sonin.mn

“Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан билээ.

Энэ жил ахмадын эрүүл мэндийг дэмжих сарыг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрд зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, сарын аяны хүрээнд эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудаа сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Ахмадын хороо, “Буурлын чагнуур” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Дээрх байгууллагууд хамтран “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчний улмаас бусдын асрамжид байгаа настнуудад эмнэлгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх, эрүүл насжилтыг дэмжсэн үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.