sonin.mn

Тооно дайвуулж, тогоруу гурр гурр дуугарах нь байж суухын аргагүй болгож, малчин хүн уургаа ухасхийн аваад мориндоо мордон хаашаа ч юм давхин одмоор, саальчин эжий хувингаа аваад босон харайж үүд рүүгээ сэнд мэнд гарах тийм нэг мэдрэмжийг авчрах юм даа...

Цувраа гурван толгод ажин түжингийн амар амгаланд хүлүүлчихсэн, чих хатуу өвгөн юм ярихад худлаа л толгой дохихоос цаашгүйтэй яг адилхан. Энэ хэдэн толгодыг бүрхэн ноолж байсан хонин сүрэг тэртээх талын хаяа руу бэлчжээ...Бодвол буцах шувуудын даль норгож хэд хоногийн өмнө орсон бороонд агь таваглаж, таана хэнзэлсэн биз. Говьд тэгдэг юм чинь. Нутгийнхаа араншинг андахгүй малчин хонио тал руу бэлчээж толгодоо амрааж байгаа нь тэр байлгүй дээ...Ийм нэг бодолтой орооцолдон гэрийн баруун хаяанаас тэнгэр ажиж зогсохуй доор ганц цэн тогоруу хөх тэнгэрээс өөрийнхөө өнгөтэй хөх дуугаа унаган өмнийг зорилоо. Их дээр хөөрчээ. Ижил сүргээсээ хоцроод яасан юм бол доо... Бодол маань тогорууны даль жигүүр доор үргэлжиллээ. Өнө эртний хятад зургийн гүц шиг хөх тогоруу манай нутагт аз жаргалтай байсан нь мэдээж. Хос хоёр дэгдээхэй нь яасан юм бол...

 

Хорвоогоос хүртэл харамлан шилбэлзэх хань ижил нь яасан юм бол...Бодол алсрах мэт тогоруу цэгийн төдий болоод тэнгэртээ шингэлээ. Хараа хүрэхээ болилоо. Ай даа, энэ жигүүртний доор бид гандсан хөх алчуур шиг зогсоогоороо дэвэлзлээ...Өнжсөн борог шиг хөх толгойтой эмээгээ хараад өглөө оройдоо хөлийг нь хучиж өгөх юм сан гэж яагаад ч юм газрын бодол боллоо. Тэр жигүүртэн тэнгэрт яваа ч газрын амьтай юм. Энэ буурал эжий газрын амьтан ч тэнгэрийн заяатай юм... Хувь тавилан адилхан тохиож, хагацал гуниг ижилхэн учирдаг даа гэж бодлоо. Тогорууд аль хэдийнэ буцсан. Ижилгүй ганц тогоруу одоо хаахна яваа бол доо...

Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр