Уншигч та бүхэндээ бид өмнөх дугаараараа эх орны аюулгүй байдал, иргэнээ хамгаалах асуудлаар ярилцлагаа хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад бидний ярилцлага маань гамшиг гэж юу вэ? түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, манай улсад гамшигийн байдал ямархуу байгаа талаар хүргэж байна.
-Гамшиг гэж юуг хэлээд байна бэ?
-Сүүлийн үед юм болгоныг гамшиг гэж хэлэх “моод” дэлгэрсэн гэж хэлж болно. Үнэндээ сүүлийн 35 жилд дэлхий дахинаа 3,8 сая хүн гамшигт өртөж харамсалтайгаар амь насаа алдаж, 4,4 сая хүн маш гашуун зовлон үзсэн байна. Энэ нь дэлхийн том, жижиг дайны үр дагавраас ч аюултай юм. Улс үндэстэн бүр гамшигаас иргэнээ хамгаалахын тулд тодорхой бодлого баримтлан хууль эрхийн актууд гаргаж зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Нэршил нь ч өөр өөр байдаг. Гэхдээ эцсийн эцэст иргэнээ хамгаалах асуудал л чухлаар тавигддаг. Монгол Улсын хувьд 1970-аад онд “Иргэний хамгаалалтын хууль” гэж нууц хуультай байсан. 2003 онд Гамшигаас хамгаалах хуультай болж тус хуульд 2005 онд нэмэлт өөрчлөлт хийгдэж одоо хүртэл мөрдөгдөж байна. Энэ хуульд зааснаар “Гамшиг” гэдэг нь “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг “Гамшиг” гэж ойлгохоор тодорхой заасан байтал хүчтэй цасан болон шороон шуурга нэг, хоёр хоног үргэлжлэн шуурах, ямар нэг гол дээр тавьсан гүүр нурах ч юмуу тэр болгоныг гамшиг гэж хэлэхгүй гэдгийг ойлгох ёстой.
-Ер нь гамшигийн төрлүүд гэж байна уу? Манай улсад ямар төрөл нь зонхилж байна вэ?
-Дээр дурьдсан гамшигийн тухай хуулийн тодорхойлолтонд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гэж заагдсан. Тэгвэл “Аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, хөрс гулсалт, цөлжилт, гал түймэр, хүн мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг оруулдаг бол “техникийн холбогдолтой осол” гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж барилга байгууламж, шугам сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг болон химийн хорт бодис алдагдах зэргийг оруулж байгаа юм. Монгол улсад 2011 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээг үзэхэд Монголд гамшигийн ямар төрлүүд зонхилж байгаа, ямар хор уршиг учирч байгаа нь илэрхий байна.
-Гамшигаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Олон улсын туршлагаас харахад гамшигийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаардлагатай гэдгийг тогтоосон байдаг. Ямар ч үед:
- Гамшгийн аюулын эрсдлийг үнэлэх
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах
- Гамшигт бэлэн байх байдлыг хангах үндсэн зарчмыг баримталж байх ёстой.
Эдгээрийг дотор нь задлахаар чиглэл чиглэлээрээ, салбар салбараараа тодорхой уялдаа холбоотой нэгэн цогц болж, иж бүрнээр хандана гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн алба, хэв журам сахиулах, түүнээс гадна аймаг дүүргийн болон бусад бие даасан компаниудын удирдлага, штабууд уялдаатай ажиллах ёстой.
-Сүүлийн үед цөмийн хаягдал Монголд булшлах тухай яригдах боллоо. Энэ талаар таны бодол, ямар хор хөнөөл учруулж болох талаар ярьж өгөөч.
-Цөмийн шаарыг монголд булшлах тухай яригдсан. Манай удирдлагууд үгүй гэж байгаа. Гэвч үүнийг би ямар нэг үндэстэй, үнэн байх гэж боддог. Харийн гүрнүүд өөрсдийн эх орон нутаг дэвсгэрээ хордуулахгүйн тулд газар нутаг өргөн уудам, авлигад автагдсан, мэдлэг мэргэжил сул орон гэж сонгосон байж болно. Бид цөмийн урвалын тухай юуны өмнө сайн мэдэх ёстой. Химийн элементүүд дотроос гинжин урвал үүсгэн задардаг тодорхой бодисууд байдаг. Үүнд: Уран, Цези, Кобольт, Стронци гэх мэт эдгээр бодисууд цөмийн урвалд ордог. Цөмийн урвал нь хагас задралын үеэр хэмжигддэг. Цези-137 гэдэг бодисын хагас задрал 31 жил. Өөрөөр хэлбэл 1гр “Цези-137” гэхэд 31 жилийн дараа 0,5гр болох ёстой. Энэ хагас задрал явагдаж байхад орчин тойрондоо нүдэнд үл үзэгдэх туяануудыг гаргаж байдаг. Тэдгээр нь эргэн тойрноо ионжуулдаг. Хамгийн гол аюул нь хагас задралын үе цааш үечлэн үргэлжилдэг. Хар ухаанаар бодоход аяга стакан ус гэхэд хагас задрал 31 жил гэхэд тал нь үлдэнэ. Дахиад 31 жилийн дараа талын тал үлдэх жишээтэй. Тэгэхээр цөмийн шаар чинь тодорхой хэмжээгээр л гаргадаг туяагаа гаргасаар л байна гэсэн үг. Химийн бодис болгоны хагас задралын үе өөр өөр байдаг. 1000 гаруй жил задрах бодис ч бий. Тийм бодисын хог шаарыг хаана ч хадгалсан орчин тойрондоо байнга нөлөөлөх болно. Тэгэхээр энэ бол маш ноцтой асуудал. Монгол хүн хэзээч Монголынхоо газар шороон дээр цөмийн хог шаарыг булшлуулах ёсгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Тайван цагт зарим албан байгууллагууд багаж хэрэгслийн тохируулга хийх зэрэгт цацраг идэвхит бодисыг ашигладаг байсан. 1970-аад оны үед аль ч улсад билээдээ эмнэлэгт ашиглаж байсан тоног төхөөрөмжөө хог дээр хаясныг, төмөр цуглуулагч олж аваад задалснаас бүхэл бүтэн хот тэр чигээрээ цацрагийн бохирдолд орж байсан. Манай улсад ч тийм тохиолдол гарч байсан. Хэдэн жилийн өмнө “Стронци-90”-ээр Улаанбаатар хотын хэсэг газар бохирдож түүнийг мэргэжлийн баг хэд хоног тусгай зориулалтын хувцас хэрэгсэл ашиглан хамж авч тусгай газар хадгалагддаг.
Эх сурвалж: "Өнөөдрийн тойм"