sonin.mn

НҮБ. /Xinhua/. Баруун Африкт “Эбола” вирус тархаж эхэлснээс хойш Гвиней, Либери болон Сьерра-Леонд 3700 хүүхэд энэ вирусийн улмаас эцэг эхийнхээ аль нэгийг, эсвэл хоёуланг нь алдаад байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) мэдэгдлээ.

“Эцэг, эх болон гэр бүлийхнээ “Эбола”-гаар алдсан хэдэн мянган хүүхэд амьдарч байна” гэж Хүүхдийн сангийн Баруун болон Төв Африк хариуцсан бүс нутгийн захирал Мануэл Фонтэйин хэлэв. Энэ он гарснаас хойш 3000 гаруй хүн амиа алдсан Баруун Африкийн “Эбола”-гийн хямралд хамгийн ихээр өртсөн Гвиней, Либери болон Сьерра-Леонд хоёр долоо хоног ажиллаж ирснийхээ дараахан тэрбээр ингэж хэлсэн юм.

Тус бүс нутаг даяар “Эбола”-гийн тархалтад өртсөн хүүхдүүд, айл өрхүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд 200 сая доллар хэрэгтэй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв. Одоогоор, шаардлагатай байгаа мөнгөний ердөө 25 хувийг Хүүхдийн сан хүлээн аваад байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг