sonin.mn

Монголын уран бүтээл­чид, ялангуяа киночид до­лоо хоноод л ээлжит ки­но­­ныхоо нээлтийг бүх л теле­виз­ээр зарлан тун­хаглаж, үзэгчдийг “За мар­гааш л энэ киног заавал үзье” гэтэл нь рекламдаж байгаад кино театр руу хо­шууруулж дөнгөж байна.

Ганцхан сарын дотор зур­гийг нь авч, хэдхэн шөнө суу­гаад дуу, дүрсээ нийлүүл­чихдэг шинэ цагийн Монгол киноны нэрсийг сонирхвол бас л уран бүтээлч сэтгэлгээ гэхээсээ илүүтэй мөнгө даллан дуудах сонирхол­той нь илт анзаарагдана.

Солонгосын саван­­­­­гийн дуурьт толгой нь эргэж гүйц­­сэн дунд сургуу­л­ийн хүүх­дүүд, оюутан нэртэй ч оюуны бяд суух яагаа ч үгүй, ядаж л зөв бичгийн дүрмийн наад захын мэдлэг­гүй залуусын сэтгэл­ийг ги­­жигдэх зорилготой­гоор “Зэрлэг цэцэг­сийн хү­лэмж”, “Таг­нуулч аав”, “Хөлт­рөг”, “Хүдэн”, “Анир­лагч”, “Зүр­хээр наадагч”, “Дав­хар цохилт”, “Миний ах атаман”, “Үргээлэг” “Сүүл­­чийн шөнө” гээд л үргэл­жилнэ.

Бидний бага нас “Туул” рестораны өмнөх “Хүүхдийн ба баримтат кино театр” “Элдэв-Очир”, “Ард” кино театруудад гардаг байсан “Нарны унага”, “Гарьд магнай” “Би чамд хайртай”, “Хүний амь”,“Хон Гиль Дон”, “ХХ зууны далайн дээрэмчид”, “Ярилцъя ах аа” зэрэг онц сонирхолтой кинонуудад хөглөгдөж өссөн болохоор хагас, бүтэн сайнд кино үзнэ гэдэг хамгийн аз жаргалтай дурсамж байдагсан.

Тэр үед “Монгол­кино” үйлдвэр жилдээ хоёр гурав­хан кино бүтээ­дэг бай­сан ч жинхэнэ утгаар хү­ний сэтгэлийг хөвсөл­зүүлж, самсаа шар­­хируулан, ухаа­рал хайр­ладаг чансаатай уран бүтээл хийдэг байж. Тиймдээ ч шинэ кино үзээд кино театраас уур савсуулан гарч байгаа үзэгчдийн царайд баяр хөөр тодорч, сэтгэл нь сэргэж, киноныхоо үйл явдалд хутгалдчихаад гарцгаадаг байв.

Бүх л телевиз­­ээр орой бүр реклам нь урин дуу­даж, үйл явдал нь нүдэнд харагдах шиг болоод байх­аар нь “Сүүлчийн шөнө” киног “Өргөө-2” кино театрт хэрэг зориг болгон очиж үзэв. Киноны найруулагч Төрийн соёрхолт Н.Наран­баатар уран бүтээлийн­­хээ талаар итгэл төгс тайлбар­лан ярихыг олон сонссон болохоор эхнэр, хүүхдээ шав­­дуулан байж кино эхлэхээс 30 минутын өмнө “Өргөө-2”-т очсоныг яана.

Би “Сүүлчийн шөнө” ки­ноноос урам зориг, шинэ сэт­гэлгээ, урлагийн сай­хан таашаал авахын тулд л тэгж яарсан хэрэг. Тан­химд барагцаагаар дунд сургуулийн 20-30 сурагч, оюутан залуус, миний үеийн насны тав зургаан хос суудлаа эзэлж кино эхэлсэн.

Хэдийгээр ойролцоо суусан хүүхдүүд шарсан төмс шаржигнуулж, утсаар ярих нь чихэнд чийртэй байсан ч тэр бүхнийг анзаараагүй царайлж бушуухан л киноныхоо үйл явдалд уусахыг хүссэн юм.

Монгол Улсын СГЗ Ш.Гүрбазарын зохиол ерөнхийдөө гурван үеийн төлөөл­лийн хайр сэтгэл, амьдралын дунд тохиолдох ээдрээ, өнгөрсөн амьдралын гэгээн дурсамж руу он цагийг эргүүлэн буцааж, урсаад өнгөрөх амьд­ралын утга учрыг өгүүлэхийг зорьж. Киноны эхнээс орчин цагийн монгол киноны нэгэн дүр төрх болсон хэтэрхий чамирхал, баян тансаг амьдралыг хүний сэтгэхүйн дээд үнэлэмж мэтээр үзүүлдэг дүрслэл шууд л эзэгнээд явчихаж байгаа юм.

Залуу үеийн төлөөлөл Амирлан охины 18 насны төрсөн өдрийн зураглалаас үзэгч­дийн сэтгэлд торж үлдэх дүрслэл, сэтгэлд нийцтэй халуун үг илэрхий дутагдаж байсан. Харин залуу жүжигчин О.Дөлгөөн энэ дүрийг үзэгчдийн сэтгэлд нэлээн ойртуулж, ялангуяа хайртай залуу Эрхэстэйгээ нууцаар хуримлаж байгаа хэсгийн сэтгэл дотроо агуулсан гуниг, хайртай залуугаа өрөвдөж хайрласан сэтгэлийг тун чадварлаг гаргасан нь л энэ киноны шигтгээ болжээ.

Амирлан буюу О.Дөлгөөний 18 нас­ны төрсөн өдрийн баярт урилгагүй хүрэлцэн ирж, түүний хойшдын амьдралыг таах аргагүй болгогч, Австралид сургууль төгссөн Билгүү­ний дүрийг жүжиг­чин Т.Билэгжаргал харин нэлээн өвөрмөц шийдэлтэй бүтээснийг хэлэх ёстой.

Ер нь энэ киног тааруухан найруулсан Н.Наран­баатар найруулагчаас илүүтэй чад­вар­лаг жүжигч­­­­дийн тоглолт л арай жаахан өргөс­нийг шулуухан хэлчихье. Насны нар нь хэл­бийсэн хойно бага насандаа хайрлаж явсан охинтойгоо санамсаргүй байдлаар учирсан эмч Цогнэмэхийн дүрийг бүтээсэн Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Амирлангийн аавын дүрийг бүтээсэн СТА Ц.Төмөрхуяг, Саянцэцэгийн дүрийг бүтээсэн МУГЖ Н.Батцэцэг, СТА С.Болд-Эрдэнэ нарын жүжиглэлт л үйл явлаас үйл явлын хооронд хоосон орон зай үүсгэж, утгын хэмнэлийг огцом ойлгомжгүй байдлаар шийдсэн, тун болхи найруул­гатай “Сүүлчийн шөнө”-д сүүмийх одод байсан гэд­гийг хэлэх ёстой.

Ер нь үргэлжлэх хугацаан­даа үзэгч­дийг огтхон ч уйдаах­гүй, үйл явдалдаа татан оролцуулж уйтгарлуулж, уйлуулж, догдлуулж, бас ухааруулж чаддаг сайн киноны алтан дүрэм нь үйл явдлын хоорондох утга, уянгын хэлхээс, дараагийн үйл явдалдаа үзэгчдийн сэтгэл, зүрхийг бэлтгэх найруулаг­ч­ийн торгон мэд­рэмж л байдаг. Тэгвэл “Сүүл­чийн шөнө” кино сайн кино­ны алтан дүрмээс гажиж хэтэрхий огцом, ойлгомжгүй үйл явдлуудын цуглуулга болжээ.

Түүнээс гадна хэзээ хойно ч сэтгэл дотор бадамлан асч байдаг утга уянга шингэсэн кино болгонд маш сайн туслах дүр байд­гийг Төрийн соёрхолт найруулагч маань ч бодолцсонгүй, киноны зохиолыг бичсэн СГЗ Ш.Гүр­базар ч тооцоолсон­гүй.

Жишээ нь 1980-аад оны дундуур төгсөх ан­гийн сурагч­дын сэтгэл зүрхийг ёстой л хуйлруулж, уяраан догдлуулж явсан “Би чамд хайртай” кинонд хажуу айлаасаа сонгино гуйж, хэдхэн мөчийн дараа бага зэрэг халамцуухан “Уучлаарай би давсыг нь мартчихаж” гээд гуйвас­хийн зогсож байдаг эрийн дүр байдаг. Чухамдаа “Би чамд хайртай” киног эргэн дурсах болгонд Монгол киноны туслах дүрийн нэрт мастеруудын нэг Г.Цэгмид гуайн бүтээсэн буузныхаа давсыг мартдаг будилуу эрийн дүр өөрийн эрхгүй бодогдож инээд хүрдэг билээ.

Тэгвэл “Сүүлчийн шөнө” кинонд ийм л туслах дүр үгүйлэгдэж дүр, үйл явдлын хоорондох утгын нандин хэлхээс алдагджээ. Уран сайхны кино­ны гол зарчим нь үзэгдэх байдал, үйл хөдлөл, өрнөл, туйл, хөгжим, авиа, гээд хэлж, дүрсэлж, дуулгаж болох бүхнээр үзэгчдийн сэтгэлийг догдлуулахад л оршдог. Харин хэтэрхий драмчилж, тайзны урлаг­ийн үг хэллэгээр бүхнийг илэр­хийлэх гэж оролдвол хий хоосон уран цэцэрхэл давамгайлж, хожим хүн­ий сэтгэлд үлдэх дүр, дүрслэл муутай болдгийг бодолцох учиртай.

“Сүүл­чийн шөнө” кино зохиолч, найруулагч­дынхаа шийдлээр гурван үеийн, гурван өөр хосын хайр сэтгэл яван явсаар нэг танхимд нэг цаг мөчид дуусч байгаа ч хамгийн гол нь оршил, өрнөл, туйлын утгын хэлхээс алдагдаж, зүгээр л үзэгчдийн сэтгэлийг үе үехэн хөвсөлзүүлээд өнгөрөх илэрхий өнгөц, барьцгүй дүрслэл­үүд үргэлжил­сээр байгаад дуусч байна.

Аргагүй л драмын найруулагч­ийн шийдэл учир “Цаг хугацаа биднийг усны давалгаа мэт элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу” гэсэн жүжгийн гэмээр хэллэгээр Н.Наранбаатар найруулагчийн “Сүүлчийн шөнө” уран сайхны кино төгсдөг. Харин энэ кино­ны хөгжим, дуу авиа боломж­ийн санагдсан.

Товчхондоо “Сүүлчийн шөнө” киног драмын найруулагч найруул­сан нь уран сайхны кино, тайзны урлаг хоёрын үйл явдлын өрнөл, утгын тайлал дундах жижигхэн гэж үл тоомсорлож болохгүй хэлхээ холбоог алдагдуул­­снаас сэт­гэлд төдийлөн үлдэцгүй дүр, дүрслэлийн бөөгнөрөл болжээ.

Хэдийгээр бибээр мэргэж­лийн хүн биш ч сүүлийн үед долоо хоног бүр нээлтээ хийж байгаа ганц сарын настай уран сайхны нэртэй уран сайхангүй кинонуудад үнэлэлт, дүгнэлт өгдөг хүнгүй шахам болсонд сэтгэлээ чилээн үүнийг тэрлэв. Үг хэдий хатуу ч үнэн тусмаа үйл хэрэгт тустайг бодолцов. Авахыг нь аваад хаяхыг нь хаясугай хэмээжүхэй.

Д.Түвшин

Эх сурвалж: