sonin.mn

Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксенбургийн засгийн газар НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд Орхон аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төв 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Залуучуудын хөгжлийн төслийн менежер, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн ажилтан З.Уянга, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны залуучуудын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооныз охицуулагч Б.Баярбаатар, Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мягмарсүрэн, Засаг даргын орлогч Б.Энхбат, засаг даргын дамгын газрын дарга В.Сумъяасүх, ХГБХХ-н дарга Т.Хонгорзул болон бусад хэлтэс агентлагуудын дарга нар оролцлоо.

Залуучуудын хөгжлийн төв нь Сургалтын танхим, Олон зорилтот танхим, Зөвлөгөө өгөх өрөө гэсэн 3 өрөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж Орхон аймгийн 15-35 насны нийт өсвөр үе залуучуудад зориулсан амьдрах ухаан, нөхөн үржихүй, эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлт, зан үйл, харилцааны чиглэлүүдээр сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, өсвөр үе залуучуудын оролцоог дэмжих тэдний хүсэл сонирхол хэрэгцээг хангах төрөл бүрийн сургалт зохион байгуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх интернет танхим, номын булан гэх мэт олон төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

Орхон аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс