sonin.mn

ЖЕНЕВ./RIA Novosti/. Эмнэлгийн 427 ажилтан “Эбола” вирусийн халдвар авснаас 236 нь нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төлөөлөгч Изабель Нутталл мэдэгджээ.

“Хамгийн сүүлийн мэдээллээр, эмнэлгийн 427 ажилтан “Эбола” вирусийн халдвар авснаас 236 нь нас барлаа. Халдварын тохиолдол дөрвөн долоо хоног тутамд хоёр дахин нэмэгдэж буйг бидний мэдээлэл харуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад байдал харьцангуй хүнд хэвээр байгааг Нутталл тэмдэглэжээ.

“Өнөөдрийн байдлаар “Эбола”-гийн халдвар тархсан орнуудын хөрш улсуудад уг вирусийн халдварын тохиолдлын тухай баттай мэдээлэл бидэнд байхгүй байна. Гэхдээ бид вирусийн халдвар тархахад бэлэн байх ёстой” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Түүний хэлснээр, “Эбола”-гийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч чадах эсэхийг магадлан шалгах зорилгоор ДЭМБ халдварын голомттой хиллэдэг улс орнуудтай хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Кот д'Ивуар, Гвиней-Бисау, Мали, Сенегал, Бенин, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гамби, Гана, Мавритан, Нигери, Өмнөд Судан, Того болон Буркина-Фасо улстай хамтран ажиллаж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: