sonin.mn

СӨҮЛ. /ВВС/. Олон хүний аминд хүрсэн хөлөг онгоцны осол болсноос хойш яг зургаан сар болж байгаатай холбоотойгоор пүрэв гарагт Өмнөд Солонгос хөлөг онгоцны болзошгүй ослын үед явуулах аврах ажиллагааны томоохон сургуулилт хийлээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “Севол” хөлөг онгоц тус улсын өмнөд эрэгт живсний улмаас 294 хүн амь эрсэдсэн юм. Хохирогчдын олонх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Сураггүй байгаа 10 хүнийг эрэх ажиллагаа өнөө хэр нь үргэлжилсээр байна.

Сургуулилтад 1000 орчим хүн, тэдний дотор цэргийн албан хаагчид, гал сөнөөгчид оролцжээ.

Сөүлийн төвд байдаг Хан мөрөнд явж байсан хөлөг онгоцон дээр гарсан галыг унтрааж, зорчигчдыг аврах зохиомжид тулгуурлан аврах сургуулилт явуулсан байна.

“Севол”-ын ослоос авсан сургамждаа тулгуурлан анхан шатны аврах ажиллагааг шуурхай явуулахад энэ удаагийн аврах сургуулилтын үеэр голлон анхаарчээ.

Аврагчид нисдэг тэрэгнээс хөлөг онгоц руу бууж, зорчигчид болон иргэдэд зугтахад нь тусалсан байна. Мөн ойролцоох аврах завинуудад иргэдийг суулгахаасаа өмнө аврах хантааз хэрхэн өмсүүлэхийг энэ сургуулилтаар харуулжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: