sonin.mn

Гандантэгчэнлин хийдийн хашаанд байрлах тагтаанд будаа өгч болохгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас хориглох захирамж гаргажээ. Чухам ямар учраас тагтааг хооллож болохгүйг сурвалжилахаар Гандантэгчэнлин хийдийг зорилоо.

Биднийг очиход "Сэрэмжлүүлэг. Анхаараарай анхаараарай. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гандантэгчэнлин хийд, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс сэрэмжлүүлж байна. Гандантэгчинлэн хийдэд тагтаа шувуу хэт олон болсонтой холбогдуулан, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тагтаа шувууг хооллохгүй байхыг ард иргэд, сүсэгтэн олонд анхааруулж байна" гэж чанга яригчаар мэдээлж байв.

Харин “Будаа аваарай, будаа аваарай. Наад цагаан хоолойгоор чинь худлаа мэдээлэл яваа шүү. Өлссөн амьтныг хооллоход буян ирдэг юм. Том ууттайг нь 500 төгрөгөөр авчих” гэсэн хэд хэдэн хүнтэй таарсан юм.

Нээрээ ч иргэд хийдийг зорьж зам мөр, заяа буянаа тэгшлүүлээд буцахдаа тагтааг будаагаар хооллоод гардаг уламжлал тоггсон гэхэд хилсдэхгүй.

С.Отгонцэцэг: Хийдийн дээвэр сангасаар дүүрч үхсэн тагтаа их гарсан

Чухам юуны учир тагтааг хооллохгүй байх сэрэмжлүүлгийг гаргасан талаар “Таны буянд даган баясъя” ТББ-ын дэд тэргүүн С.Отгонцэцэггэй ярилцлаа.

-Хийдийн хашаанд байдаг тагтаанд будаа өгч болохгүй гэх сэрэмжлүүлэг гарчихсан байна. Энэ ямар учиртай вэ?

-Тагтаа шувуунд байдаг 60 гаруй төрлийн нян вирус, бактер нь дархлаа суларсан хүүхэд, өндөр настан болон бусад хүнд ч амьсгалын зам, гэдэсний халдварт болон арьсны харшилт өвчин халдварлуулах өндөр эрсдэлтэй гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үзсэн байдаг.

Гадаадын улс оронд тагтааг хооллохыг хориглож, хооллосон иргэнийг торгох арга хэмжээ авдаг юм билээ. Гэтэл Монгол Улсын соёлын өв болсон Гандантэгчэнлин хийдийн хашаанд тагтаа хооллож, будаа зарж байгаа нь буруу. Яагаад гэвэл тагтаанаас олон төрлийн өвчин халдварлаж байдаг. Тиймээс өнгөрсөн сарын 25-наас тагтааг хооллохгүй байх захирамж гаргасан.

Ингэхдээ бид Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох албаны хүмүүсийг цуглуулж хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр хийдийн хашаанаас тагтаануудыг явуулах хэрэгтэй гэж үзсэн

-Хүмүүс буян үйлдэх гэж тагтааг хооллодог. Гэтэл хүний эрүүл мэнд болон соёлын өвийг сүйтгэж байна гээд хиидийн хашаанаас явуулах хэрэгтэй гэлээ. Жигүүртэн амьтан болохоор нисээд хүрээд ирнэ. Чухам ямар аргаар яаж явуулах гэж байгаа вэ?

-Зохиомлоор үржсэн тагтаан сүрэг нь нийгмийн эрүүл мэнд болон нийтийн үнэт зүйлсэд заналхийлэл учруулж байгаа энэ асуудалд Засгийн газар ч анхаарах цаг болсон. Сүсэгтэн түмэн тагтааг хооллохгүй байвал байгалийнхаа жамаар нисээд явчихна.

Сүүлийн хэдэн жил тагтааны тоо огцом өслөө. Хамгийн гол нь нэг газар тагтааг үржүүлээд байгаа нь асуудал болж байна.

Тэгээд ч, жигүүртэн амьтан байгалийнхаа жамаар идэш хоолоо олоод идчихнэ. Нэг үгээр хэлэхэд нэг газар тагтааг зохиомлоор байрлуулах нь өсөлтийн гажигтай, муу цустай, халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлж байна.

-Сүүлийн хэдэн жил тагтааны тоо огцом өссөн гэлээ. Жилд хэдэн өндөг ямар хугацаанд гаргадаг юм бэ?

-Долоон сартайгаас үржих чадвартай, үржилд орсноос 8-12 хоногийн дараа гурав хүртэл өндөг гарч, 18 хоногийн дараа ангаахай гаргаад, 25-30 хоногийн дараа үүрээ орхин ниснэ.

Эхний ангаахай үүрээ орхин нисэхээс өмнө эх нь дахин өндөглөнө. Жилийн турш үржих чадвартай, идэш тэжээл хангалттай үед зургаан удаа ч үрждэг. Тэжээвэр тагтаа 15 жил насалдаг.

-Тагтаа хооллож болохгүй гэсэн сэрэмжлүүлэг гарчихсан байгаа. Тэгэхээр будаа зарж хоногийн хоолоо олж иддэг иргэд яах вэ. Нийт хэчнээн хүн будаа зарж байна. Эдгээрийн амьдралыг бодолцож үзсэн үү?

-Сэрэмжлүүлэг гаргаад хагас сар болж байна. Гэтэл будаа зардаг хүмүүс өнөөдрийг хүртэл үүнийг үл тоосоор байгаа. Нийт 78 хүн будаа зардаг. Тэднийг цуглуулаад уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “Тагтаа тэжээх нь иргэдийн эрүүл мэндэд хортой. Тиймээс будаа зарж болохгүй” гэсэн захирамж гарсан гэдгийг танилцуулсан.

Тэгээд Хөдөлмөрийн яаманд хандаж, ажилд зуучилж өгөх санал тавьсан. Хоёр гурван хүүхэдтэй, хүүхэд харах хүнгүй учраас ажил хийж чадахгүй гэх тайлбар тавьж байна лээ. Будаа зардаг иргэдийн ихэнх нь архи уудаг. Бага насны хүүхдээр будаа заруулдаг.

Ингэхээр хүүхдийн эрхийг ч давхар зөрчиж байгаа. Үсчин болон өөр сургалтад хамруулъя гэсэн ч хүлээж аваагүй. Олсон хэдэн төгрөгөөрөө архи уугаад Гандантэпнэнлин хийдээр үйлчлүүлж байгаа иргэдийг будаа авахгүй гэхээр бүгдээрээ нийлээд дарамталж, зодсон тохиолдол ч гарсан.

-Тагтаа амьдарч байгаа орчноо их бохирдуулдаг. Өд, сөд, сангас их гаргадаг гэсэн. Цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг уу?

-Олноор өсч үржсэн тагтаа нь хархны дараа орох гамшиг гэдэг. Гадны улс оронд зохиомлоор өсгөхгүй байх, зохистой төвшинд тоо толгойг нь барих тушаал шийдвэр байдаг.

Сүүлийн үед иргэд тагтааг их хооллож байгаагаас тоо толгой нь хэвийн хэмжээнээс хэтэрч, өд сангас нь орчныг бохирдуулах, тоосонцор үүсгэж ханиад томуу дэгдээх үндэс болж байна. Улсын хамгаалалтад байдаг, соёлын өв болсон Жанрайсаг бурхны өнгө үзэмжийг гутааж байна. Энэ сарын ихээр Гандантэгчэнлин хийдэд их цэвэрлэгээ хийлээ.

Гэтэл зарим хийдийн дээвэр сангасаар дүүрээд үхсэн тагтаа их гарч ирсэн. Тагтааны сангас хүчиллэг ихтэй учраас орчны эрүүл ахуй, эд зүйлсийн эдэлгээ, өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг. Хийдийн дээвэрт байрладаг болохоор элэгдэл их үүссэн байгаа.

С.Даваапүрэв: Зохиомлоор үржиж байгаа тагтаануудаас болоод соёлын их өв сүйдэх аюулд орж байна

Хүнээс айж цочихоо больсон тагтаанууд нэг дор бөөгнөрөн хажуугаар нь өнгөрөх хүмүүсийн далавчаараа шавхрах юм. Сүсэгтэн олон буян бодож будаа өгөх нь цөөрснөөс тагтаанууд өлсч эхэлсэн нь ажиглагдаж байлаа.

Олноор үржиж, хийдийн өнгө үзэмжийг гутааж эхэлсэн тагтаанаас гадна, будаа зарж хоолоо олдог ч иргэдийн орлого багасч нэлээд уцаартай байгаа аж. Тагтаа хооллохгүй байх сэрэмжлүүлэг гарснаар будаа зардаг иргэдийн тоо багасахгүй байгаа гэнэ.

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны ажилтан С.Даваапүрэвээс тодруулсан юм. Тэрбээр “Гандантэгчэнлин хийд олон мянган жилийн түүхтэй. Соёлын өв ихтэй. Улсын тусгай хамгаалалттай газар. Зохиомлоор үржиж байгаа тагтаануудаас болоод соёлын их өв сүйдэх аюулд орж байна. Тагтаа байгаа орчноо болон эрүүл мэндэд хор учруулдаг. Тагтаанаас гардаг сангас нь фосфорит хүчиллэг ихтэй.

Тэр нь ямар ч зүйлийг цоолж, элэгдэлд оруулдаг. Сүм хийдийн дээвэр, туурга болон багана, нурууны хэвийн байдлыг алдагдуулж, барилгын насжилтыг багасгаж байна. Тиймээс тагтаануудыг Гандантэгчэнлин хийдийн хашаанаас явуулах шаардлагатай.

Аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг манай оронд гадны жуулчид ирэхэд Гандантэгчэнлин хийдийн хашаагаар дүүрэн тагтаа байхаар эрүүл ахуй ариун цэвэр талаасаа ямар харагдах бол. Энэ байдалд Засгийн газар, Соёлын яам, нийслэлийн Засаг дарга анхаарал хандуулах хэрэгтэй. Бид холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн. Мөн будаа зардаг 78 хүнтэй уулзсан.

Нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн төвд хандан халамжид хамруулах, үнэ төлбөргүй сургалтад суулган мэргэжил эзэмшүүлэх, ажил олж өгөх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Зарим настайчуул нь нөхцөл байдлыг ойлгоод будаа зарахгүй байна. Гэтэл архи дарс хэрэглэдэг хүмүүс хэл ам хийж өнөөдрийг хүртэл зарж байгаа. Бид учирлахаар хүний эрхийн асуудал гэдэг” гэв.

Будаа зардаг биднийг тоож ажилд авах биш

Гадаа гандаж, гартаа ууттай будаа сарвайх хүүхэд, хөгшдийн ард томчууд байх нь элбэг. Будааг захаас худалдан авч, гялгар уутанд савлаад хүүхдээрээ заруулж, мөнгийг нь хураадаг бололтой. Тэд өдөртөө таван кг будаа захаас худалдан аваад жижиг уутанд хэсэглэн савлаж, 7000-8000, заримдаа 20000 төгрөгийн ашиг олдог аж. Энэ мөнгөөрөө гурил, будаа, мах гээд тухайн өдрийнхөө хэрэгцээг хангаж дөнгөдөг гэх.

Өөрөөр хэлбэл, амьтан хооллон буян үйлдлээ гэх иргэдийн сэтгэл зүй дээр дөрөөлөн хөгшид, хүүхдийнхээ будаа зарсан мөнгийг идээд зүгээр сууж байдаг нөхдийн бизнес ийнхүү хумигдахаар болж байна. Хийж сурсан ажлыг нь хийлгэхгүй байх нь тухайн хүмүүст хүндрэлтэй нь тодорхой.

Гэхдээ ажлын байраар хангаж өгье гэхэйр үл тоож байгаа нь араасаа асуулт дагуулж байгаа юм. Сэрэмжлүүлэг гарчихсан байхад ямар учраас будаа зарж байгааг Н.Батаас тодруулсан юм.

-Будаа зарж болохгүй гэсэн сэрэмжлүүлэг гарчихсан байхад яагаад зарсаар байна вэ. Хэдэн жил будаа зарж байна?

-Би 25 жил будаа зарж байна. Будаа зарж гэр бүлээ тэжээдэг. Миний ард дөрвөн хүн байгаа. Гэтэл гэнэт будаа зарж болохгүй гэсэн захирамж гарсан гээд бидэнтэй уулзсан. Тэгээд ажлын байраар хангаж өгөх юм гэсэн.

Биднийг ямар албан байгууллага тоож ажилд авах юм. Тэгээд ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Ард түмний амьдрал туйлдаж, хоногийн хоолоо авч идэж чадахгүйд хүрч байна. Төсвийн цалинг хараад амьдарч чадахгүй.

-Сэрэмжлүүлэг гарснаас хойш будаа хэр зарагдаж байна?

-Ойрд тааруухан байна. Хоногийн хоолоо ч авч чадахаа больсон.

-Тагтаа өвчин үүсгэж орчин бохирдуулдаг гэдгийг мэдэх үү?

-Харин цагаан хоолойгоор өвчин үүсгэдэг гэж байна. Тагтааг хооллохоор буян арвиждаг шүү дээ. Тиймээс өвчин үүсгэдэг гэхэд би итгэхгүй байна.

-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ?

-Янз бүр л байдаг юм. Хүн ихтэй үед 30-40 мянган төгрөг олчихдог байсан. Одоо 10 мянгыг ч олохгүй байна.Тэгэхэдмах кг нь 8000 төгрөг болчихсон байна. “Бид бусдад гай болдоггүй, мөрөөрөө л будаагаа зараад амьдарч байна шүү дээ" гэсээр таягаа тулсан ах будаагаа барьсаар цааш явсан юм.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: