө ажгуу.

Харин нэгэн цагт "...Бэр болсон чиний найрнааp
                                  Битүүхэн гунигаа чамдаа үлдээсийм
                                  Бэлхийн голоор найр тэгшрээд
                              Би танайхаас халамцуу гарсым..."
хэмээн дуулж явсан хүн бол “адуучин, дуучин” гэж өөрийгөө тодорхойлдог, дуучин С.Дэлгэртөр билээ. Түүнийг ард түмэн маань “Бэлхийн гол”, “Ээжээс минь ирсэн ааруул”, “Чандмань эрдэнэ” зэрэг олон сайхан уран бүтээлээр нь мэдэх биз ээ.

Чөлөөт цагаараа хурдан морь уяж, хүүхдийн гийнгоо сонсох дуртай түүнийг эгэл жирийн чөлөөт уран бүтээлч гэдгийг нь тодотгон хэлэхэд буруудахгүй болов уу. Учир нь тэрбээр бусад дуучидтай адил урлагаар ашиг хонжоо, нэр төр хөөдөггүй нэгэн билээ.

Энэ бүхэн нь түүний төрж өссөн хангай, сайхан нутаг хийгээд тэр хүний сэтгэлээсээ гарсан уран бүтээлийг түмэн олондоо хүргэхээр хичээдэг зангийнх нь илрэл ч байж болох юм.

Харин тэрбээр саяхан П.Адарсүрэн агсны дуулж бидний зүрх сэтгэлд хоногшуулсан, монгол ардын дуу “Улиастайн гол” дууг  орчин үеийн хэв маягт оруулан дуулж урлагт хайртай ард түмэндээ зориулан дуулж, дүрсжүүлсэн байна.

 

Ингээд дуучин С.Дэлгэртөрийн “Улиастайн гол” шинэ уран бүтээлийг сонируулъя.


П.Энхбаатар