Өнөөдөр хүн төрөлхтний түүхийн хуудаснаа "Ялалтын баяр" хэмээн тэмдэглэгдсэн өдөр.
1941 оны зургаадугаар сарын 22-нд Зөвлөлт Холбоот Улсад Гитлерийн Герман гэнэт цөмрөн халдсан нь Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнол хувь заяатай ч холбоотой байсан. Иймээс дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн тэр өдрөөс тухайн үеийн Монгол Улсын удирдлага Германы фашистууд халдан довтолсныг эрс эсэргүүцэж орос ах нартаа туслах уриалга гаргасан байдаг. Уг уриалгыг Монголын хөдөлмөрчид дэмжиж дайны эхний өдрөөс зөвлөлтийн ард түмэн, фронт дээр тулалдаж байсан улаан армийг санаа сэтгэлээр тууштай дэмжиж чадлынхаа хэрээр эд материалын тусламж үзүүлж байсан билээ.
Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг янз бүрийн хэлбэрээр өрнүүлж Улаанбаатар хот дахь аж үйлдвэрийн комбинат, цахилгаан комбинат зэрэг үйлдвэрийн хамт олон төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх амлалт авч хувиасаа хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг орон даяараа дэмжсэн байдаг. Аж үйлдвэрийн газрууд фронтын дайчдад дулаан хувцас, хүнсний хэрэгцээнд зориулсан тусгай захиалгын бүтээгдэхүүн голчлон үйлдвэрлэж, эмэгтэйчүүд өөрсдийн санаачилгаар нэхэх сүлжих дугуйлангууд байгуулж фронтынхонд хүзүүний ороолт, оймс, бээлий xийж илгээхийн сацуу цусаа өгч байсан нь хамгийн том бэлэг байсан гэдэг.
Зөвлөлт Холбоот Улсад цэргийн ба иргэний сургуулиудад суралцаж байсан Монгол оюутнууд, ажиллаж амьдарч байсан иргэд Москва, Ленинград болон өөрсдийн оршин сууж байсан хотууддаа янз бүрийн хэлбэрээр тусалсан байдаг юм.
Тэрхүү ариун үйлсэд гар бие оролцож сувилагчийн үүргийг гүйцэтгэж явсан ахмад буурлуудаас цөөхөн нь амьд сэрүүн байдаг. Тэдний нэг нь Дулмаа. Тэрбээр Монгол Улсад хамгийн анх хүүхдийн баяр буюу хүүхдийн байгууллагын эхийг тавьсан буурал билээ.
Хүмүүс үйлдвэр, аж ахуй, албан газраараа нэгдэн ийн аян өрнүүлж байхад хөдөөгийн малчид ч сайн дураар энэ үйлсэд оролцсон байдаг.
Тухайлбал, Булган аймгийн тавдугаар багийн дарга Ж. Бадарч хайнагийн шар найм, 12 морь, Бугат сумын хоёрдугаар багийн ард Донид гурван хурдан хүлэг, Цэцэрлэг хотын дунд сургуулийн ажилчин эмэгтэй Аюуш дөрвөн цэнгийн алтан бөгж, Дундговь аймгийн Дэрэн сумын ард Манал 14000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын малчин X.Базар 13000 төгрөг, 20 адуу, Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Бадам 5450 төгрөг, 1600 хонь, 94 адуу, зургаан тэмээ, Москвад суралцаж байсан Монгол оюутнууд стипендээсээ хуримтлуулж 23300 рублийг "Бэлэглэлийн фонд"-д нэмэрлэсэн байдаг юм.
1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны “Монгол ард” эскадриль, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"-г хүлээлгэн өгсөн нь улаан армид өгсөн хамгийн том бэлэг байсныг түүхэнд тэмдэглэжээ.
Тэрхүү "Хувьсгалт Монгол танкийн цуваа, “Монгол ард” эскадриль нь гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож Берлиний дэргэд дайн дуусах мөч хүртэл улаан армитай хамт байж чадсан байдаг.
Түүхийн тэрхүү дурсгалт зүйлсийн нэг болох танк өдгөө Зөвлөлтийн дайчдын хөшөө сүндэрлэн байдаг Зайсан толгойн бэл дэх мөнхийн зогсоолдоо зогсож байдаг юм.
Энэхүү дайнд 61 улс орон буюу дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцсон байдаг. Цэргийн албанд 115 сая хүн цэргийн албанд татагдсан агаад нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн ард иргэд байсан гэдэг. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэнд хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогдсон байна.
Эх сурвалж: " Нийгмийн толь"
С.Туул