sonin.mn

“Ахмадын эрүүл мэндийн дэмжих сар”-ын аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн Ахмадын хороо, багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Эрүүл насжилт-өглөөний алхалт” өдөрлөгийг энэ сарын 22-ны өдөр Хүүхэд залуучуудын паркт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Арвайхээр сумын 10 багийн 126 ахмад настан оролцож, өглөөний алхалт, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл наслах, дасгал хөдөлгөөний сайн туршлагаас суралцан, биеийн жин, артерийн даралтаа үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөөг сонслоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн газраас өглөөний алхалт, дагсал хөдөлгөөнийг тогтмол хийж, эрүүл урт насалж, ахмадууддаа үлгэр дуурайлал болж яваа өндөр настан Ё.Рэгзэдмаа, С.Амаржаргал, Ц.Долгорсүрэн, Ц.Цэрэннадмид нарыг алдаршуулж, шагнаж урамшуулав. Шагнагдсан ахмадууд өөрсдийн амьдралдаа хийж, хэвшүүлж буй дасгал хөдөлгөөний сайн туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал, өндөр настан Ц.Долгорсүрэн хийн дасгалын ач холбогдлыг хэлж, цугласан ахмадуудад зааж өглөө.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон ахмадууд үйл ажиллагааг үр дүнтэй сайн зохион байгуулагдаж байгаад талархаж, өглөөний алхалт, дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүстэй нэгдэхээ илэрхийллээ.