sonin.mn

Дэлхийд тархан суурьшсан монголчуудаас эх орныхоо нэрийг дуурсгаж яваа хүн олон бий. Тэр дундаа гадаадынхны мэлмийг баясгаж, тэдний хайртай уран бүтээлчдийн нэг болсон нэгэн эрхмийг ярилцлагынхаа зочноор урилаа.

Япон улсын NВА балетын компанийн гоцлол бүжигчин Аргайсүхийн Хангай УДБЭТ-ын тайзнаа тоглох “Спартак”-т бүжиглэхээр эх орондоо иржээ. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Бүжгийн урлаг хүнийг эрч хүчтэй болгохоос гадна өөртөө бүрэн дурлуулдаг. Хөгжмийн аялгуу явах тэр мөчид бүжигчид өөрийн эрхгүй бүжиглэдэг. Тэдний нэгэн адил та хэдэн настайгаасаа бүжгийн урлагг дурласан бэ?

-Би нийслэлийн зургадугаар сургуульд тавдугаар анги төгстөлөө сурсан. Тэр үед урлагийн үзлэг болгонд бүжиглэдэг хүүхэд байлаа. Цэнгээнт, үндэсний гээд бүжгийн төрлөөр эвлэгхэн бүжиглэчихнэ. 1997 оны тавдугаар сард радиогоор “ХБК-д элсэлт авч байна” гэдэг зар явж түүнийг нь ээж сонссон.

Улмаар ээж маань намайг ХБК-д шалгуулснаар миний бүжигчин болох гараа эхэлсэн юм. Ер нь намайг балетчин болгоё гэдэг ээжийн мөрөөдөл байсан. Ээж өөрөө балетчин болох хүсэлтэй байсан ч өвөө эмээ хоёр сургахыг зөвшөөрөөгүй юм билээ.

Ингэж л балетчин болох нь ээжийн мөрөөдөл болон үлдсэн. Тиймээс хүүгээ заавал балетчин болгоно гэж бодсон хэрэг. Бүжгийн урлагт орсноос хойш 21 жил өнгөрч байна.

-Сургуулиа төгсөөд дуурийн театрт бүжиглэсэн үү. Эсвэл шууд Япон руу сурахаар явсан уу?

-Сургуулиа төгссөнийхөө дараа 2000-2005 он хүртэл УДБЭТ-т бүжиглэсэн. Түүний дараа Японы “New national” нэртэй үндэсний театрт хоёр жил ажилласан даа.

-Тэгвэл гадаад ертөнцтэй танилцаж,өөрийнхөө авьяасыг нээх боломж хэдийд олдсон бэ?

-Дуурийн театрт балетын бүх гоцлолд чадлынхаа хэрээр тоглоод байхаар хүн өөр зүйл хийж үзэх хүсэлд эрхгүй автдаг. Тухайн үед би ихэвчлэн эерэг дүр бүтээдэг байлаа. Тийм болоод тэр үү эсрэг талын дурд тоглож үзэх юмсан гэж бодох болсон.

Улмаар ганц Японд биш өөрийнхөө зураг, намтар, бичлэгийг гадаадын олон компанид илгээсэн. Тэднээс Японы театраас "Та шалгалтад орно уу" гэсэн хариу надад ирүүлсэн. Тэрүүхэн үед дотроо "Япон руу явах уу, болих уу. Мөнгөний гарз юм болов уу" гэсэн бодол төрж билээ.

Бүгд л цалингаас өөр орлогогүй хэцүүхэн байсан цаг. Тэгээд бодож, бодож Япон руу явахаар шийдсэн. Тэр үед би бас "Жизель”-д тоглох гэж байсан юм. Тоглолтоос өмнө Токио руу явж гурав хоног бэлтгэл хийсэн.

Тэгсэн хоёр дахь өдөр нь Японы театрын уран сайхны удирдаач намайг дуудаад "Таны товч намтартай танилцлаа. Их алдартай дүрүүд бүтээсэн байна. Хэрэв та манай театрт орвол эхний жилүүдэд бараг тайзан дээр гарахгүй.

Хэрвээ таныг гаргавал бид өмнөх балетчдаа үгүйсгэсэн хэрэг болчихно. Үүнийг зөвшөөрвөл бидэнтэй ажиллаж болно" гэсэн. Саналыг нь би дуртайяа хүлээж авсан. Тэндхийн бүх зүйл надад сонирхолтой байсан.

Надад эхний нэг жил гоцолж бүжиглэж болох, болохгүй нь сонин биш. Харин Японы балетын ертөнц ямар байдаг гэдэг л сонирхолтой байсан юм. Тэгээд буцаж ирээд "Жизель”-дээ тоглож улирлаа дуусгачихаад 2005 оны долдугаар сард Япон руу явсан.

-Японд очоод мэдэрсэн анхны мэдрэмж ямар байсан бол. Үнэхээр хүсч байсан шинэ зүйлээ олсон уу. Тэнд очоод хэр их сэтгэл хангалуун байсан бэ?

-Япончууд ажилдаа үнэнч, дээр нь тэр болгон олддоггүй ажлын байранд оччихсон, бүх зүйл өөрийн гэсэн эзэнтэй, хүн бүхэн ямар нэгэн зүйлд хариуцлага хүлээдэг тийм орчин намайг угтсан. Театр том, жижиг, дунд гурван тайзтай. Бүжгийн заал нь үнэхээр том. Дээрээс нь бүгд хулдаастай.

Бүжигчид очсон газар болгондоо үсэрч шалыг нь шалгаж үздэг. Тэр төатрын зааланд үсрээд үзсэн зөөлөн бүжиглэхэд тохиромжтой санагдаж байсан. Толинд харсан чинь залгаадас нь мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч нөлөөгүй тольтой зааланд орсон.

Манайд толины залгаадас таарахаар өндөр нам, олон янз харагдаад байдаг юм. Ер нь бүх зүйл мундаг зохион байгуулалттай байсан. Манай театр долоо хоног бүрийн амралтын өдрөөр тоглолттой байдаг шүү дээ.

Гэтэл тэнд бүтэн сар хагас бэлтгэсний эцэст дараалан долоо, найм тоглодог. Би тэр бэлтгэлийг нь давах гэж нэлээд их ядарсан. Анх Японд очихдоо англи, оросоор бага зэрэг ярьдаг байлаа. Тэр надад үнэхээр хэрэг болсон.

Түүнээс биш би Японд очсон эхний хоёр жилдээ японоор ярьж чаддаггүй байлаа шүү дээ. Үүнээс болоод бие ядрах бус толгой өвдөөд хэцүү байсан. Тэнд надаас гадна Швед, Америк, Англи, Франц, Орос, Украин зэрэг орны бүжигчид байсан. Тэднээс дутахгүй, ялагдахгүйн төлөө би илүү хөдөлмөрлөх шаардлагатай болсон.

-Хэдийгээр таван жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай ч анхных гэдэг утгаараа Японд очоод тоглосон эхний бүтээл танд уран сайхны удирдаач, театрын зүгээс оноо авах боломж, өөрийгөө таниулах чухал зүйл байсан болов уу?

-Монголд байхдаа ихэвчлэн ганцаараа бүжиглэсээр байгаад олон хүнтэй нийлж бүжиглэх гэж нэлээд зовсон. Бас эмэгтэй хүнийг өргөж, хөл дээр нь зогсоох эрэгтэй бүжигчдийн хувьд нэлээд ярвигтай ажил л даа. Харин би эрчүүдээс өндөр биерхүүд нь багтдаг байсан болоод ч тэр үү хамтран бүжиглэж байгаа эмэгтэйгээ унагалгүй хөл дээр нь зогсоосон.

Тэр л миний Японы тайзан дээр гараад авсан анхны том үнэлгээний нэг байсан байх. Тэр байдал намайг бусдад өөрийгөө таниулахад тусалж, Монголд балетын урлаг гэж байдаг юм уу гэсэн гадаадынхны бодолд хариулт өгсөн үйлдэл болж чадсан болов уу.

Монголд байхад Дашлхагва багш "Чи тэгсэнгүй, ингэсэнгүй" гэж зэмлэдэг байсан. Гэтэл Японд очоод өөрийгөө ажигласан чинь багшийн хэлсэн зүйлүүд давтагдаад өөртөө дүгнэлт хийсэн. Би аливаа зүйлийг их удаан сурдаг, хэрвээ сурчихсан бол мартдаггүй юм байна гэдгээ ойлгосон.

-Японд очоод хэдий хугацаа өнгөрсний дараа өөрийгөө бусадтайгаа адилхан боллоо гэж бодсон бэ?

-Эхний тоглолтын дараа. “Энэ эрчээрээ явбал би болох юм байна" гэж өөртөө хэлсэн. Тоглолт болгонд дэлхийн шилдгүүдтэй таарна. Ихэнх нь тоглолт болохоос долоо хоногийн өмнө ирдэг. Дасгал хийж байхдаа ч гэсэн өөрсдийгөө бусадтай харьцуулж үзнэ.

Япончууд хүнтэй тэр болгон ярьдаггүй, ичимтгий хүмүүс байдаг. Харин би дөнгөж гадаадад очсон хүн юм чинь аль болох нээлттэй байхгүй бол гадуурхагдах гээд хэцүү байсан.

-Япончууд их дотогшоо хүмүүс байдаг. Тэр занд нь дасахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-Одоо болтол дасаагүй л байна. Би өөрөө нээлттэй байвал хүн бүр надтай сайхан харилцана. Анхан үедээ хэл сайн нэвтрэлцэхгүй болохоор арай хариуцлагатай хүнтэй нь ярилцаж ойлголцдог байсан.

Япон хүнээс "Тийм үү" гэж асуухаар “Үгүй" гэж хариулаад байдаг юм. Тэр нь их сонин, /инээв/ Тэгээд хэлэх гэсэн санаагаа шууд хэлэлгүй тойруулж их ярьдаг. Гэхдээ нэг хүнтэйгээ ажиллаад дасаад ирэхээр арай илүү нээлттэй болдог юм билээ. Энд тэнд очиж урилгаар тоглоно. Тэгэхэд хамт бүжиглэх эмэгтэй бүжигчин маань ичээд гүйчихнэ гээд асуудал их шүү.

-Үзэгчид тайзны арын амьдралын талаар сайн мэдэхгүй. Ер нь хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?

-Ганцхан Японд гэлтгүй урлагийн салбар их өрсөлдөөнтэй байдаг. Тэр дундаа бүсгүйчүүдийн өрсөлдөөн айхавтар. Японы бүжигчин бүсгүйчүүдийн хооронд өрсөлдөөн их гардаг. Зарим нь чадлаараа гарч ирнэ, зарим нь мөнгө төлж арын хаалгаар гарч ирнэ.

Энэ байдал улс орон бүрт байдаг. Хүний тоо нь олон болохоор өрсөлдөөн гардаг. Өрсөлдөөнөөс сайн уран бүтээлч төрдөг. Гэхдээ өрсөлдөөн буруу тийшээ хазайвал их аюултай.

Намайг Японд очихоос зургаан жилийн өмнө эмэгтэйчүүдийн балерина дотор шил хагалаад хийчихсэн байсан гэсэн. Бас шатан дээрээс түлхэж унагааж байсан гээд өрсөлдөөн буруу тийшээ эргэхээрээ муу зүйл дагуулдаг.

Миний ажиллаж байсан компанид тийм зүйл тохиолдоогүй ч балетын ертөнц гэдэг өөрөө давчуухан юм шиг санагддаг. Тиймээс л би "Хийгээд үзүүлчих, чадвал өөрөө хий. Чадахгүй бол бусдаар хийлгэ” гэж боддог юм.

-Японд очсоныхоо дараа эх орон руугаа буцъя гэж бодсон үе бий юу?

-Зөндөө. Ялангуяа бэртэл авчихаад тэгж бодож байсан. Японд очсон хоёр дахь жилдээ бэлтгэл хийж байгаад шагайгаа мулталчихсан. Миний шагай нүдэн дээр хийлж байгаа бөмбөлөг шиг хавдсан. Тэр үед бүх зүйл утгагүй болсон.

Тэгээд Монголд буцаж ирээд театртаа ажилладаг юм уу гэж хүртэл бодож суулаа. Гэхдээ би бэртэж очоод театртаа ажиллах уу гэж өөрөөсөө асуугаад цаашаа явахаар шийдсэн. Анхандаа балетыг орхи гэсэн буруу бодол намайг хөтөлж байсан.

Бэртлээ эдгээх гэж нэлээд үзсэн. Болдоггүй. Энэ байдалтай явсаар дөрвөн сар өнгөрлөө. Эхлээд шагай өвддөг байсан бол сүүлдээ бэртэлгүй хөлд хэт их ачаалал өгснөөс өвддег боллоо. Тэгээд түүний дараа нуруу өвдөөд эхэлсэн.

Тэр үед найзынхаа зөвлөснөөр сайн бариачаар эмчлүүлэхээр болсон. Тэр хүн л миний бодлыг орвонгоор нь эргүүлсэн. Надад "Чиний хүсэл чинь их байна. Түүнийг бага зэрэг дар” гэсэн, Очих болгонд л надад урам өгч, намайг тайвшруулж байсан. Энэ өнгөрүүлсэн хугацаа миний хувьд хамгийн хэцүү байсан даа.

-2005 оноос хойш хэдэн жилийн дараа Монголд ирж, өөрийгөө "цэнэглэж” авсан бэ?

-Гэмтсэнийхээ дараахан Монголд ирсэн. Удалгүй Америк явж тэндээ дөрвөн жил амьдарсан. Гадаадад олон жил болоод эх орондоо ирэх үнэхээр сайхан. Найзуудтайгаа уулзана, хүүхэд байхдаа тоглож байсан газруудаараа алхана.

Ер нь Монголд ирээд гадаад орчинтой танилцахдаа ихэвчлэн алхах дуртай. Сая ирээд "Хүүхдийн 100”-гийн урд талаас Дарь-Эхийн автобусанд суусан. Автобусны үнэ мэдэхгүйгээс болж тасалбар түгээгчид загнуулсан шүү.

Бас өнгөрсөн жил багшийнхаа тоглолтоор ирсэн юм байна. Тэгээд хэдхэн хоногийн өмнө ‘’Спартак"-т бүжиглэхээр ирсэн. Монголд ирээд ээждээ үнсүүлчихээд, өвөөгийнхөө бурхнаас адис авчихаад маргааш өглөө нь театртаа ирсэн дээ.

-Гадаадын урлагийн салбарт Монголын балетчдыг хэрхэн үнэлдэг юм бол?

-Монголчуудын үндэсний сул тал байдаг. Монгол хүн ганцаараа явахаар амжилт гаргадаг. Гэтэл олуулаа болохоор юм хийж чаддаггүй. Гэхдээ нэг үөийг бодоход театрын байдал тэс өөр болсон шиг санагдлаа.

Бүжгийн зааланд ороход бүжигчдийн нүд гэрэлтэж байна. Сайхан мэдрэмж, сайхан уур амьсгал. Дээрээс нь театрын бүжигчдийн олонхи нь залуужжээ. Тэд ядрахаа мэдэхгүй, урлагт дурласан байна.

Одоо гадаадад Монголынхоо нэрийн өмнөөс бүжиглэж байгаа бүжигчид нэгдэж багш нартайгаа хамтраад даацтай зүйл хийвэл илүү хэрэгтэй байна. Ер нь гадаадад Монголын нэрийг гаргаж яваа нэлээд хэдэн бүжигчин бий шүү.

-‘‘Спартак”-т бүжиглэснийхээ дараа шууд Япон руу буцах уу?

-Тоглолтын дараагийн өдөр нь явна. Би Японд бүжгийн сургуультай, Манай сургуулийн тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 26-нд болно. Тэрний бэлтгэл намайг хүлээж байгаа. Бас арванхоёрдугаар сард гурван тоглолтод бүжиглэнэ. Ингээд он дуустал бараг завгүй шахам ажиллана.

-Таны Японд үүсгэн байгуулсан сургуульд ямар насны хүмүүс ихэвчлэн суралцдаг вэ?

-Ихэнх нь хүүхдүүд. Насанд хүрэгчид хүссэн цагтаа ирж дасгал хийдэг юм.

-Японд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг уу?

-Тийм. Манай эхнэрийг Ябүта Саяака гэдэг бүжигчин мэргэжилтэй. Бид нэг хүүтэй. Эхнэр маань УДБЭТ-т ирж хоёр жил гаруй бүжиглэсэн. Хүүхдээ төрүүлснээс хойш хааяахан бүжиглэчихээд ихэвчлэн багшилж байна. Ер нь бид хоёрын гол ажил сургууль маань болчихоод байгаа юм.

-Хүүдээ монгол нэр өгсөн үү?

-Би хүүдээ Тэнгис гэдэг нэр өгсөн. Номхон далайн эрэгт төрсөн болохоор ийм нэр өсгөн.

-Бүжигчин болох мөрөөдлөө хүүгээрээ дамжуулан биелүүлсэн ээж тань ямар мэргэжилтэй хүн бэ?

-Манай аав, ээж хоёр зураач. Ээжийг маань Ариунгэрэл гэдэг. Аав Аргайсүх гэж хүн байсан. Намайг бага байхад бурхан болсон. Ер нь И.Рөпиний академи төгссөн хүн. Ээж маань чөлөөт уран бүтээлч. Мөн манай сургуулийн тоглолтын хувцасны загвар зохион бүтээгчээр ажилладаг.

Би нэг дүүтэй, уран нугараач. Саяхан ээж болсон. Ер нь манай ээжийн талд урлагийн талын хүн олон бий. Манай өвөө Нямаа гэж дипломатч хүн байсан. Лаост Элчин сайдаар сууж байгаад сүүлд нь МУИС-аас тэтгэвэрт гарсан даа.

-Бүжигчнийхээ карьерийг өндөрлөөд Монголд ирж багшлах уу?

-Би ойрын жилд Монголдоо өөрийн сургуулийн салбарыг нээх зорилготой байгаа. Тэгэхээр Япон, Монголын хооронд явах байх. Энэ дашрамд багш, сурагчдын солилцоо зохион байгуулж хүмүүсээ танилцуулмаар байна.

Ингээд бодохоор хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй юм даа. Гэхдээ яг одоо миний толгойд “Спартак''-аас өөр зүйл бодогдохгүй байна аа, /инээв/

-Япон руу буцахдаа юу авч явъя гэж бодож байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд буцмааргүй л байна. Сэтгэл хоргодоод байх юм. Гэхдээ л явах ёстой. Явахдаа чацарганы жүүс авч явна. Бас хүүдээ зурагтай хэдэн ном, эхнэртээ Японд байхгүй зүйл аваад очно доо. Харин өөрийгөө их энергиэр цэнэглээд эрч хүчтэй ажилдаа орно доо.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: